Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 130 га газарт барьж буй Авто худалдааны цогцолборын ажлыг урагшлуулахаар нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн гуравдугаар сард газрын дуудлага худалдаа зохион байгуулсан. Үүнээс олсон орлого болох гурван тэрбум төгрөгийг цогцолборын бүтээн байгуулалтад зарцуулахаар шийдсэн.
Төлөвлөгөө ёсоор өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд цогцолборыг ашиглалтад оруулж, хотын төвийн ил задгай талбай дахь автомашин борлуулах цэгүүдийг ийш нүүлгэх байсан юм. Гэтэл хөрөнгө төсөв муутайн улмаас энэ ажил хойшилсоор өдий хүрчээ. Өнгөрсөн долоо хоногоос гүйцэтгэгч компаниуд ажилдаа орж, зогсоолын зам, барилга, усны хоолой, үерийн далан сувгийг үргэлжлүүлэн барьж эхэлсэн байна.
“Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гүйцэтгэгч компаниудтай ирэх зургадугаар сард багтаан эхний ээлжийг ашиглалтад оруулах гэрээ байгуулжээ. Хотын удирдлагууд ч энэ ажлыг эрчимжүүлэхийг шаардаж буй гэнэ.
Уг цогцолборын эхний хэсэг нь 20.4 га талбайг хамарсан, нийт 6369 машины дөрвөн зогсоолтойгоос гадна тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөний бүртгэл, авто оношилгоо, татвар, даатгал, автомашины улсын дугаарын үйлдвэр, банк санхүүгийн болон нотариатын үйлчилгээ явуулах барилгуудаас бүрдэх аж.
Ч.ЗУЛ