Хөдөө аж ахуйн бирж байгуулаад хоёр жил болсон ч өдий хүртэл биржээс зөвшөөрөл авч, арилжаанд оролцсон хоршоо байхгүй байгаа гэнэ. Арилжаанд оролцохын тулд тэд түүхий эдээ тордож, анхан шатны боловсруулалт хийх, биржийн барааны тодорхойлолтод тусгасан шаардлагыг хангах хэмжээний мэдлэг, дадлага туршлагатай байх шаардлагатай байдаг гэнэ. Тиймээс Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын алба, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хоршооны гишүүдэд зориулсан сургалт явуулжээ. Хоршооны бараа, түүхий эдийн чанар хариуцагч ажилтанд зориулсан уг сургалтад 13 аймгийн 33 хоршооны гишүүн хамрагдсан байна. Оролцогчдод ноос ноолуур, арьс шир, олон нэрийн түүхий эд гэсэн гурван бүлэг хичээлээр түүхий эд бэлтгэх, чанарыг нь хамгаалахыг сурах аж. Тэдэнд түүхий эдэд үүссэн гэмтлийг үйлдвэр дээр бэлэн болсон бүтээгдэхүүнд нөлөөлсөн байдлаар харуулан мэдлэг, дадлага олгож буй юм байна. Гэрчилгээ авсан хоршооны гишүүн цаашид хоршооны болон брокерын компанийн агуулахад түүхий эдийн ангилагч, барааны брокероор ажиллах боломжтой гэнэ.