УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монголын эмэгтэйчүүдийн сангийн санаачилгаар 21 аймаг, есөн дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, орон нутгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагынхан цахим хурал хийлээ. Уг хурлаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд орон нутгийн эмэгтэйчүүдийн саналыг тусгах талаар ярилцав. УИХ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэхийг дэмжээд буй.
Сүүлийн гурван жилд 61 иргэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алджээ. Түүнчлэн хүчирхийлэгчийг хөнөөсөн 42 эмэгтэй ял эдэлж байгаа аж. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хууль хяналтын байгууллагад мэдэгддэг ч гэр бүлийн асуудал хэмээн хэрэгсэхгүй орхих хандлага давамгайлдаг байна. Тиймээс хохирогчийг хамгаалах зохицуулалтыг хуульд тодорхой тусгах шаардлагатай гэж цахим хуралд оролцогсод үзэж байв.
УИХ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлаад арван жилийг үджээ. Гэвч бусад холбогдох хуультай уялдуулаагүй учраас хэрэгжүүлдэггүй аж. Хууль хяналтын байгууллагад ажилладаг 400 хүнээс санал асуулга авахад 10 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэглэж үзсэн гэж хариулсан байна. Иймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Гэр бүлийн болон бусад хууль тогтоомжтой уялдуулах нь зүйтэй гэж үзэж байлаа.
Цахим хуралд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч, төрийн бус болон төр захиргааны байгууллагад ажилладаг 500 гаруй эмэгтэй оролцсон. Тэд энэ үеэр гэр бүлийн хүчирхийлэл орон нутгийн тулгамдсан асуудал болоод буйг дуулгаж байв. Мөн орон нутагт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг сануулсан.
Түүнчлэн УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлэг, Монголын эмэгтэйчүүдийн сан, 21 аймаг, есөн дүүргийн ИТХ-ын төлөөл өгч эмэгтэйч үүд, төрийн бус байгууллагынхан дуу хоолойгоо нэгтгэж ажиллах санамж бичиг байгуулсан юм.
Т.ЭНХБАТ