Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд, Монгол хүүхдүүд ОХУ-ын Ангарск хотод ялалтын парад алхана. Тэгвэл Улаан талбайд парад алхах Монголын дайчид дэлхийн цэргүүдтэй хамтарсан бэлтгэлээ базаагаад эхэлжээ.
Эхний бэлтгэлээ Москва хотын ойролцоо Алабины цэргийн сургалтын төвд хийсэн байна. Харин өнөө шөнө Улаанталбайд алхах цэрэг дайчид хамтарсан бэлтгэл хийх гэнэ.

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаалыг явуулахаар бэлтгэж байна. Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцоно.