Баянгол дүүргийн XIV хорооны 16 дугаар байранд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж нийслэлийн Засаг дарга хэд хэдэн захирамж гаргалаа. Нэн түрүүнд тус байрны суурь суулгалтын зөрүү, тэр хавийн барилга хоорондын хөрсний өөрчлөлт, гулсалт, хийц бүтээцийн төлөв байдлын судалгаа шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөлөгөөний газарт даалгажээ. Түүнчлэн 18 давхар барилгын суурь ухсан хөрсийг яаралтай хүчитгэх зураг төсөл боловсруулж, тэр дагуу тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагаар бэхлэх, хүчитгэх ажлыг орчны болон зэргэлдээх барилга байгууламжуудын аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр шуурхай хийлгэхийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгов.
“Би Жи Би Жи” компанийн ухуулсан нүхнээс болж 16 дугаар байрны суурьт нөлөөлөөгүй гэсэн хариу гарсан боловч дээрх газар шорооны ажлын явцад тэндхийн бохир ус цуглуулах шугам, ТТ-1 тунгаагуурын далд шугам хоолой гэмтсэн учраас тэдгээрийн хэвийн ажиллагааг нэн даруй хангахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд даалгасан аж. Ийнхүү шуурхай арга хэмжээ авсны дараа 16 дугаар байрны оршин суугчдыг гэрт нь буцаан оруулах юм байна. Барилгын сууринд хөрсний нуралтаас сэргийлэх хүчитгэл, бэхэлгээ хийх, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг засварлах болон бусад сэргээн босгох ажилд шаардлагатай зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулж, дараа нь холбогдох буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг Тамгын газарт даалгалаа. Түүнчлэн холбогдох хууль тогтоомж болон газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн “Би Жи Би Жи” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай саналаа боловсруулж, өнөөдрийн дотор хотын даргад танилцуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэгджээ. Газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламжийн байршил тогтоох, архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах, эскиз зураг батлахдаа шинээр барих барилгын зориулалт, хүчин чадлыг одоо ашиглаж буй барилгуудтай уялдуулаагүй, барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавиагүй, зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэхтэй холбогдсон зөрчлийг тухай бүр шалгаж дүгнэлт гаргах үүргээ биелүүлээгүй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болжээ. Дээрх саналуудыг БХБЯ, Барилгын хөгжлийн төв, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газарт тус тус явуулах юм байна.