Ерөнхий боловсролын сургуульд хараагүй хүүхэд суралцахад нэг алхам ойртлоо. Ийнхүү өгүүлэхийн учир Азийн Хөгжлийн Банкны ажилчдын хандив болон Канад сангийн төслийн дэмжлэгтэй 13995$-ийн өртөг бүхий брайль, крилл, зурган мэдээлэлийг гурвалсан форматаар гаргадаг хэвлэгч машиныг брайль хэвлэлийн төвд худалдан авч, суурилууллаа.
Гурвалсан формат бүхий номыг эцэг эх багш нар ашиглан сурагчдын уншлагыг хянах, зураг тайлбарлан хүүхдийн төсөөллийг бодитой болгох боломж бүрдэж байна.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо уг принтерийг хүлээж авах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр, Канадын Улсаас Монголд Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Эд Жэйгэр нарын оролцоотойгоор зохион байгууллаа. Уг ажиллагааны үеэр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулсан гурвалсан формат бүхий анхны сурах бичгийг хараагүй хүүхдүүдэд хүлээлгэн өгөв.