“Хил хязгааргүй сэтгүүлчид” төрийн бус байгууллагаас гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ээр манай улс өнгөрсөн онд 88-аас 34 байраар огцом урагшилсан билээ. Гэвч энэ нь хөл алдан баярлаад байх зүйл биш гэдгийг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд хэлж байна. Нэгдүгээрт, 2014 онд олон улс оронд дэгдсэн дайн байлдаан, жагсаал цуглааны үеэр гарсан хүчирхийлэл, эдийн засгийн хямрал зэрэг хүчин зүйлс хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд аюул занал учруулж, дэлхий нийтээрээ мэдээллийн эрх чөлөө асар доройтсон аж. Түүнээс биш манайх эрийн сайндаа гэнэтхэн л хэвлэлийн эрх чөлөөг хангагч орон болчихоогүй юм байна. Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлох гэсэн заалтыг Хуульзүйн сайд Х.Тэмүүжин авахуулахаар болсон нь л ганц нэмэх үзүүлэлт гэнэ.
Дайн дажингүй тайван сайхан улсдаа, элдэв хүчирхийлэл, аллага таллагаас хол аж төрж монголчуудын хувьд хэвлэлийн эрх чөлөө энэ зэрэгтэй гаралгүй яах вэ гэж та бодож байна уу. Тэгвэл үгүй. Харин ч манай улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдах тийшээгээ хэлбийж, хүний нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтаар эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол нэлээд эрчимтэй нэмэгдэж буй. Жишээ нь, 2013, 2014 онд нэр төр гутаахтай холбоотой зүйл ангиар 13 хүн эрүүгийн хариуцлага хүлээж, шүүхээр ял шийтгүүлсэн нь өмнөх найман жилийн дунджаас даруй 2.5 дахин өссөн үзүүлэлт гэнэ. Үүн дээр нэрмээс болсон бас нэг хүчин зүйл нь хэвлэл мэдээллийн талаар төрөөс баримтлах бодлогын гол баримт бичгүүд 2010 онд гарсан явдал гэдгийг “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал онцолсон. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр дээрх баримт бичгүүд гарснаар төрийн байгууллагаас мэдээллийн агуулгад хяналт тавьдаг болж, улс төрийн цензур тогтоожээ. Монгол дахь радио, телевиз, цахим хуудсуудын мэдээллийн агуулгыг хянадаг эрх бүхий Харилцаа холбооны зохицуулах хороо гэхэд л өөрөө Ерөнхий сайдын “мэдэлд” байдаг нь асар том зөрчил юм байна. Үүний үр дүнд мэдээллийн цахим хуудсуудыг бүртгэж, радио, телевиз шиг лиценз олгодог, төрийн түшээдээр хэт оролдсон заримынх нь үйл ажиллагааг зогсоодог, хүмүүсийн бичсэн сэтгэгдлийн зарим үгийг цэг болгож хувиргадаг гэх мэтээр чөлөөт хэвлэл рүү улайм цайм дайрах нөхцөл бүрджээ.
Тэгээд яагаад Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр гэнэт цойлоод гараад ирэв ээ гэхээр “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ өнгөрсөн жил манай хүний эрхийн байгууллагуудаас судалгаа аваагүй юм билээ. Уг нь өмнөх жилүүдэд манай ТББ-аас “Танайд энэ жил хэвлэлийн эрх чөлөө ямар байв. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх хэр хангагдав” гэж судалгаа тайлан авдаг байсан бол 2014 онд тэгээгүй аж. Мөн дэлхийн улс орнуудыг хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хангаж буйгаар нь газрын зураг дээр ангилан үзүүлдэг “Freedom house” гэж олон улсын байгууллага бий. Тэднийх 2014 онд мөн л манайхыг хэвлэлийн эрх чөлөөг хангагч орон хэмээн газрын зурагтаа оруулжээ. “Freedom house” ч бас манайхнаас судалгаа аваагүй гэнэ. Олон улсад нэр хүндтэй энэ байгууллагууд тухайн орны нөхцөл байдлын тухай бодитой мэдээлэл цуглуулалгүй тайлан гаргана гэж баймааргүй. Тиймээс энэ хооронд ямар “хар муур” гүйгээд, Монголыг хэвлэлийн эрх чөлөөг сайн хангаж буй орон гэж харуулахаар тэгтлээ сурталчилсныг одоогоор хүний эрхийн байгууллагууд мэдэхгүй байгаа ч удахгүй энэ тухай мэдэгдэл гаргана гэдгээ илэрхийлсэн.