Өмнөд хөршийн Засгийн газар хэд хэдэн төрлийн ашигт малтмалын татварын хэмжээ болон тооцох аргачлалыг нь шинэчлэхээр болсон тухай “Xinhua” агентлаг мэдээллээ. Аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй татварын дарамтыг бууруулах зорилгоор уул уурхайн үйл ажиллагаатай холбогдох зарим татвар, хураамжийг ирэх сараас цуцлах шийдвэрийг Төрийн зөвлөлөөс нь гаргасан гэнэ.
Газрын ховор элемент, гянтболд, молибдений олборлолт, борлуулалт эл хөнгөлөлтөд хамрагдаж байгаа юм байна. Тухайлбал, хэмжээнд нь үндэслэж бус, харин зах зээл дэх үнийг нь харгалзана гэсэн үг. Мужаас доод түвшний засаг, захиргааны нэгжүүдийн уул уурхайн компаниудад ногдуулдаг хууль бус төлбөр, хураамжуудыг ч мөн хориглосон аж. Түүнээс гадна эдгээр ашигт малтмалыг тавдугаар сараас эхлэн экспортын татвараас чөлөөлж байгаа талаар Сангийн яамнаас нь мэдээлсэн байна.
Б.ЦЭЦЭГ