ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль, ШУТИС, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи удирдлагын их сургуулиуд хамтран “Арьс шир судлал, арьс ширний үйлдвэрлэлийн биотехнологи ба автоматжуулалт” оюутны олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Хуралд нийт 28 судлаач оюутны бүтээл ирснээс шилдэг 14 илтгэлийг хэлэлцсэн.
Тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч ХААИС-ийн МААБТС-ийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн багш Б.Итгэл “Арьс ширний салбар бохирдол ихтэй, хортой үйлдвэрлэл гэдэг бол буруу ойлголт юм. Өнөөдөр арьс шир боловсруулах технологийн түвшин маш өндөрт хүрсэн. Байгаль орчинд ээлтэй, хүнд хор багатай үйлдвэрлэлийг дэлхийн улс орнууд хэдийнэ явуулаад эхэлсэн. Манай улсад ч энэ туршлагыг үйлдвэрүүддээ нэвтрүүлж байна. Тиймээс арьс ширний салбарт энэ технологийг эзэмшсэн, чадвартай мэргэжилтнүүд хэрэгтэй” гэв.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг арьс шир үйлдвэрлэгч компаниуд дэмжин оролцож буйгаараа онцлог аж. Тухайлбал, “Мон-Ирээдүй”, “Mon-It Buligaari”, “Миделмен”, “Армоно”, “Фучеэр холдинг” компаниуд болон ОХУ-ын “Эком” инновацийн үйлдвэрийн газар ивээн тэтгэгчээр оролцжээ. Гурван жилийн өмнөөс уламжлал болгон зохион байгуулж ирсэн тус хурал жилээс жилд цар хүрээгээ тэлж, оюутан судлаачдын тоо нэмэгдэж буйг зохион байгуулагчид онцолж байлаа.