Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэнээс хойш нийт 874 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 817 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай (БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9), 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 1320 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 830 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 136 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба тусгай зөвшөөрөл олгох боломжтой 492 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлээд байна.
Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 2014 оны наймдугаар сарын 21-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд долоон удаагийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын дүнд 34 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар нэр бүхий найман талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан шаардлага хангаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна. Улсын төсөвт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 24 хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 8.95 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөр 431 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 270 сая төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 686 сая төгрөг, нийтдээ 10.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.