“Олон санаат оргож босохгүй” гэж манай ардын айхтар үг бий. Гэр хорооллыг дахин төлөвлөж, нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах зорилготой томоохон бүтээн байгуулалтын ажил зарим нэг олон санаатнаас болоод удаашрах вий гэх болгоомжлол төрөв. Учир юу гэвээс хоёр, гуравхан жилийн өмнө хорин сая хүргээд зарчих юмсан гэдэг байсан газраа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ачаар 140 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцаар тулах гэрээ хийчихээд, одоо болохоор түүнээсээ буцан, олон нийтийн ажлыг хойш чангааж буй иргэд мэр сэр байгааг өчигдөр сурвалжлагаар явахдаа нүдээрээ үзлээ. 2013 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд өнгөрсөн жил 582 айлын орон сууц ашиглалтад орж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 300 гаруй өрх байртай болсон билээ. Энэ онд харин хамгийн багаар бодоход 2000 айлын орон сууцыг ашиглалтад өгөх гэнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлын 1547 га газарт нийтдээ 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлж байгаа учраас үүнээс ч хавьгүй олон гэр бүл 2015 онд орон байраар хангагдахыг үгүйсгэхгүй.
Хамгийн гол нь хаана хаанаа ойлголцоод, харилцан биендээ итгэж чадвал шүү дээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан холбогдох албаны удирдлагууд өчигдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай танилцлаа. Баянзүрх дүүргийн XIII, XVI хороонд нийтдээ 1000 гаруй айлын орон сууц ашиглалтад оруулахаар саяхан гэрээгээ хийсэн “Зургаан талт” ХХК-ийн ажил тун ахицтай яваа аж. Нийтдээ 30 айлын газар чөлөөлж, иргэдийг нь өөрсдийнхөө барьсан ойролцоох орон сууцандаа амьдруулж буй тэд дөрөвдүгээр сарын 1-нээс барилгын ажлаа эхлүүлсэн гэхэд одоо гурван блокийнхоо гурвуулангийнх нь 1-2 давхрыг өрчихөөд байгаа юм билээ. Энэ оны эцэс гэхэд бүх орон сууцаа ашиглалтад оруулна гэж тэдний ерөнхий инженер хэлсэн. Гагцхүү цэвэр усны болон дулааны шугам сүлжээнд хэрхэн холбох зэрэг инженерийн ажил жаахан хүлээгдэж буйг учирлав. Энэ асуудлыг нь яаралтай шийдэж өгөхийг ИТХ-ын дарга дагалдан яваа хүмүүстээ үүрэг болгов.
Харин тус дүүргийн мөн хороонд хоёр хэсэгт төсөл хэрэгжүүлэгчээр оролцож буй “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн 2616 айлын орон сууцны барилгын ажил 50- иад иргэнээс болоод нэг газрынхаа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж чадахгүй байгаа аж. Биднийг очиход иргэд болоод компанийнхан тэс хөндлөн юм яриад, хоёр тийшээ “харчихсан” сууж байв. Нөхөрлөл хүртэл байгуулчихсан “тэмцэж” буй иргэдийн төлөөлөл “Бид “Цагаан хуаран консалтинг” компанийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэд гэрээгээр заасан хугацаандаа бидний байрыг ашиглалтад оруулаагүй. Тэгээд ч газрыг маань маш хямд үнэлсэн. Тэр үнэлгээгээр нь бодвол нэг айл дунджаар 30 ам метр байранд л орох юм билээ” гэх. Харин тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганзориг “Эдгээр иргэн анх гэрээ хийсэн үнээ одоо хоёр дахин нэмнэ гээд байгаа юм. Үгүй бол мөнгөө авна гэсэн. Уг нь иргэдтэй тохиролцож чадвал хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө хурдан батлуулаад, “Сүнжин гранд” зочид буудлын ар дахь байраа ашиглалтад оруулмаар байна.
Өмнөх 536 айлын орон сууцаа бид гэрээний дагуу богино хугацаанд барьсан. Одоо энэ барилга дээр л гацаад байна. Гэтэл энэ тойргоос сонгогдсон М.Батзандан гишүүн тэргүүтэй хүмүүс дээрх иргэдийг өдөөн хатгасаар байна” хэмээв. Гээндээ ч, гоондоо ч байгаа биз. Гэхдээ л иргэд өөрсдөө орон сууцанд амьдармаар байна гэж санал өгчихөөд, өөрсдийн гараар гэрээ хийчихээд, эцэст нь нөгөөхөө хүлээн зөвшөөрөхгүй гэж гэдийчихээд, “Бидний байрыг барьж өгөхгүй байна” гэх нь зүйд нийцэх болов уу. Юутай ч Д.Баттулга дарга өнөөдөр аль аль талыг нь дахиж дуудаад, тусгайлан уулзаж, асуудлыг нэг тийш даруй шийднэ гэдгээ амлалаа. ХӨСҮТ-ийн ард “Моннис урбан девелопмент” ХХК нийтдээ 110 айлын газар чөлөөлж, 5.5 га газарт 500 гаруй айлын орон сууц барьж эхэлсэн боловч одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Учир нь тэднийх Хятадаас хөрөнгө оруулалт татсан бөгөөд нөгөөдүүл нь “Манайхаас хөрөнгө оруулалт авсныхаа хариуд барилга дээрээ хятад ажилчдыг ажиллуул” гэдэг шантаажинд оржээ.
Харин Хөдөлмөрийн яамнаас гадаадаас оруулж ирэх ажиллах хүчийг цөөлөх бодлого баримталж буй учраас эндхийн ажил удаашрахад хүрсэн гэнэ. Үүнээс болоод зарим айлынхаа түрээсийн мөнгийг өгөхгүй байгаад нь үндэсний томоохон аж ахуйн нэгж “Моннис”-т иргэд жаахан бухимдангуй байгаа гэсэн. Тиймээс гадаадаас ажиллах хүч авах тал дээр нь нийслэлийн удирдлагууд Хөдөлмөрийн яамтай хэлэлцэж, ажлын явцыг түргэтгэнэ гэв. Энэ мэтээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ямар ч байсан зогсолтгүй урагшилж байна. Эсгий хотоо орчин үеийн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн Улаанбаатар болгохын тулд 30 гаруй аж ахуйн нэгж өөрийнхөө хөрөнгөөр дэнчин тавиад, өөрсдөө эрсдэлээ үүрээд зүтгэж байна. Гэтэл зарим иргэн дэндүү хар амиа бодож, шуналын сэтгэлдээ хөтлөгдөн бусдыгаа хөлдөө чирээд байж таарах уу.
“Манай газар дээр барилга барьсан юм чинь та нар одоо надад гурван өрөө байр гурвыг, хоёр өрөөтэйгөөс нь хоёрыг, нэг өрөөтэй нэг орон сууц өг” гэж төсөл хэрэгжүүлэгч компанийг шахаанд оруулсан нөхөр хүртэл бий гэнэ. Ойр хавийнх нь айл бүгд газраа чөлөөлөөд нүүчихсэн байхад ганцаараа намаг шалбаагтай буурин дээрээ үлдчихээд гурван тэрбумыг нэхсээр буй айл хүртэл байв. Гэвч биднийг очиход гэрийн эзэд байсангүй. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх гэж даналзан, хөдөөнөөс ирэнгүүтээ дуртай газраа хашаа хатгаж суучихаад, одоо түүнийгээ хэдээр зарах гээд байгаа арилсан дотортой амьтад вэ. Азаар иймэрхүү нөхөд тийм ч олон биш гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэлсэн. Дахин төлөвлөлтийн энэхүү бүтээн байгуулалт хоосон зүүд мөрөөдөл бус, бодит үр дүнгээ өгөөд эхэлчихсэн, алс хэтээ бодсон зорилтот ажил гэдгийг дээрхээс хэд дахин олон хүн ойлгож байгаа нь сайн хэрэг билээ.
Л.ГАНЧИМЭГ