“Мөнгөгүй бол үх” гэсэн харгис зарчим дэлхийн ганцхан оронд л үйлчилдэг. Тэр нь Монгол. Ядуу, дундаж амьдралтай байсан ч хамаагүй, яасан ч бид үхэх юм байна. Худалч хүнд сүүлийн 20 жил монголчууд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн хэрнээ авсандаа орохдоо сохор улаан зоос ч гаргуулж, эмчилгээ хийлгэж чаддаггүй байв. Харин 2015 оны нэгдүгээр сарын 29-нд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж, баталснаар даатгуулагчид янз бүрийн хөнгөлөлт, урамшуулал эдэлнэ гэсэн заалтууд өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Хуулийг дагаж, мөрдүүлэхтэй холбоотойгоор 30 гаруй дүрэм, журам батлуулах тул 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд шинэ хуулиар олгосон эрхээ утгаар нь эдлэх байх. Эрдэмтэн, судлаачид, эмч нар шинээр төрсөн даатгалын хуульд “онц” дүн тавьж байгаа. Үүнийг дагаад эрүүл мэндийн систем нь ч сайжирна гэдэгт бат итгэж байна лээ. Хуульд авууштай хэд хэдэн зүйл, заалт бийг үгүйсгэхгүй ээ.
Тухайн даатгуулагч эмнэлгээ сонгох, тусламж, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо илэрхийлэх, даатгалын сангаас олгож буй орлого, зарлагаа хянах, тухайн эмнэлэг өөрийнх нь сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэхгүй бол мөнгөө төлөхгүй байх зэрэг давуу тал байна. Одоогийн байдлаар Улсын I, II, III төв эмнэлэг, ГССҮТ, ЭХЭМҮТ-д хийж буй өндөр өртөгтэй зарим мэс заслын тусламж, үйлчилгээний зардлыг Даатгалын сангаас гаргаж байгаа.
Жишээлбэл, өвдөгний үе, түнхний хиймэл үе, зүрхний стент зэрэг хагалгаанд хэрэглэдэг 84 төрлийн хэрэгслийг улсаас санхүүжүүлж буй нь сайн хэрэг. Гэхдээ өндөр өртөгтэй мэс заслууд дотроос элэг, бөөрний хагалгааны зардлыг даатгалаас даалгүй, гадуурхсаны учир юу вэ. Өмнө нь долоон төрлийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалаас санхүүжүүлдэг байв.
Харин үүнийг 11 болгон нэмэгдүүлсэн юм. Үүнд хорт хавдрын хөнгөвчлөх, химийн болон туяаны өдрийн эмчилгээ, өндөр өртөгтэй зарим мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг санхүүжүүлж буй ч элэг, бөөрийг “ад үзсэн” нь тухайн өвчний эмчилгээний зардалтай шууд холбоотой болж таарав.
Бөөр ч яах вэ хагалгааны өртөг нь арай бага юм гээд нэг удаа орхиж болох юм. Гэтэл 50-60 саяар (Монголд) үнэлэгдэж буй элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг огт хайхрахгүй орхисон нь ХСҮТ-д элэгний хавдартай хэмээн оношлуулаад буй 1500-1800 хүнийг “үх” гэж хэлснээс ялгаа алга. Тэгвэл улсын хэмжээнд 3000 гаруй хүн энэ төрлийн тусламж, үйлчилгээг авах шаардлагатай байна шүү дээ. Хавдар, хатуурал үүсгэгч В, С вирус тээгчид хүн амын 10 хувь гэвэл бид энэ өвчинд хэрхэн дарлуулж буйг хэлээд өгөх биз.
Албаны хүмүүсийн ярьж буйгаар элэгний мэс засал нь өндөр өртөгтэй тул Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь гаргачихвал энэ сан элгээрээ хэвтчих юм гэсэн. Тэгэхээр элэгний өвчтэй хүн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг байлаа ч тэр нь үйлчлэхгүй, улс нь иргэнээ ч гэж үзэхгүй бололтой. ХАХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын албаны дарга А.Хишигбаяраас энэ талаар тодруулахад “Өндөр өртөгтэй зарим мэс заслын тусламж, үйлчилгээний зардлыг даатгалаас санхүүжүүлэхдээ журмаар зохицуулж байгаа.
Элэг, бөөрийг дангаар нь оруулна гэсэн заалт байхгүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны нэгдүгээр сард баталсан ч Төсвийн тухай хуульд энэ онд Даатгалын сангаас 10 тэрбум төгрөгийг иргэдийн эмчилгээ, үйлчилгээнд зарцуулна гээд баталчихсан байсан. Үүнд нь тохируулаад зарим өндөр өртөгтэй мэс заслын эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг гаргаж байна. Элэг, бөөр гээд хэт өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийг улсаас санхүүжүүлэх ямар ч боломжгүй. Даатгалын сан хязгааргүй мөнгөтэй биш.
Хүмүүсийн төлсөн шимтгэлээр санхүүжиж, эргээд даатгуулагчдын эрүүл мэндэд эрсдэл үүсэхэд зардлыг нь тэндээс гаргах учиртай. Гэтэл элэгний мэс засал гэхэд 50-60 сая төгрөгийн, хэт өндөр өртөгтэй. Үүнийг даатгалаар хөнгөлчихвөл сан дампуурахад хүрнэ. 2015 он дуустал даатгалаас санхүүжүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг ХАХНХ-ын болон ЭМС-ын сайдын хамтарсан тушаалаар баталсан” гэж ярилаа. Монголд өөр хүний элгээр амьдарч яваа 130 гаруй хүн бий. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан болон суулгуулах гэж буй хүмүүст амьд явах баталгаа үнэндээ байхгүй ч хайртай хэн нэгнээ харсаар суугаад “явуулах” сэтгэл бидэнд үгүй.
Дээр нь бусад төрлийн (10000 орчим төгрөг) эм хэрэглэдэг гэхээр сард 1.6-2.1 сая төгрөг болно. Өвчтөн ядуурах нь ч аргагүй юм байна. Уг нь манайх Азидаа элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах технологийг нутагшуулсан анхны улс. Монгол эмч нар маань элэг шилжүүлэн суулгах хагалгааг бие даан хийж, дэлхийн 46 дахь орноор бичигдээд буй. 40 хүний бүрэлдэхүүнтэй Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өвчтөнөөс 60 сая төгрөгийн төлбөр авдаг ч эмчилгээний зардал нь 90 саяд дөхөж очдог гэсэн. Аль 2010 онд 60 сая төгрөг гэж тогтоосон тарифаар нь өдий хүртэл явж байгаа аж.
Үүний 30 саяыг нь В вирусийн эмэнд зарцуулдаг бол донорын хагалгаа, мэс заслын дараах сарын эмчилгээнд энэ нь хаанаа ч хүрдэггүй гэнэ. Улсын I төв эмнэлгийнхэн өвчтөнд шаардлагатай бусад эмчилгээ, үйлчилгээг нь хариуцаж явдаг юм билээ. Европт 250-350 мянга, Энэтхэгт 100 мянган ам.доллараар хийж буй элэгний мэс заслыг эх орондоо 60 сая төгрөгөөр хийж байхад нь улс жаахан ч атугай дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй юм биш үү.
Одоогоор өнөө, маргаашгүй элэг солиулах шаардлагатай арав гаруй хүн бий гэсэн. Хамгийн гол нь тэдэнд төлбөр мөнгө байхгүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж байхад I эмнэлгийнхэн хуульд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний зардлыг тусгуулахаар хөөцөлджээ. Хууль санаачлагчид өндөр үнэтэй мэс засал, өндөр өртөгтэй эмийн эмчилгээ гэж хоёр хэсэгт хувааж оруулъя гэж тохирсон ч хууль мөрдөж эхэлмэгц биелүүлээгүй аж.
Уг нь манайд жилд зуун хүн элэг солиулахгүй. Ихээр бодоход 20-30 хүн байдаг гэх судалгаа байна. Даатгалын сангаас ядаж 50 хувийг нь санхүүжүүлчихвэл тухайн өвчтөн, айл өрх, ах дүү, хамаатан саднаараа хөрөнгө мөнгөний гачигдалд орохгүй биз ээ. Сар болгон 100 гаруй мянган төгрөгөөр шинжилгээ өгнө. Сая гаруй төгрөгийн үнэтэй, вирусийн эсрэг эмчилгээ хийлгэнэ. Дээрээс нь зарим эмээ нэмж худалдаж авна.
Өвчтэй хүн болгон ийм хэмжээний мөнгийг эмчилгээндээ зарцуулах бэлтэй бил үү. БНСУ-д ийм эмчилгээний 80 хувийг нь Эрүүл мэндийн даатгалаас, ОХУ өндөр технологийг дэмждэг учраас улсын төсвөөсөө даадаг. Ер нь хөгжсөн орнууд улсын төсвөөсөө юм уу, даатгалаасаа энэ төрлийн эмчилгээний зардлыг гаргадаг. Харин бид хэдий болтол иргэдээ эд эрхтнээр нь ялгаварлаж, ядуу гэдгээ бусдад гайхуулсаар байх вэ.
О.БАТ-УНДРАХ