Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан хаврынхаа ойжуулалтад зориулж, 10 га газарт мод тарих тендер зарлахад нэг ч компани оролцоогүй байна. Дөрөвдүгээр сарын эхээр нээлттэй зарласан уг тендерийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан бөгөөд энэ хооронд нэг ч аж ахуйн нэгж санал ирүүлээгүй аж. Нэг га газарт 2.1 сая төгрөгөөр мод тарих боломжтой гэсэн тооцоог мэргэжлийн байгууллага гаргасан байдгийг үндэслэн уг тендерт ч ийм нөхцөл тавьжээ. Гэтэл байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын оролцоо яагаад ийн суларсныг орон нутгийн холбогдох албаныхан тайлбарлахдаа эдийн засгийн хүндрэлтэй холбосон байна.