ХБНГУ-даа 2004 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан Клойбер Максимлиан Лёонхард 11 жилийн дараа Сүхбаатар дүүргийн V хорооны нутаг, “Голомт” хотхоны 32А байрны 11 давхарт Ё.Гантөрийнх гэдэг айлд нас барсан хэрэг дуулиан дэгдээгээд байгаа. Уг айлд гадаадын иргэн нас барсан мэдээллийн дагуу цагдаа, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн очиж үзлэг хийхэд талийгаач удаан хугацаанд хэвтсэн бололтой арьс нь цоорч, зулгарсан байжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр талийгаачид судсаар нь тарилгын шингэн хийж байсан ул мөр үлдсэн байсан гэнэ. Манай улсын хилээр орж ирснээс хойш сураггүй болсон уг хэргийг тухайн үеийн ЭЦГ-ын Эрэн сурвалжлах тасаг, тагнуулын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж, түүний хамтран амьдрагч Ё.Гантуяа гэдэг эмэгтэйг цагдан хорьж шалгасан байдаг. Клойбер Максимлиан Лёонхардыг Монголд орж ирснээс хойших 10 жилийн хугацаанд Ё.Гантуяаг нэг бус удаа цагдан хорьж шалгаж үзсэн ч олж тодруулж чадаагүй нь хачирхалтай.
Түүнийг өдгөө 10 дахь удаагаа цагдан хорьсон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын эх сурвалж “Ё.Гантуяаг охин А болон хүү, хүргэнийх нь хамтаар энэ сарын 24- нөөс цагдан хорьж шалгаж байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан хүний аминд хүрсэн, 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан “Бусдын онц их хэмжээний хөрөнгийг бүлэглэн залилан мэхэлж авсан” гэх хэрэгт сэжигтнээр хорьсон. Өмнө нь ч энэ үндэслэлээр шалгаж байсан юм билээ. Мэргэжлийн хэллэгээр цагдан хорих 10 дугаар хугацааг нь сунган шалгаж байна” гэх мэдээллийг өглөө.
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийнхнаас уг эмэгтэйн талаар лавлахад “Ё.Гантуяа гэдэг хүн эмэгтэйчүүдийн хорих тасалгаанд хоригдож байгаа. Түүнтэй хамт 2-3 хүн хоригдсон. Өмнө нь ч тэр нэг бус удаа энд саатуулагдаж байсан” гэлээ. Хамар дороо шахам байсан энэ хүнийг яагаад олоогүй вэ гэдэг асуудал цагдаа, тагнуулын байгууллагынхныг хөлдөө чирч болзошгүй. Хэрэв үнэн шударгаар энэ хэргийг мөрдөн шалгаж чадвал нэлээд том хээл хахуулийн хэрэг илэрч болзошгүй.
Гэвч дээрх хоёр байгууллагынхан мөрдөн шалгах бус, мөрдөн баллаж магадгүй гэх хардлага ч зарим хүний дунд бий. Талийгаач Клойбер Максимлиан Лёонхард нь 2004 нутгийнхаа арилжааны банкуудаас 12 сая евро луйвардан оргосон бөгөөд Монголд Рудигер фон гэх нэрээр хил нэвтрэхдээ их хэмжээний мөнгөө цүнхэнд хийгээд орж ирсэн гэдэг. Ийм их хэмжээний бэлэн мөнгөтэй хүнийг манай гаалийнхан мэдэлгүй өнгөрөөсөн нь бас л анхаарал татаж буй.