Хүүхдийн тунагалаг харцанд нулимс бүрхэж, гэнэн цагаан инээмсгэлэл хэдийнээс үгүй болоход хүрэв.
Томчуудын харгислал хүүхдэд хүрсэн нийгмийг цочроосон үйлдэл удаа дараа гарах болов. Үүний цаана ил гараагүй хэчнээн хүүхдийн нулимс цоожтой хаалганы ард урсаж байгаа бол гэхээс зүрх шимшрэнэ.
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” ОУ-ын өдөр тохиож байна.


НҮБ-ын хүүхдийн эрхийн конивенцид нэгдсэн улс орнууд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” дэлхийн өдөр хэмээн тэмдэглэдэг билээ.

Анх АНУ-д 1998 оны дөрөвдүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2001 оноос эхлэн дэлхийн бусад улс орнууд эл өдрийг олон улсын өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэгдэг болжээ. Тэмдэглэлт өдрийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж, эцэг эхчүүд хүүхдээ зодож шийтгэлгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцэж, бусад үйл ажиллагааг зохион байгуулдаг аж.
Манай улс хүүхдийг ивээх сангаас хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн үйл ажиллагааг ес дэхь жилдээ зохион байгуулж байна.
Хэдий бороотой, зэврүүхэн байсан ч хүүхдийн сайн сайхны төлөө цохилж буй зүрх бүхний халуун элчинд Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон улсын өдрийг их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохиолоо.
Энэ жил Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн нийт ажилтнууд, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, МУБИС-ийн БСС-ийн оюутнууд, олон нийт, эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийнхний хамтаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хүний ёсноос гадуур, нийгмээрээ жигшим, хүний эрхийн ноцтой зөрчил болох хүүхдийг зодож шийтгэх явдлыг хуулиар хориглон таслан зогсоохын төлөө оюутан залуучууд ийнхүү нэгдэж, флаш моб бүжиглэж, олон нийтэд хандан уриалга гарган мэдээлэл түгээсний сацуу нийслэл хотын дүүргүүд болоод орон нутагт олон нийт, эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийнхэн хүүхдийн төлөө энэхүү үйлст нэгдлээ.
Эцэг, эх, багш нар хүүхдийг зодож, шийтгэхээс илүүтэй эвээр харьцаж хүмүүжүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд санууллаа
Хүн бүрийн зүрхэнд хайр энэрлийн галыг бадраах эрхэм үйлс бүхэн дэлгэртүгэй.
М.Болор