Баянгол дүүргийн XIV хороонд орших орон сууцны 16 дугаар барилгад хазайлт үүссэн байж болзошгүй хэмээн оршин суугчдыг нь нүүлгэн, ойролцоох зочид буудлуудад оруулсан. Олон хүний амь нас, эд хөрөнгөд заналхийлсэн “Би Жи Би Жи” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар саналаа боловсруулж, энэ сардаа багтаан танилцуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон.
Энэ явдлаас сургамж авч эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга барьж ажил эхэлсэн, үргэлжлүүлсэн зөрчлийг илрүүлэхийг Э.Бат-Үүл дарга бас даалгасан. Тэрбээр тэрхүү үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэхийг өчигдөр болсон нийслэлийн зөвлөлийн удирдлагын шуурхай хурлаар шалгалаа. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж “Энэ сарын 13-24-нд хийсэн шалгалтаар зөрчилтэй нийт 33 барилга барьж байгааг тогтоолоо.
“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад үйл ажиллагааны журам”-ын 3.7 заалтыг зөрчсөн 16 барилгын ажлыг бүрэн зогсоох, бичиг баримт дутуу бүрдүүлсэн 17 барилгын ажлыг зөрчлөө арилгах хүртэл түр зогсоох арга хэмжээ авах шаардлагатай байна” гэв.
Ч.ТУЯА