БНХАУ-ын дарга Си Зиньпиний АНУ-д хийх долоо хоногийн айлчлал энэ сарын 22-ны мягмар гаригт эхэлсэн юм. Хөл эхэлж тавих газар нь Сиэтл хот бөгөөд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээр ноён Си үг хэлснээр айлчлал нь өндөрлөлөө. Америк, Хятад хоёр дипломат харилцаа тогтоогоод удаагүй байхад буюу 1979 оны нэгдүгээр сарын эцсээр өргөн хүрээтэй бүрх өмсөж инээмсэглэсэн Дэн Сяопиний зураг дэлхийн хэвлэлүүдийн эхний нүүрэнд хэвлэгдэж байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картерийн хувийн эзэмшилд Хятадын өөрчлөлтийн эцэг очсоноор хоёр гүрний харилцаанд шинэ хуудас нээгдэж буйг харуулж байлаа. Америк, Хятадын энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байхад Хятадын удирдагчийн Америкт хийсэн анхны айлчлалыг байн байн дурсаж байв.
Америкт сая хийсэн Си Зиньпиний айлчлалаас ямар үр дүн хүлээж болох хийгээд олон жилийн турш нягт хамтын ажиллагаа болон сөргөлдөөний тэнцвэрийг хадгалж ирсэн хоёр улсын харилцаанд энэ айлчлал шинэ эргэлт болох эсэх талаар цухас өгүүлье.
Ерөнхийлөгч Обама, Си Зиньпин хоёрын хооронд хувийн гойд харилцаа бий болсон гэж хэлж болохгүй. Гэхдээ Хятадын дарга Си урьд нь АНУ-д ирэх үеэр тэд нэлээд хугацаагаар ярьж хөөрч байсныг шинжээчид хэлдэг юм. Түүгээр ч барахгүй Калифорнид тэрбумтан Уолтер, Леонор Анненберг нарын “Саннилэндс” эзэмшилд тэд хоёулхнаа уулзаж байсан тохиолдол ч бий юм билээ.
“Хятад мөрөөдлийн” эх үндэс болсон байж болох “америк мөрөөдөлтэй” Си анх тун даруухан байдалд нүүр учирч байжээ. Мужийн түвшинд намын ажлын дөртэй болж байсан Си 1985 онд эрдэнэ шиш тарьж буй туршлагыг нь судлахаар Америкийн Айова муж улсад очсон байна. Мускатин гэдэг жижиг хотод Си америк айлд зочилж байсан бөгөөд Хятадын дээд удирдагчдаас хэн нь ч ингэж явсангүй.
Си Зиньпин, Пэн Лиюань хоёрын ганц охин Си Минцэ АНУ-д суралцаж, өөр нэрээр Харвардад сэтгэл зүйн ухаан судалсан аж. Энэ бүхэн нь Си-г Америкт талтай ханддаг улстөрч болохыг нь илэрхийлж буй юм биш.
Си Зиньпин Төрийн эрхэнд ирснээр Хятадын гадаад бодлого илүү тууштай болж, улс орнуудын талаарх чиглэл хандлага нь өөрчлөгдөн тодорхой болж, Америктай тогтоосон харилцаагаа дипломат бодлогын чухал чиглэл гэж үзэх болсон байна. Түүний зэрэгцээ “Их гүрнүүдийн хоорондын харилцааны шинэ хэв загвар бий болгох нь чухал байсан” гэж Хятадад одоо ярих болжээ.
Дэлхийд “том гүрэн” олон ч ихэнх шинжээчийн үзэж буйгаар энэ томъёоллыг чухамхүү АНУ-тай харилцахад л хэрэглэж буй аж. Санал нийлэхгүй юм байсан ч тэр нь хамтын ашиг сонирхлыг хэрэгжүүлэхэд саад болох ёсгүй. Энэ бол “шинэ загвар”-ын мөн чанар нь.
Өрнөдийн улс төр судлаачдын үзэж буйгаар улс орных нь аюулгүй байдалд заналхийлж байгаа гол зүйл нь “Фукидидийн занга” (Нөлөөллийн хүрээгээ хадгалахын төлөө Афин, Спарт хоёрын хооронд өрнөж байсан зөрчлийн загвар) гэж Хятадад ярих болсон байна. “Шинэ хэв загвар”-ын зорилго нь энэ “Фукидидийн занга”-ыг гэтлэх, зөрчлөөс зайлсхийх, эрх ашиг шүргэлцэх цэгийг хайх, түүхэн өрсөлдөгчид байснаас ялгарах шинэ зам эрж олохыг оролдох явдал аж.
Хятадтай хамтарч ажилласнаар ямар ашиг олж болохыг харуулах хамгийн сайн жишээ нь Сиэтл хот орших Вашингтон муж улс болж байна. Хятадын зах зээлд өнгөрсөн онд нийлүүлсэн барааны экспорт 21 тэрбум шахам доллар байсан нь бусад муж улсаас давсан байна. Сансрын зориулалттай бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд төдийгүй Вашингтон муж улсын фермийн аж ахуйтнууд ч Хятадад бараагаа нийлүүлдэг.
Өнгөрсөн онд Хятадын компаниуд эндээс таван тэрбум долларын бүтээгдэхүүн худалдаж авсан байна. Түүнээс гадна 1979 онд Америкаар аялах маршрутдаа Сиэтлийг оруулсан Дэн Сяопиний замаар Си Зиньпин явах нь чухал байв.
Сиэтлд Си Зиньпин Америкийн нэртэй улстөрч, тэргүүлэх компаниудын шилдэг менежерүүдтэй уулзлаа. АНУ-ын Худалдааны сайд байсан Генри Паулсоны зохион байгуулсан “дугуй ширээний” ярилцлагад БНХАУ-ын дарга оролцож Эверетт хотод “Боинг” корпорацын үйлдвэрээр зочилсон байна. Америк-Хятадын интернэт үйлдвэрлэлийн форумд тэрбээр бас оролцов.
Айлчлалаа ийм байдлаар эхэлж буй нь Хятад улс “Америкийн доллар, эдийн засаг хоёрыг булшлах” гэж байгаа биш харин ч Америктай ажил хэрэгч түншлэлээ бэхжүүлж, өөртөө ашиг олох явдлаа үргэлжлүүлэхээр шийдсэнийг нь бүхий л талаар харуулж байгаа бус уу. Түүнээс гадна Хятадын тэргүүлэх компаниудын төлөөллөөс бүрдсэн хүчирхэг баг Си Зиньпинийг дагалдаж яваа нь шинээр гэрээ хэлэлцээр байгуулах гэж буйн дохио мөн.
Улсынхаа тэргүүнтэй хамт “Alibaba” групп, “Tencent”, “Lenovo” гэх “аваргуудын” удирдлага, ICBC болон “Bank of China” зэрэг том банкны боссууд Америкт ирсэн юм. Эдийн засгийнхаа өндөр технологийн салбаруудад нэмэлт хөрөнгө татахаар Бээжин тооцож байгаа бол Хятадын үйлчилгээ, банк-санхүүгийн зах зээлийг илүү нээлттэй болгоход АНУ найдаж байна.
Америкийн мэдээллийн нөөц рүү довтолсон хэмээн сэжиглэж буй Хятадын компаниудын эсрэг хориг тавьж, айлчлалын ач холбогдлыг АНУ сэвтүүлсэнгүй. Гэхдээ асуудал хурц хэвээрээ, Вашингтон ч хориг тавихаасаа татгалзаагүй байгаа. Си Зиньпинийг айлчлахын өмнөхөн Хятадын НАХ-ын сайд Мэн Цяньчу тэргүүтэй хүчний байгууллагын томоохон бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Америкт ирсэн юм.
Сүлжээний аюулгүй байдлын хүрээнд Хятад, Америк хоёр итгэлцэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэж Хятадын сайд мэдэгдсэн. Гол нь манай томоохон интернэт гүрэн болсон, цахим дайн хийх боломжтой шүү гэдгээ л Вашингтонд ойлгуулахыг Хятадын тал хичээгээд байгаа нь хэнд ч ойлгомжтой.
Си Зиньпиний дотоод бодлогын нэг гол чиглэл нь авлигатай хийх тэмцэл болсон. Харин үүнд сэжиглэгдсэн төрийн ажилтнууд өөрийн хөрөнгийг аваад хилийн чанад руу гарч нуугдсанаар мөрдөн шалгах ажил мухардалд ордог болчихоод байгаа. Америк, Хятадын хооронд хэрэгтэн солилцох албан ёсны гэрээ байхгүй нь Хятадад саад болж буй бөгөөд Си Зиньпин энэ айлчлалынхаа үеэр үүнийг шийдвэрлэхийг хичээх нь эргэлзээгүй.
Хятадын бизнесмэн, томоохон авлигачийн нэг Лин Ваньчэн Америкт нуугдаж буй. Тэрбээр авлигын томоохон хэрэгт оролцсоны зэрэгцээ Хятадын дээд удирдлагын доторх хэрэг явдлын талаар их юм мэддэг болохоор түүнийг “Хятадын Сноуден” гэж нэрлэдэг юм. Түүний ах ХКН-ын Төв хорооны Тамгын газрын дарга байсан хүн баривчлагдаад одоо мөрдөгдөж буй.
Бээжин, Тайбэй хоёрын харилцаа ихээхэн дулаарч, тэндхийн эрх мэдэл Гоминьданьы төлөөлөгч Ма Инцюгийн гарт ирснээр Тайванийн асуудал хурц байхаа болиод байгаа. Тэгэхдээ л Тайванийн сэдэв Хятад-Америкийн хоёр талын албан ёсны уулзалт бүрт анхаарлынх нь төвд байсаар ирсэн уламжлалтай. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт дээр Америкийн анхаарал Тайванийн салан тусгаарлах асуудалд дахин төвлөрсөн нь мэдээж.
Ирэх оны эхээр Тайваньд болох Ерөнхийлөгчийн сонгуультай уялдан энэ арал тайван байгаасай хэмээн Бээжин хүсэж байгаа. Эх газартай тогтоосон хэлхээ холбоонд нэлээд хуучинсаг байдлаар ханддаг сөрөг хүчин засгийн эрхэнд нь гарлаа ч гэсэн эндхийн засаг захиргаатай эв түнжин муугүй байгаагаа Бээжингийн эрх баригчид хадгалж үлдэхийг эрмэлзэж байгаа юм. Тэгэхдээ Тайванийн улстөрчдөд “буруу дохио” өгөхгүй байхыг Америкийн талд Си Зиньпин уриалж байдаг билээ.
Хоёр удирдагчийн яриа хөөрөөний нэг гол сэдэв нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хамтран ажиллах асуудал байлаа. Си Зиньпин “The Wall Street Journal” сэтгүүлийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа АНУ-тай хамтын ажиллагаагаа цаашид тогтвортой болгох үндэс болохуйц асуудлуудын тоонд хүлэмжийн хий ялгаруулах хэмжээг багасгах явдлыг оруулсан байсан.
Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах тухайд тус хоёр улсын байр суурь ихээхэн зөрүүтэй байдаг. Яриа хэлэлцээний механизмыг “хөдөлгөөнд” оруулахыг Хятад уриалдаг бол “Эдийн засгийн хөшүүрэг” буюу үнэн хэрэг дээрээ шахалт үзүүлэх зам руу Бээжинг Вашингтон түлхэж ирсэн. Энэ тухайд Хятадын байр суурь Оросынхтой төстэй. Ким Жөн Уныг хайхрахгүй байх гэж оролдох тусам байдал улам л хурцадна гэж үздэг.
Өмнөд Хятадын тэнгис гэж Хятад, Америкийн өрсөлдөөний шинэ цэг бий болоод буй. Маргаантай байгаа арлууд дээр өөрийн давуу эрхийг Хятад янз бүрийн аргаар илэрхийлээд байгаа бол Бээжингийн өрсөлдөгчидтэй АНУ идэвхтэй хамтран ажиллаж буй. Америкийн боломжийг Хятад байнга сорьж байдаг болохоор сүүлийн үед байдал зарим талаар жаахан хурцаддаг нь нэгэн давалгаа төдий зүйл ч байж болох юм.
Америкийн боломж шуудхан хэлэхэд хэмжээ хязгааргүй юм биш. Америкийн улс төр, цэргийн дээд түвшинд ширүүн маргаан байдаг бөгөөд “тогтоон барих” сонгодог бодлогын үүднээс америкчууд Өмнөд Хятадын тэнгисийн байдалд хэнэггүй хандсанаар алдаж байна гэж үздэг хүмүүс бий. Хятад энэ бүс нутагт юунд хүрч болох, Америк, Хятадын ашиг сонирхол юун дээр тохиролцож болох тухайд тодорхой төсөөлөлтэй хүн Америкийн засаг захиргаанд тун ховор бололтой юм.
Хятадын даргын АНУ-д хийсэн долоо хоногийн айлчлалын ердөө хоёр хоног нь л албан ёсны хөтөлбөрт зориулагдсан. Тогтоосон дэг журамд захирагдсан ёсорхуу байдал Хятадын удирдагчдын АНУ-д хийсэн бараг бүх айлчлалд давтагдаж ирсэн юм. Зарим нэг нааштай байдал, дохио байна уу гэхээс биш энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаас дорвитой өөрчлөлт харахыг Хятадын тал хүлээхгүй байгаа юм уу гэж бодогдмоор байсан нь нууц биш. Хятад удахгүй Америкийн шинэ засаг захиргаатай нүүр учрах бөгөөд урьд нь нэг бус удаа тохиолдож байсанчлан тэр засаг захиргаа Хятадад хандах хандлагаа чангаруулахаас ажлаа эхэлж ч мэднэ.
Р.ЖАРГАЛАНТ