Зүүн хойд Азийн хотуудын дарга нар Улаанбаатарт хоёр дахь өдрөө чуулж байна. Тэд “Хотын ногоон хөгжил” сэдвийн дор өөр өөрсдийн ололт амжилт, алдаа оноогоо хэлэлцэж, харилцан туршлага солилцож буй. Сөүл хотын дарга Пак Вон Сүүн улсынхаа баримталж буй ногоон өсөлтийн бодлогыг танилцуулж, 2030 он гэхэд тус хот хүлэмжийн хийн ялгарлаа 20 сая тонн хүртэл буюу 37 хувиар бууруулах зорилт тавьснаа хэлэв.
Хүлэмжийн хийг бууруулах болон Ногоон өсөлтийг дэмжих гэх мэт биеэ даасан хуулиудтай болж, ногоон хөгжил, ногоон өсөлтийн зах зээл бий болгохоор зорьж буй солонгосчууд мөн он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 10 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэдгээ ч мэдэгдлээ. Ногоон хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой бодлогоороо бүс нутагтаа төдийгүй тив, дэлхийд гайхагдаж буй Сөүл хотын удирдлагууд хүрэх газраа ийнхүү яг таг тодорхойлж, иргэд нь ч үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүгдээрээ хичээсний үр дүнд дэлхийн ногоон өсөлтийн жишиг хот болохоор зорьж буй гэнэ.
Хөлөнбуйр хотын Тамгын газрын дарга Цүй Син Юү мөн л сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлж, сүүлийн арваад жил жирийн ард иргэдээс эхлээд томоохон үйлдвэр, аж ахуйн газрууд хүрэн нүүрс хэрэглэхээ бараг больж буйг хэллээ. Японы Ниигата хотын дэд дарга Такэёши Фуруки хот, хөдөөгийн ахуйг хослуулан, эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн бий болгосон тухайгаа, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын мээр Александр Голков хотынхоо тогтвортой хөгжлийн нууцаас бас дэлгэв.
Ногоон технологи, ногоон дэд бүтэц, ногоон өсөлт, ногоон ажлын байр, ногоон хөгжилтэй хот... гээд “ногооноор” амьсгалсан танхимд гадаадынхан “гайхуулж”, манайхан толгой дохиж суулаа. Гэвч одоохондоо манайд ногоон гээд гайхуулах юм үгүй учраас бидний байр суурь ийм байгаад бухимдах нь илүүц биз. Агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, цэвэр усны менежмент, нийтийн тээвэр, эрчим хүчний асуудлаа хэрхэн шийдэж чадсанаар нь тухайн хотыг “ногоон” гэсэн ангилалд оруулах, эсэхийг шийддэг.
Улаанбаатарын хувьд ногоон хотын аль ч үзүүлэлтийг хангахгүй байгаа. Гэвч алийн болгон юм юмнаас айж бэргэн, алгын чинээ болж суух вэ гэсэн шиг “Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бүс нутагт ногоон хөгжлөөр манлайлах зорилт тавьж байгаа” хэмээн манай хотын мээр өнгөрсөн жил бүс нутгийнхаа хотын дарга нарын нүүрэн дээр зарлаж орхисон. Одоо бид хэлсэн амандаа хүрэх учиртай.
Түүний тулд өөрсдийн өмнө тулгамдаад буй олон асуудлыг бүс нутгийн хэмжээнд нээлттэй тавьж, ямар арга замаар хэрхэн даван туулах тухай ярилцах, харилцан туршлага солилцохоор энэхүү форумыг Улаанбаатарт зохиож байгаа хэрэг. Бас дэлхийн өнцөг булан бүрт бидэнтэй адилхан зовлон туулж буй бусад хотынхонд үлгэр жишээ үзүүлж, хамтдаа ногоон хөгжлийн зүг тэмүүлэхийг дэлхий нийтэд уриалах том амбийц ч бий.
“Дэлхий дахинд, түүний дотор Азийн хотуудын хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөнд илүү анхаарал тавьж, хот суурин газрын ногоон хөгжлийн бодлогоо гаргах болсон боловч агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, эрчим хүчний хэрэглээний өсөлт зэрэг сорилт хот суурин газар бүрт нүүрлэж байна. Эдгээр сорилтыг давахын тулд бүс нутгийн хотууд аж үйлдвэр, тээвэр, орон сууц, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт ногоон технологи нэвтрүүлж, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчийг үр ашигтай ашиглах, амьдрах орчныг сайжруулахад анхаарал хандуулан ажилладаг болжээ.
Нийслэлийн оршин суугчдад тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадварыг бий болгох, хотод ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэх үүднээс бид “Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги” төлөвлөгөөний төслийг боловсруулж байна” хэмээн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл форумыг нээж хэлсэн үгэндээ онцолсон. Өдгөө дэлхийн улсуудын ялгаруулж буй хүлэмжийн хийн 32 хувь нь Зүүн хойд Азийн зургаан орных аж.
Тиймээс эдгээр орны хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд дэлхий нийтэд хамаатай, тэр хэрээрээ үр өгөөж нь ч арвин. Нар, салхины эрчим хүчний нөөц ихтэй Монгол орны хувьд ногоон хөгжлийн урт хугацааны төсөл хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр, дэмжлэг шаардагддаг.
Харин тогтвортой хөгжил, ногоон хотын төлөө Зүүн хойд Азийн орнуудын хүчин зүтгэл ямар байгааг, тэр дундаа монголчууд үүнд ямар үүрэг оролцоотойг дэлхий нийтэд харуулах, олон улсын санхүүгийн байгууллагын тусламж дэмжлэгийг татахад энэхүү хурал чухал ач холбогдолтой. Учир нь эндээс гарсан уриалга, зөвлөмж ирэх арванхоёрдугаар сард Парист, НҮБ-ын индэр дээрээс дэлхий дахины сонорт хүрэх юм.
Тэр үед Улаанбаатар хот ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй орны тоог нэгээр нэмснээ зарлахаар нийслэлийн удирдлагууд шаргуу ажиллаж буй. Энэ хурлын үеэр ярьсан олон шинэлэг санал, санаачилгыг ажил хэрэг болгох тэрхүү төлөвлөгөөгөө урт хугацаанд, тогтвортойгоор цааш үргэлжлүүлэх нь л одоо маш чухал байна.
Л.ГАНЧИМЭГ