Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас уран бүтээлчдийн дунд “Улаанбаатар-Уран баримал 2015” уралдаан зарлалаа.
Уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг урамшуулах байдлаар хотын гудамж талбайн тохижилтод шинэ өнгө төрх бий болгох, иргэдийн тав тухтай сэтгэл ханамж бүхий орчныг цогцлоох, нийслэлд үгүйлэгдэж буй чимэглэлийн баримлын төрлийг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилгоор тус уралдааныг зарлаад байгаа юм байна.
1940-өөд оноос хойш орхигдсон хотын чимэглэлийн /моннументаль/ ажлыг дахин эхлүүлж урлагийн байгууллага, чөлөөт уран бүтээлч, урлаг сонирхогчид болоод багаар ажиллах оюутан сурагчдыг уралдаанд урьж байна.
Шалгарсан бүтээлүүд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд тавигдах бөгөөд бүтээлийн эх загварыг 2015 оны тавдугаар сарын 18-ны 17 цаг хүртэл Хангарьд ордны зургаан давхарт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс 609 тоотод хүлээн авах гэнэ.
Уралдааны нийт шагналын сан 22,700,000 төгрөг бөгөөд нэгдүгээр байр таван сая, хоёрдугаар байр дөрвөн сая, гуравдугаар байрны хоёр хүн тус бүр гурван сая, тусгай байрны нийт 11 хүнийг долоон зуун мянган төгрөгөөр шагнаж урамшуулна. Мөн оролцсон бүх багуудад ивээн тэтгэгчдийн шагнал, дурсгалын зүйл олгох юм.