-Тэрбум төгрөг зарцуулсан ч охиныг аварч чадсангүй
Үргэлжлэл. Түрүүч нь №082 (8386) дугаарт
Хүнд өвчинтэй нүүр тулсан хүмүүсийн эцсийн “хоргодох газар” нь эдгэрнэ гэсэн итгэл найдвар нь байдаг. Эмчийн хэлсэн ганц үг, эмчилгээний өчүүхэн ахиц хүртэл тэдэнд амьсгалах хүч, урагшлах дэм болдог. Тиймдээ ч тэрхүү итгэл найдварын утас тасрах хүртэл юунаас ч ухарч буцдаггүй. Гэвч заримдаа энэ бүхэн асар их төлөөс, уй гашуу, сэтгэлийн гүн шарх болон үлдэх нь бий. “Хэт итгээд алдах тэр мэдрэмж хамгийн хэцүү бөгөөд үүнтэй эвлэрэхийг хүсдэггүй юм билээ” хэмээн Т.Шинэбаяр хэлэв. Түүний найдаж байсан газар хардалт, эргэлзээгээр дүүрч, итгэж байсан зүрхэнд нь харуусал гүн бат “үүрээ” засжээ. Учир нь Т.Шинэбаярын гэр бүлийн хувьд охиноо аврах цор ганц найдлага нь БНХАУ-ын Бээжин хот дахь “Лу Даопэй” цусны эмгэг судлалын төв эмнэлэг байсан юм. Азид нэр хүндтэй, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээгээрээ тэргүүлэгч гэх тодорхойлолт нь тэднийг тийш хөтөлжээ.
“ЛУ ДАОПЭЙ” ЦУСНЫ ТӨВИЙН ҮНЭН ТӨРХ
“Лу Даопэй” цусны төвийн эмч нар охиныг эдгэрэх магадлал 80-90 хувьтай, ааваас нь буюу 50 хувь тохирох донороос охинд үүдэл эс шилжүүлэн суулгаснаар хавдар дахихгүй байх боломж өндөр гэж итгүүлжээ. Улмаар “Хагалгааны дараах харшлын урвал төдий чинээ их байх тусмаа донорын эс өвчтөнд сайн “сууж” байна гэсэн үг. Энэ бол хэвийн үзэгдэл. Бид үүнийг хяналтдаа авч, хариу урвалыг эмчилж чадна. Манай эмнэлэг 50 хувь тохирох донороос үүдэл эс шилжүүлэн суулгадгаараа мэргэшсэн тул эмчилгээндээ бүрэн баталгаа өгч байна” гэж охины ар гэрийнхэнд ахин дахин хэлсний эцэст ятгаж дөнгөжээ. Энэ нь өвчтөний хамгийн эмзэг цэг болох итгэлд нь дөрөөлсөн бизнес байсныг Т.Шинэбаярын гэр бүлийнхэн яахан мэдэх билээ.
Гэвч өвчтөн, донор хоёрын эд, эсийн нийцэл 100 биш, 50 хувьтай байснаас болж үүдэл эс шилжүүлсэн суулгасны дараах харшлын урвал маш хүнд явагдсан гэж охины ар гэрийнхэн үзэж буй. Үүнээс үүдэлтэйгээр харшил эхлээд ходоод руу “дайрч”, охин 70 хоногийн турш өдөрт дунджаар 40-45 удаа суулгаж, эл хугацаанд юу ч идэхгүй, усыг зөвхөн хэмжээтэй ууж байв. Гүйлгэлт 70 дахь хоногоосоо аажмаар багасаж, охин овоо дээрдэх нь гэтэл бөөр, шээсний зам, элэг, уушги, тархи гэхчлэн олон эрхтэн системийг хамарсан эмгэг өөрчлөлттэй болсон байсныг түүний ээж Т.Шинэбаяр Монголдоо ирэхээс хоёрхон хоногийн өмнө л мэджээ.
Хамгийн ноцтой нь, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний дараах гарч болох эдгээр эрсдэлийг, тэр нь бүр амь насны заалттай гэдгийг охины гэр бүлийнхэнд урьдчилан тайлбарлаж, сэрэмжлүүлээгүй. Эмч нарын “Бага зэргийн харшлын урвал явагдана. Тэр сонин биш” гэж ойлгуулсан нь охиных нь амийг авч одно чинээ хэн ч санаагүй нь ойлгомжтой. Хэрэв эрсдэлийг бодит үнэнээр нь хэлсэн бол заавал үүдэл эс шилжүүлэн суулгуулахгүйгээр эмчилгээний өөр хувилбар сонгож болох байсан хэмээн Т.Шинэбаяр гансарч харуусан ярилаа.
ТАРХИНД НЬ ЦУС ХАРВАЖ, УУШГИНД ЦУС ХУРСНЫГ НУУСАН БАЙЖЭЭ
Үүдэл эс шилжүүлэн суулгасны дараах гурван сарын хугацаа энэ гэр бүлийн хувьд зөвхөн эмчилгээ бус, санхүү, сэтгэл зүйн туйлын дарамтын үе байлаа. 90 хоногийн турш өдөр бүр шинэ эмчилгээ, төлбөр, бас эдгэрнэ гэсэн итгэл. Эмчилгээний чиглэл байнга өөрчлөгдөж, ээж охин хоёрыг туйлдуулж байсан юм. Энэ талаараа Т.Шинэбаяр “Манай гэр бүл анхнаасаа “Лу Даопэй” цусны эмгэг судлалын төв эмнэлгийнхэнд охиндоо 100 хувь тохирох донороос үүдэл эс шилжүүлэн суулгана гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл тэгээгүй. Донорын эд, эсийн нийцлийн хувь 50 хувьтай байснаас үүдэн охин минь дааж давшгүй хүнд өдрүүдийг туулсан. Хятадууд өөрсдөө ч ярьдаг юм билээ. Үүдэл эс суулгасны дараах харшил ходоодонд нөлөөлбөл мөнгө их авдаг, уушгинд “хүрвэл” аминд халтай гэж. Эмчилгээний дараах хариу урвал уушги руу дайрвал үндсэндээ амьдрах найдвар тун бага. Харин миний охиных ходоод руугаа нөлөөлсөн учраас амьдрах найдвар байсан гэж хардаг. Гэтэл “Лу Даопэй” эмнэлгийнхэн ард нь гарах энэ мэт хүндрэлийг огт хэлээгүйд л гомдож байгаа. Нөгөө талаас бидэнд хэл ус мэдэхгүйн бэрхшээл тулгарсан учраас орчуулагчаар дамжуулж харилцаж байсан минь бүрэн ойлголцоогүйн гол шалтгаан болсон. Хагалгааны өмнө энэ бүхнийг урьдчилан хэлээгүй юм гэхэд үүдэл эс суулгуулснаас хойш гурван сарын турш охин минь тэгж их тарчилж, амь нас нь эрсдэхдээ тулчихсан байхад хүртэл бидэнд “Танай хүүхэд эдгэрнэ ээ” гэж итгүүлсэн нь хамгийн харамсалтай. Өдөр бүр л “эдгэнэ, төлбөрөө төл, мөнгөө тушаа” гэсээр төрөл бүрийн эмчилгээ манай охинд туршсан.
Үүнийг дагаад эмчилгээний төлбөр маш их гарч байлаа. Өдөрт багадаа тав, тэгээд л 15-27 сая төгрөг эмнэлэгт тушаана. Өвчтэй хүнээ сахиад сууж буй бидэнд энэ бол санхүүгийн асар хүнд дарамт, сэтгэл зүйн дайралт. Үүнээс хэцүү нь, хүүхдийн минь амь нас мөнгөтэй холбоотой гэж бодохоор зүрх хаагдчих шиг л болно. Төлбөрийг нь тушаахгүй л бол миний охин явчих гээд байгаа юм шиг санагдаж, өр зээл юу л байна, мөнгө олох боломжтой бүх аргыг ашигласан. Ард түмнээсээ, сошиалаар гээд мөнгө гуйгаагүй суваг байгаагүй. Найз нөхөд, хамаатан садан, анги хамт олон нь, ажлын газрынхан, ард иргэд миний охинд ахин дахин тусалсан. Бүгдэд нь үгээр илэрхийлэхийн аргагүй талархаж байгаа” гэсэн юм.
Охины элэг авах юмгүй гэмтэж, давсаг нь цусаар дүүрсэн байхад хүртэл “Лу Даопэй” эмнэлгийнхэн түүнийг “Эдгэрнэ” гэж эцэг, эхэд нь хэлж байжээ. Тэгсэн хэрнээ эмчилгээний сүүлийн хоёр хоногт гаднаас дуудаж авчирсан урологийн эмч нарын оношоор охиныг “Эх орон руугаа буц, манайд эмчилгээ байхгүй” гэсэнтэй Т.Шинэбаярын гэр бүл огтхон ч эвлэрч чадахгүй яваа юм. Ингэж хэлэхдээ тэд “Эмчилгээний явцад амь насанд нь эрсдэл үүссэн 16 заалт байгаа”-г дуулгажээ. Тийм тодорхойлолт гаргаж өгөөд гарын үсэг зурахыг шаардсан байна. Улмаар охиныг аваад онгоцоор явбал цус харвах, эсвэл цус алдаад эндэх аюултай гэжээ. Охины ээж “Арай ч дээ, юу гэсэн үг юм бэ. Та нар энэ тухайгаа бидэнд огт хэлээгүй шүү дээ” гээд уйлж орилоход эмч нар юу ч хэлж чадаагүй аж. Хамгийн эмгэнэлтэй нь, ар гэрийнхнээр нь гарын үсэг зуруулах үед охины тархинд хэдийн цус харвасан, уушгинд нь хүртэл цус хурчихсан байсныг хэлээгүй, нуусан байжээ.
ЭРСДЭЛИЙГ ЗАЙЛУУЛДАГ ЗАЛЬ
“Охин минь тэсэхгүй нь, хамгийн сүүлийн эмчилгээг хийлгэхгүй гэхэд бид чадна гэж зүтгэсээр миний охиныг үхэлд хүргэсэнд маш их гомдолтой байна” хэмээн Т.Шинэбаяр ахин дахин хэлсээр байв. Гадаадын, тэр дундаа эмчилгээний аялал жуулчлал хөгжсөн олон улсын эмнэлгүүдийн нийтлэг залийг “Лу Даопэй” эмнэлгийнхэн ч хэрэглэж. Энэ нь эмчилгээг солих бүрдээ, хийхээсээ өмнө гарын үсэг зуруулж, эрсдэлийг өвчтөн, түүний ар гэрт шууд шилжүүлдэг механизм юм. Өөрөөр хэлбэл, “гомдолгүй” гэх утгатай бичигт хурууны хээ хүртэл даруулж, эргээд заргалдах эрхгүй болгодог луйврын шинжтэй баримт үйлддэг гэсэн үг. Үйлчлүүлэгчдийн хэлний бэрхшээл, эмнэлгийн орчны дарамт, сэтгэл зүйн хүнд нөхцөл, эмзэг байдлыг нь ашиглан гарын үсэг зуруулдаг эл процесс Т.Шинэбаярт сонголт өгөөгүйн дээр бүр албадлагын шинж чанартай байж. Охинд хамгийн сүүлд хийсэн эмчилгээний өмнө заавал өвчтөнөөр гарын үсэг зуруулна гээд шавдуулж байсан нь хожмын маргаанаас урьдчилан сэргийлэх зорилготой байсныг үгүйсгэхгүй хэмээн гэр бүлийнхэн нь сэрдэж буй. “Нас барчихвал бидэнтэй заргалдаж чадахгүй” гээд ар гэрийнхнээр нь бус, охиноор гарын үсэг зуруулсан байх хэмээсэн. Эмч нар охины тавиланг хамгийн сайн мэдэж байсан тул үгүй гэх газаргүй.
Т.Шинэбаярын гэр бүл хайртай охиноо алдаж, өөрсдийн сэтгэл санаа, санхүү, эдийн засаг гээд бүхий л зүйлээрээ ийн хохирсон. Тиймээс тэд Хятадын талд буюу үүдэл эс шилжүүлэн суулгуулсан “Лу Даопэй” цусны эмгэг судлалын төв эмнэлэгт гомдол гаргаад, олон улсын шүүхэд хандвал боломж байгаа, эсэхийг судалж, өмгөөлөгч нараас зөвлөгөө авахад олонх нь “Ер нь хэцүү дээ” гэсэн хариулт өгчээ. Учир нь тухайн эмнэлэг дээр өгүүлсэнчлэн дараа нь гарах эрсдэлийг үйлчлүүлэгчдээс хэдэн зуу, мянган алхмын өмнө түрүүлээд харчихдаг учраас гадаадын эмчлүүлэгч нарт онцгой “анхаарал тавьсан” нь тэр байж.
ХӨМӨРСӨН ТОГОО ШИГ Л АМЬДРАЛ ҮЛДЭВ
Охиноо өдөрт 45 удаа суулгаж байх үед нь эх орондоо буцъя гэж шийдсэн ч гүйлгэлтийг Монголд торгоох хэцүү, эм, тарианы олдоц муу учраас арга буюу эмчлүүлж буй эмнэлэгтээ үлдсэнээ охины ээж хэлсэн. Тэрбээр “Лу Даопэй эмнэлэг аргагүй том төв тулдаа өдөр бүр алдагдсан эрдсийг нь нөхөж л байсан. Эм, тариа олдохгүй гэх юмгүй нь л давуу тал байсан юм уу даа. Үүдэл эс шилжүүлэн суулгуулсан болохоор эцсийн мөч хүртэл гүрийгээд, охиноо хөл дээр нь босгоод нутаг буцъя л гэж бодож, эмчилгээгээ үргэлжлүүлсэн минь алдаа боллоо” хэмээв.
Эл хугацаанд охины гэр бүл өвчинтэй тэмцэхийн сацуу санхүүгийн гүн хямралд орсон байлаа. Тэд байр, машин, газраа зарж 240 сая төгрөг босгосон. Дээр нь ах, дүү, хамаатан садныхаа үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан зээл авч, нийт 500 орчим сая төгрөг бүрдүүлжээ. Тэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний зардалд “Лу Даопэй эмнэлэгт эхний ээлжид 600- гаад сая төгрөг тушаасан байна. Мөн хагалгааны дараа гарсан хүндрэлээс улбаатай гурван сарын эмчилгээний төлбөрт 400 гаруй сая төгрөг төлжээ. Ингээд нийт нэг тэрбум гаруй төгрөгийг тус эмнэлгийн дансанд хийсэн гэнэ. Тэдний эмчилгээний төлбөрт ах, дүү, төрөл садан, найз нөхөд, ажлын хамт олон, охины сургуулийнхан нийлээд 200-гаад сая төгрөг хандивлажээ. Тэд өөрсдөө ч зогсоо зайгүй хөдөлмөрлөн, бичиг хэрэг, хандивын бал зарж, лайв тоглолт, контент хийн мөнгө олж, сүүлд нь ард түмнээсээ хандив нэмж цуглуулаад нийт 300 гаруй сая төгрөгийг бүгдийг нь охиныхоо эмчилгээнд зарцуулсан.
Охин нэг ах, нэг эрэгтэй дүүтэй, айлын дундах нь байжээ. Энэ бүхний дараа Т.Шинэбаярын гэр бүлийн амьдрал жилийн өмнөх болон одоогийнхтой харьцуулахад хөмөрсөн тогоо шиг л болж. Тэд саяхан л элэг бүтэн, аз жаргалтай, инээд хөөртэй амьдарч байсан бол өдгөө өнчирч хоцорсон дөрвөн хүн, амьдралын ямар ч баталгаагүй өрх айл, өр шир, зээлээс өөр юмгүй үлджээ. Тэд 2026 оны нэгдүгээр сарын 12-нд буюу охиныг нас барахаас хоёр сар орчмын өмнө гадаадад эмчлүүлсэн эмчилгээний төлбөрийнхөө тодорхой хувийн буцаан олголтыг авахаар холбогдох бүх баримт, материалаа бүрдүүлэн ЭМЯ-нд өгчээ. Тэр мөнгөөрөө ядаж ах дүү, хамаатан садныхаа барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлж өгье хэмээн хүлээн суутал төсөөлөхийн аргагүй хариу ЭМЯнаас авсан байна.
Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан оношоор гадаадад эмчлүүлсэн тохиолдолд буцаан олголт авахыг хүсвэл холбогдох материалаа гурван сарын дотор бүрдүүлж өгөх журамтай. Үүний дагуу тэд ЭМЯнд хандсан нь энэ. Охины гэр бүлийнхэн нийт гаргасан нэг тэрбум гаруй төгрөгийн зардлаасаа буцаан олголт авъя гээгүй аж. Зөвхөн үүдэл эс шилжүүлэн суулгахад тушаасан төлбөр болох 600 сая төгрөгийн баримтыг бүрдүүлэх материалдаа хавсаргажээ.
Тэгтэл ЭМЯ-ны 2026 оны гуравдугаар сарын 17-ны “Хариу ирүүлэх тухай” албан тоотод “Таны 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн өргөдөлтэй танилцан, хариуг хүргүүлж байна. Гуравдугаар сарын 12-ны өдрийн гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар орон тооны бус дэд зөвлөлийн хурлаар өргөдлийг хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам батлах тухай” 78 дугаар тогтоолын 6.5-д “... Зөвлөлийн шийдвэр гарахаас өмнө нас барсан тохиолдолд санхүүгийн дэмжлэг нөхөн олгохгүй” гэж заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй болохыг мэдэгдэж байна”. Эрүүл мэндийн яам, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв” гэсэн байжээ.
Үргэлжлэл бий.