УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, Б.Заяабал, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Б.Уянга нар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өчигдөр өргөн мэдүүллээ. Хүүхдийн эрхийн хамгаалахтай холбоотой хэд хэдэн хууль манай улсад байдаг ч хэрэгжүүлэх механизм дутмаг, зохицуулаагүй асуудал ихтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. Тиймээс хүүхдийн оролцоонд суурилсан хөгжлийг дэмжих, нас насны ялгаатай байдлыг харгалзан үзэж тэгш хамруулах, хот ба хөдөөгийн ялгааг арилгах, багш, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх талаар тусгасан гэнэ.
Хуулийн төсөл нь таван бүлэг, 20 зүйлтэй, хүүхдийн хөгжлийн дэмжихийн тулд хичээлээс гадуурх сургалтад хамруулахад эцэг, эхийн болон төрийн байгууллагын үүрэг, оролцоо ямар байхыг тодорхойлжээ. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэр, түүнийг зарцуулах журмын зохицуулалт, хуулийг хэрхэн хэрэгжүүлэхэд тавих хяналт зэргийг тодорхой болгосон байна. Уг хуулийн төслийг баталснаар хүүхэд чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэхэд зориулах тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэж, энэ чиглэлээр ажилладаг өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх гэнэ. Төсөл санаачлагч Л.Мөнхбаясгалан “Энэ бол Европын есөн орноор явж, биет судалгаа хийсэн, 2018 оноос хойш ажилласан, анхдагч хуулийн төсөл юм. Уг хуулийг баталбал Монгол Улс ирээдүй үедээ оюуны болон эрүүл мэндийн хөрөнгө оруулалт хийх хуулийн дэд бүтэц бүрдэнэ” гэжээ.
С.Уул