Амьтан хүний сиймхий, амралтын үеийг далимдуулан УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл заалт Ерөнхийлөгчийн хоригт “тахимаа өгчихсөн”. Хуудуутай, авлигачид, залилан мэхлэгч, төр, төсвийн хөрөнгийг завшигчдыг өршөөх заалт оруулсан энэ хуульд дахиад тотгор учрав. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид Үндсэн хуультай зөрчилдсөн заалтуудыг олж харан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаснаар маргаан үүсгэн хэлэлцэхээр болж байгаа юм билээ.
Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн олон заалт Үндсэн хууль зөрчсөнийг Дээд шүүхийн шүүгчид олж харжээ. Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 5.1, 7.1, 9.1.3, 10.3, 10.6, 10.7 дахь хэсэгт заасан заалт нь эх хуультай харшилдсан аж.
Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1 дэх хэсэгт “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 16.1 дэх хэсгийн 14 дэх заалтад “Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг хориглоно.
Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, 47.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, 47.2-т заасан “Шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэсэн заалттай нийцээгүй байгаа аж.
Жишээ нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.
Гэмт хэрэг гарсан эсэх, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид ямар хохирол учирсан, уг гэмт хэрэгт тухайн хүн гэм буруутай эсэхийг шүүхээр л тогтоодог. Гэтэл шүүхээр нотлогдоогүй байхад Өршөөл үзүүлэх тухай хуульд “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэх зэрэг заалт орсон нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа нь илэрхий.
Түүнээс гадна Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцыг ч зөрчөөд байгаа аж. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээгээ чин шударгаар биелүүлэх нь улс орны аюулгүй, тусгаар, бие даасан байдлыг хангах, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх, нийгмийн хөгжил дэвшлийг түргэтгэх, хүний эрхийг хангах, хуулийн засаглал, нээлттэй байдлыг бэхжүүлэх, энэ талаар олон улсын харилцан ашигтай, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.
Гэвч Өршөөлийн хууль үүнийг зөрчсөн байгаа аж. 1958 оны арванхоёрдугаар сарын 20-нд Монгол Улс нэгдэн орсон Дайны үед энгийн иргэдийг хамгаалах тухай, Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан болон өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай, Дайнд олзлогдогчтой харьцах тухай, 1966 оны арваннэгдүгээр сарын 24-нд нэгдэн орсон Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенц, 2002 оны дөрөвдүгээр сарын 5-нд нэгдэн орсон Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд Цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт хамаарах Эрүүгийн хуулийн 293, 296, Хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэгт хамаарах Эрүүгийн хуулийн 297, 298, 299, 300, 301, 302 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэх, ял шийтгэлээс чөлөөлөхгүй байх, хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй байхаар заасан байдаг.
Гэтэл Өршөөл үзүүлэх тухай хуульд дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас бүрэн өршөөн хэлтрүүлэх, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох заалт орсон нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд заасан “Монгол Улс олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна”, “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалттай нийцээгүй нь үүнээс харагдаж байна. Тэгэхээр Өршөөлийн хууль цэц дээр унаж, олон хүний хүлээлт талаар болох нь тодорхой байгаа юм.
Г.ЦОЛМОН