Амны хаалт зүүсэн эмэгтэй. Түүний дух, хүзүү, гар гээд ил харагдах эрхтэнүүд нь бүгд түлэнхийн сорвитой. “Яагаад ийм болчихсон юм бол” гэж сонирхох, өрөвдөх хоёрын хооронд хүмүүс түүнийг харж байлаа. Тэрбээр 1993 онд ДЦС-III-ын Зуухан цехийн хоолой дэлбэрэхэд галд өртөн ийм болжээ. Түүний биеийн 80 орчим хувь түлэгдэн, эмнэлэгт бүтэн нэг жил хэвтэн эмчлүүлсний эцэст хөл дээрээ боссон гэнэ.
Хүн харахад “эвгүй” царайтай энэ эмэгтэй ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болж галд түлэгдсэнийг хэн ч мэдэхгүй. Түүн шиг ажлынхаа байранд осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс бидний дунд цөөнгүй. Үйлдвэрийн ослоор амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн, Тусгаар тогтнолын талбайд өчигдөр зул өргөсөн юм.
Учир нь энэ өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” тохиов. НМХГ-ын улсын ахлах байцаагч нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр байгууллагын төлөөлөл, иргэдэд зөвлөгөө өгч, үйлдвэрийн осолд өртсөн хүмүүс “Дахин ийм осол бүү гараасай. Анхаарал болгоомжтой ажиллахгүй бол өөрийгөө болон өрөөл бусдыг хохироон, насан туршдаа “азгүй” нэгэн болдгийг биеэрээ мэдэрлээ” гэж нулимс дуслуулан хэлсэн юм.
2014 онд улсын хэмжээнд үйлдвэрийн 333 осол гарч, үүнд 363 хүн өртсөнөөс 56 нь нас баржээ. Харин тэдний 26 нь хөгжлийн бэрхшээлтэй болж, үлдсэн нь хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Уг арга хэмжээг НМХГ, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих “Төмөр сан” ТББ хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор зохион байгууллаа.
Ч.БОЛОРТУЯА