Лхагва гаригт нефтийн үнэ нэлээд хямдарлаа. Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз хаант улсынхаа төр барих дэсийг санаанд оромгүй байдлаар өөрчилсөн аж. Тодруулбал, түүний дараа хаан ширээ залгамжлах учиртай дүүгийнхээ оронд зээ хүү Мохаммед бин Наефыг сонгож, шинэ өв залгамжлагчаараа нэрлэсэн байна. Нефтийн хамгийн том нийлүүлэгч учир Саудын Арабын удирдагчид өөрчлөгдөх бүрт дэлхийн газрын тосны зах зээлд томоохон хөдөлгөөн үүсдэг билээ.
Саудын Арабын газрын тосны бодлого цаашид хэрхэх нь тодорхойгүй болоод байгааг трейдерүүд болон шинжээчид тэмдэглэсэн байна. Дээрх мэдээлэл дэлхий даяар тархсаны дараа “Brent” маркийн газрын тосны арилжаа огцом буурч, Европын зах зээл нээгдсэний дараа л дахин сэргэсэн аж. Эл маркийн нэг баррель нефть 64.64 ам.доллараар үнэлэгдэж байна. Энэ нь өмнөх өдрөөс 44 центээр хямдарсан үзүүлэлт аж. Мөн “West Texas” маркийн газрын тосны үнэ доошилж, 57.06 ам.доллар дээр тогтжээ.
“Дэлхийн дийлэнх биржийн нөөцийн түвшин хэт өндөр байгаагаас гадна нийлүүлэлт ч өссөөр байгаа тул газрын тосны үнэ тодорхой хугацаанд хямдарна” хэмээн “Barclays” банкны шинжээчид үзэж байна. Олон улсын эдийн засгийн өсөлт төдийлэн сэргэхгүй байгаа нь ч эл таваарын үнэд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм.
Б.ЦЭЦЭГСҮРЭН