Хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхайн яам, Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал 2015” бага хурал зохион байгуулж буй. Одоогоор осол гарсны дараа хянах, шалгах, бүртгэх, нөхөн олговор олгох эрх зүйн тогтолцоо хэрэгждэг. Түүнээс бус осол аваар гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах талаар хангалттай стандарт, дэд бүтэц бий болоогүй байна. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хийгдэх зайлшгүй шаардлагатай хэд хэдэн ажил бий. Уул уурхайн яамны зүгээс тодорхой ажлуудыг төлөвлөөд эхнээс нь хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал эрх зүйн орчныг боловсронгүй болгох үүднээс “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенци”-д нэгдэн орох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж дэмжсэн. Энэ конвенци нь уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цогц бодлогыг тодорхойлох суурь баримт бичиг болох юм. Нэгдэн орсны дараа мөн холбогдох журмуудыг нэмж боловсруулан батлуулна.
Манай яамны хувьд анх удаа салбарын буюу Геологи, уул уурхай, газрын тосны салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороог энэ жил байгуулсан. Цаашдаа салбар зөвлөлүүдийг харьяа агентлагуудад байгуулах, УУЯ-ны бүтцэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан нэгж бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнтэй болсон.