Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарынхаа асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Манай улсын хэмжээнд эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1936 МВт байгаа бөгөөд үүний 82 хувийг нүүрсний цахилгаан станцаас үйлдвэрлэж байна. Цахилгааны хэрэглээ жил бүр 7-8 хувиар өсөж ирсэн ч шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулж чадахгүй байгаагийн улмаас ирэх өвөл гэхэд 150 орчим МВт цахилгаан сох дутах аж. Мөн дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал 2418 Гкал/цаг байгаа ч хэрэглээ нь 3558 хүрсэн, улмаар 2777 Гкал/цаг дулаан авах захиалга ирүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарт хур өр үүссэн, тоног төхөөрөмжүүд нь элэгдэж муудсан, цахилгаан, дулаан үйлдвэрлэж буй өртөг зардал нь борлуулах дүнгээсээ хэт доогуур байдаг, засаглалын үр ашиг, бүтээмж муу, урт хугацааны нэгдсэн бодлого, тодорхой чиглэлгүй зэрэг олон асуудлыг Б.Найдалаа дурдлаа. Эдгээрийг шийдвэрлэх зорилгоор тэрбээр нэг бодлого, гурван зарчим, есөн ажил хэмээн ерөнхий төлөвлөгөө гарган, ажлаа эхлүүлсэн гэнэ. Тодруулбал, эрчим хүчний реформыг хийн тарифыг нэмж, зардлыг бууруулж цахилгаан, дулааны бодит үнийг тогтоох, эрчим хүчээ экспортлох зорилгыг үл орхигдуулан технологи судлах, нэвтрүүлэх, засаглалаа сайжруулах, салбарын 17 мянган ажилчны цалин хөлсийг үүрч буй ачаалалд нь тохируулан нэмэх зэргээр төлөвлөжээ. Хэрэв эрчим хүч, дулаан үйлдвэрлэх, түгээх явцын алдагдлыг бууруулж, тарифыг зардалдаа уялдуулан тогтоож, хэрэглэгч төвтэй үйлчилгээ бий болгохын зэрэгцээ сэргээгдэх эх үүсвэрүүдийн бүтээмжийг дээшлүүлж, улс даяар тархмал эх үүсвэрийг олшруулж чадвал гурван жилийн хугацаанд салбарын доголдлыг арилган, найдвартай хангамж бий болгон, өр, алдагдлаа бууруулж, зах зээлийн зарчмаар ажиллаж эхлэх боломжтойг салбарын сайд онцлов.
С.Цэрэн