Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тариалалтын бэлтгэл хангагдаад буй талаар мэдээллээ. Энэ онд улсын хэмжээнд нийт 400.800 га талбайд тариалалт хийж, үр тариа 500.200 тонн, үүнээс буудай 465.700, төмс 167.700, хүнсний ногоо 104.700, малын тэжээл 40.000, тосны ургамал 26.400, жимс, жимсгэнэ 2500 тонныг хурааж авах зорилт дэвшүүлээд буй. ХХААЯ-наас газар тариалангийн үйлдвэрлэлд нийт 21.100 тонн дизель түлш шаардлагатай байгаа талаарх судалгаа гаргажээ. Тариалалтыг хугацаанд нь, чанартай гүйцэтгэх боломж бүрдүүлэхээр шатахууны төлбөрийн 50 хувийг нь урьдчилан авч,үлдсэнийг нь зээлээр олгож эхэлсэн аж. Одоогоор ТЭДС-гаас 57 аж ахуйн нэгж, иргэнд 1800 тонн буудайн үр, 91 аж ахуйн нэгжид 444 тонн шатахуун өгөх гэрээ байгуулжээ.
Төмсний тариалалтад 34.000 тонн үр шаардлагатайг дотоодоос бүрэн хангах аж. Мөн 80 сая төгрөгийн үнэтэй найман нэр төрлийн хүнсний ногооны үр нийлүүлэх сонгон шалгаруулалт зарласан байна. Төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдэд зориулан 1-3 га талбайг услах чадалтай 248 төхөөрөмжийг урт хугацааны зээлээр олгож буй юм байна. Дархан-Уул аймагт 36.000 тоннын багтаамжтай элеватор ашиглалтад оруулж, ТЭДС-гийн үр тариа хадгалах чадлыг 182.000 тоннд хүргэжээ. Техникийн бэлэн байдал 80 гаруй хувьтай байгаа гэнэ. Японы Засгийн газрын “Бага орлоготой фермерүүдийг дэмжих КР 2” төслийн хүрээнд хүлэмж, өрхийн аж ахуйн зориулалттай 236 иж бүрдэл техник, тоног төхөөрөмж нийлүүлсэн бөгөөд үнийг нь 80 хувь хөнгөлж, ногоочдод олгож эхэлжээ. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 132 трактор нийлүүлснийг уринш боловсруулалтын өмнө, үр тарианы 48 комбайныг ургац хураалтаас урьтаж нийлүүлэх гэнэ.