Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй "Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо" үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Тус чуулганд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын албаны хүмүүс болон нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 700 эмэгтэйчүүд оролцож байна. УИХ-ын дарга З.Энхболд оролцогчдод хандаж дэвшүүлсэн мэндчилгээндээ, “Монгол улс эрт дээр үеэс эмэгтэйчүүд болон хүүхдийн эрхийг хамгаалж ирснийг Их засаг, Халх журам хуулинд тодорхой зааж, түүхэнд тодоор тэмдэглэн үлдээсэн байдаг. 1924 онд Монгол Улс анхны Үндсэн хуулиндаа эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах зорилтыг хуульчилсан нь дэлхийд анхдагч орнуудын нэг болж чадсан” гэдгийг тэмдэглээд “Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 544 хуулиас 12 хуулиар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн ч нийгмийн бүхий л салбарт тэдний эрх, эрх чөлөө нь бодитоор хамгаалагдаж, хангагдаж байна гэж үзэх нь учир дутагдалтай байна. Тухайлбал хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөх бүхий л хэлбэрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх асуудал төрийн бодлого, хөтөлбөрүүдэд тусгагдсан хэдий ч хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн дарамт, хүний наймаа зэрэг жендэрт суурилсан нийгмийн олон асуудал тулгамдсан хэвээр байна. Үүнд бодит дүгнэлт хийж УИХ “Жендерийн эрх тэгш байдлын тухай” хуулийг 2011 онд баталж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг хуульчилж өгсөн. Өнөөдөр УИХ “Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого” “Гэр бүлийн тухай”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг хэлэлцэн батлахаар ажиллаж байгаа”-г онцолжээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд “Эмэгтэйчүүдийн хөгжпийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулж, зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрийн чуулганаар өмнөх чуулганаас хойш гарсан үр дүнг хэлэлцэх, цаашдын зорилгоо тодорхойлохоор эмэгтэйчүүд хуралдаж байна.