Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэр дэх оршуулгын газруудын хил хязгаар, хамгаалалтын бүсийн зурвасыг нийслэлийн газрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.
Харин оршуулгын газруудын хамгаалалтын бүсэд анхааруулга, санамж бүхий мэдээллийн самбар байрлуулах, зөвшөөрөгдсөн оршуулгын газруудыг оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагуудад хариуцуулах ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, харин хаагдсан оршуулгын газруудыг арчилж, хамгаалах ажлыг зохион байгуулах, түүнтэй холбогдон гарах зардлыг дүүргийн жил бүрийн төсөвт тусгуулж ажиллахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.