Буудайн үнэ, урамшуулал, импорт гээд удахгүй “босож” ирэх асуудал цөөнгүй. Тэнгэр муухай аашилснаас шалтгаалж, бид энэ жил 256.000 тонн буудай авах урьдчилсан баланс гарсан. Үнийг нь ТЭДС биш, зах зээлийн зарчмаар, Хөдөө аж ахуйн биржийн арилжааны дүнгээр тогтооно гэж салбарын яамныхан ярьж байна.
Мөн буудайн урамшууллыг ч улаан буудайн цавуулагтай уялдуулах төлөвлөгөө бий. Энэ талаар Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Хүнсний улаан буудай биржээр арилжих талаар яриад багагүй хугацаа өнгөрсөн ч өдий хүртэл бүрэн хэрэгжүүлээгүй. Харин энэ намраас идэвхтэй арилжих сураг сонслоо.
-Өнгөрсөн хавар спот гэрээгээр арилжиж туршсан. Хүнсний аюулгүй байдлын үүднээс улаан буудай худалдагч тал бараагаа итгэмжилсэн, стандарт хангасан газарт хадгалах ёстой. “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Од” зэрэг томоохон компанийн, орон нутагт Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гийн зургаан агуулах л ийм шаардлага хангадаг.
Төрөөс зөв менежмент хийж, уг агуулахуудаар дамжуулан буудай арилжиж болох ч хүсэл, зориг алга. Биржээр буудай арилжих нь боломжгүй зүйл биш, өнөөдөр, маргааш ч болно.
-ТЭДС-гийн агуулахуудыг танайх өнгөрсөн оны нэгдүгээр сард итгэмжилсэн. Тэр үеэс хойш арилжих боломжтой байжээ?
-Тэр үед сангийн агуулахад буудай байсан ч зарахгүй дарсан. Харин Р.Бурмаа сайд ирээд зарж үзье гэсэн. Туршилтын арилжаа хийсний дараа болох юм байна гэсэн ч дахиад л зогсчихлоо. Сангийн агуулахууд манай Ложистик, барааны албанд цахимаар мэдээгээ оруулж, захиалгаа брокерт өгөх ёстой. Бид бүх агуулахад Агуулахын бүртгэлийн программ суулгасан.
Брокеруудад захиалга өгөх нь ТЭДС-гийн ажил. Эсвэл тэднийд буудайгаа хадгалуулсан хувь хүн, тариаланчид өгч болно. Түүнийг нь гурилын үйлдвэр үүд худалдаж авна. Ийм л амархан үйл явц.
-Ирэх сарын 15 гэхэд буудайгаа хурааж дуусна. Тэр үеэс биржээр арилжиж эхэлнэ гэсэн байх аа?
-Хувийн хэвшлийнхэн хураасан буудайгаа хаана хадгалах вэ. Шороон дээр нуруулдаад хураачихвал түүнийг хэддүгээр ангилал гэж ялгах вэ. Бирж итгэмжлээгүй агуулах, савнаас захиалга авч, арилжаа хийхгүй.
Хувь хүн, газар тариалангийн компани ТЭДС-гийн агуулахад буудайгаа тушаагаад, дараа нь брокерт захиалгаа өгч, бараагаа зарна. Тус сан өдгөө энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тариаланчид буудайгаа өгөх, үгүй нь тодорхойгүй. Бирж зах зээлийг нь л зохион байгуулах үүрэгтэй.
Түүнээс биш, бид “Чи буудайгаа өгөөрэй, зараарай” гэхгүй. Сайдын тушаалаар биржээр борлуулах барааны жагсаалтад буудайг оруулсан, зарах бүрэн боломжтой ч ТЭДС буудай байна, заръя гэж захиалга өгөхгүй бол яах вэ. Зургаан агуулах нь 186.000 тоннын багтаамжтай. Төр буудайг нь агуулахдаа хадгалаад, арилжих зохицуулалт хийх боломж нээлттэй.
Манай улсын буудайн хэрэгцээ 360.000 тонн байхад энэ намар 256.000 тонныг хураана гэсэн урьдчилсан баланс гарсан. 104.000 тонн будаа дутагдах тул импортолно. Буудай ховор байгаа энэ үед тариаланчид биржээр зарвал илүү ашигтай.
550.000 төгрөгөөр зарахгүй, 750.000-аар зарна гэсэн ч авах зах зээл бий. Харин төр засаг үнэ өсчихнө гэж айж байгаа байх.
-Өнгөрсөн хавраас буудайн урамшууллыг чанартай нь уяна гэж ярьж байгаа. Энэ талаар хэрэгжүүлж буй ажил бий юү?
-Уг нь тэгж ярьж байсан. Буудайг цавуулгаас нь хамаараад I, II, III зэрэгт ангилж, арилждаг. ТЭДС-гийн агуулахууд бүгд ингэж ангилах боломжтой учраас урамшууллыг чанартай нь уялдуулж болно. Өөрөөр хэлбэл, Дорж ТЭДС-гийн Хархорин агуулахад I ангиллын 100 тонн буудай хадгалууллаа гэхэд сан өрөндөө 20 хувийг нь авч, Дорж үлдсэн буудайгаа хүссэн үнээрээ зарах боломжтой юм.
-Гурилын үйлдвэрүүд ямар байр суурьтай байна вэ?
-“Буудай зарах гэж байгаагаа урьдчилж мэдэгдэж бай” гэж гурил үйлдвэрлэгчид хэлж байна. Тариаланчид яагаад ойлгохгүй байна вэ гэдэг ганцхан асуудал одоо тулгарна. Уг нь тэд буудайгаа ТЭДС-гийн агуулахад хийгээд бирж дээр захиалга өгчихөөд сууж байх хүмүүс. Агуулахад хадгалуулсныхаа хөлсийг зарсныхаа дараа төлчихнө. Даанч үүнийг хүсэхгүй.
Шалтгаан нь урамшуулал. Тариагүй байж урамшуулал авдаг хүн цөөнгүй. Тэр хүмүүс баригдах гээд байгаа юм. Агуулахад 100 тонн буудай хийж байж л зарахаас биш, 100 тонныг хийсэн гэж бичиг гаргачихаад зарж болохг үй. Хуурамч 100 тонн буудайныхаа урамшууллыг авч чадахгүйд хүрнэ.
Мөн биржээр арилжаад эхлэхээр арын хаалгаар, II ангиллын буудайг I ангиллынх “болгодог”, I ангиллын буудайг II-ын үнээр авдаг наймаа “устана”. Гурилын үйлдвэрүүдэд ч тариалангийн талбай хэсэхгүйгээр, агуулахад байгаа I, II, III ангиллын буудайнаас сонгох боломж олгоно.
-Ийм хүсэл, зориг суухад багагүй хугацаа шаардах юм биш үү?
-Хүсэл, зориг гаргах хэцүү биш. Урд хөршид нэг тонн улаан буудайн үнэ 1100 юаниас буурвал төр нь худалдан авч, тариаланчдаа дэмждэг. Хойд хөрш 1.2 сая тонн буудай хадгалах хүчин чадалтай, манай ТЭДС-гийнх шиг агуулахуудтай. Энэ хэмжээний буудай тариаланчдаасаа авчихаад үнэ өсвөл зардаг, хэт буурвал өөрсдөө худалдан авдаг.
Манайх болохоор хаана аваад байгаа нь, хэнд, хэдээр өгч буй нь тодорхойгүй. Тэгсэн мөртлөө урамшуулал гээд мөнгө өгөөд байна.
-Байнга арилжихын тулд фьючерс арилжааны систем нэвтрүүлнэ гэж байсан. Энэ ажил ямар шатанд байна вэ?
-Фьючерс арилжааг бид хийж болно. Гэхдээ технологио шинэчлэх ёстой. Засгийн газар манайд мөнгө өгч, технологийн шинэчлэл хийнэ гэсэн ч үлгэр болсон. 2015-2016 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд Хөдөө аж ахуйн биржийг оруулж, нэмэлт хувьцаа гаргаж, хөрөнгө оруулалт татаад технологио шинэчил гэсэн.
Бид технологийн хувьд АНУ-ын НАСДАК групптэй ярилцаж байна. Манайх хувьцаа гаргах хөтөлбөр, танилцуулга гаргаж, ТӨХ доод үнийг нь тогтоочихвол энэ онд багтаан нэмэлт хувьцаа гаргаад, технологио шинэчилж эхэлнэ. Уг ажлыг ирэх оны наймдугаар сараас өмнө дуусгах төлөвлөгөөтэй байна.
Фьючерс арилжаа нэвтрүүлчихвэл бизнесийнхэн эдийн засгийн ач холбогдлыг нь ойлгоод, оролцоод эхэлнэ. Учир нь фьючерс гэрээний арилжаа нь бараа, бүтээгдэхүүний үнийн тодорхойгүй байдлаа урьдчилан удирдах боломж олгодог.
Ч.МӨНХЗУЛ
