Монгол Улс тэр чигээрээ залилагчдаар дүүрч. Эрх баригчид нь ард түмнээ залилж ханахгүй, гадаад, дотоодын луйварчид жирийн иргэдийн хөлс хөдөлмөрөө урсган байж олсон хэдийг нь мэхлэн авч ханахгүй нийгэмд бид амьдарч байна. Гэнэн итгэмтгий монголчууд хамаг хөрөнгөө хэн нэгэнд мэхлүүлж ханахгүй л сууна.
Эрх баригч намууд гоё амлалтаараа ард түмнээ хуурч, залилан мэхэлж саналыг нь худалдаж авчихаад дараа нь сонгогчдынхоо нүүрийг ч харж чадахгүй яваа тохиолдол бий. Гэтэл эрх баригч намынхан олонхоороо түрж, монголчуудын анхаарал найр наадамдаа хандсан үеийг далимдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль баталсан нь өөрсдийнхөө амин хувийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсны илрэл гэж хэлж болох.
Авлига, албан тушаалын хэрэг, эд хөрөнгө залилсан, завшсан этгээдүүдийг өршөөхөөр хуульчлаад Ерөнхийлөгч тэр мэтийн олон зүйл ангид нь хориг тавьснаар уг хууль өдгөө хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй болчихоод байгаа.
Хууль тогтоогчид Өршөөлийн хуульд яагаад бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол ард иргэдэд учруулсан этгээдүүдийг өршөөх заалт оруулж ирэв ээ. Ард түмний дуу хоолой болж, эрх ашгийг нь хамгаалахын тулд УИХ-д сонгогдсон атал сонгогчдынхоо эсрэг үйлдэл гаргаж буй нь өргөсөн тангаргаа зөрчиж буйг илтгэх мэт.
Бусдыг залилан мэхэлж, эд хөрөнгийг нь авсны улмаас олон хүн маш их хөрөнгөөрөө хохироод байгаа. Нарийн тоон мэдээг цагдаагийнхан хараахан гаргаж чадаагүй гэх юм билээ. Юутай ч олон зуун тэрбум төгрөгт хүрэх юм гэсэн. Ийм байсаар атал залилагчдыг өршөөх заалт оруулсан нь тэдний мэхэлж авсан хөрөнгөөс хувь хүртсэн улстөрчдийн лобби гэдэг нь ойлгомжтой.
Хүмүүсийн итгэлийг эвдэж, хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдийг нь луйвардан авч, амар хялбар аргаар баяжиж байгаа залилагчдыг өршөөж яав ч болохгүй. Харин ч өөрийнх нь эд хөрөнгийг хурааж, иргэд байгууллагад учруулсан хохирлыг нь бараг дуулахад ашиглаад зогсохгүй гэр бүлийнхнийх нь нэр дээр байгаа эд хөрөнгийг хэдийд ямар замаар авсныг нь тодорхой болгож, өмчийнхөө гарал үүслийг нарийн тайлбарлаж чадахгүй бол гэмт хэргийн замаар олсон гэж үзээд хурааж хохиролд тооцуулдаг болмоор.
Тэгэхээр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорууд залилан мэхлэх гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүнтэй хамаарал бүхий этгээдийн нэр дээрх эд хөрөнгийн эх үүсвэрийг нарийн тодорхой болгож, хохиролд тооцуулбал олон хохирогчийн эрх ашгийг хамгаалж чадна.
Монголчуудын гэнэн итгэмтгий, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн занг ашиглаж луйварчид янз бүрийн аргаар мэхэлж, хохироож байгаа. 10 гаруй жилийн өмнөөс эхэлсэн сүлжээний бизнес нэртэй луйврын бүлгийнхэн одоо ч мэр сэр гэмт хэрэг үйлдсээр. Гадаадад явуулж өгнө, хямд үнэтэй машин авахад зуучилна хэмээн залилах хүмүүс ч байсаар. Монгол хүн монголчуудаа мэхэлдэг дээрх аргууд одоо нэгэнт явцгүй болсон нь тодорхой.
Харин өдгөө гадаадынхантай нийлж, эх орон нэгтнээ, зах зээлийн хүнд нөхцөлд хөл дээрээ тогтож ядан байгаа аж ахуйн нэгжийнхнийг мэхэлдэг, эсвэл залилагч, луйварчдыг хаацайлдаг хэсэг бүлэг этгээд бий болж, залилсан мөнгөнөөс нь хувь хүртэж сууна. Монгол Улсын хуулийг зөрчин, иргэд, байгууллагын эрх ашгийг хохироочихоод эрүүгийн хэрэгт шалгагдаад эхлэхээр нь монголчууд харийнхныг хамгаалж, элэг нэгтнээ хохироож буй жишээ дахин давтагдсаар байна.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ОХУ-ын иргэн Р.Р.Мухарямов гэгч этгээдэд холбогдох хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаачихаад байгаа аж. Дээрх этгээд татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдоод байгаа юм билээ.
Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр ОХУ-д амьдардаг нутаг нэгт эрийн хамтаар монголчуудын итгэлийг олж аван, хямд үнээр замын битум, ахуйн хэрэглээний хий, шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулсан гэнэ. Манай аж ахуйн нэгжийн удирдлагын итгэлийг олж авахын тулд нэг бус удаа зах зээлийн үнээс маш хямдаар дээрх бараануудаа нийлүүлж. Ингээд итгэлийг нь олж аваад нэлээд бараа нийлүүлнэ хэмээн мөнгийг нь урьдчилаад авчээ.
Улмаар “мурих” ажилдаа орж, элдэв шалтаг хэлсээр нэлээд олон жилийн нүүр үзсэн байна. Арга нь барагдсан монголчууд хууль хяналтын байгууллагад хандсанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Мөрдөн байцаалтын явцад нэг бус компанид хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 148.4 гэсэн зүйл ангид заасан “Бусдын онц их хэмжээний хөрөнгийг итгэл эвдэх замаар залилан мэхэлж авсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн зургадугаар сард шүүхэд шилжүүлсэн байна. Гэтэл Р.Р.Мухарямовын өмгөөлөгч тэргүүтэй хүмүүс янз бүрийн шалтаг хэлсээр долдугаар сараас хойш хэд хэдэн удаа шүүх хурлыг хойшлуулж.
Энэ нь мэдээж Өршөөл үзүүлэх тухай хуулийг хүлээсэн арга байв. Хуульч батлагдаж, монголчуудыг залилсан харь орны эрд ч таатай боломж гарч ирсэн нь мэдээж. Гэвч Ерөнхийлөгч хориг тавьснаар хойд хөршийн иргэн, түүнийг хамгаалж буй манайхны санаа нь эс гүйцэлдэв. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг “хамгаалж”, залилсан хөрөнгөөс нь хувь хүртсэн байж болзошгүй хүмүүсийн дунд цагдаагийн байгууллагад дээгүүр алба хашиж байгаад гарсан хүмүүс ч бий гэнэ.
Тэд өдгөө эрүүгийн хэрэгт нөлөөлж, бусдын итгэлийг эвдэн залилан мэхэлсэн Р.Р.Мухарямовт холбогдох хэргийг иргэний хэрэг, гэрээний маргаан болгохоор улайрч байгаа гэх. Харин прокурор, мөрдөн байцаах байгууллагынхан эрүүгийн хэрэг гэдгийг нотолчихоод байдаг.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, Ц.Цэлмэг, И.Ганбат нар багтсан шүүх бүрэлдэхүүн “эрүүгийн хэрэг, иргэний хэрэг” хэмээн маргасны эцэст нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм билээ. Яаж ч бодсон эхлээд хямд үнээр, зах зээлийн үнээс хямдаар бараа нийлүүлж, итгэлийг нь олж авчихаад дараа нь бараагаа нийлүүлэхгүй, мөнгийг нь авч алга болно гэдэг залилан мэхлэх гэмт хэргийн шинж мөн байлтай.
Р.Р.Мухарямовт залилуулсан аж ахуйн нэгжүүд нийлээд хоёр мянга орчим ажилчинтай, түүнийхээ хэмжээгээр нийгмийн даатгал, татвар төлж байгаа. Хэрэв Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар дээрх эр өршөөгдвөл баялаг бүтээгч, аж ахуйн нэгжүүдэд учирсан хохирлыг хэн төлөх вэ. Уг хуульд “Хохирлоо төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өршөөлд хамруулна” гэсэн утгатай заалт бий нь бий. Гэхдээ уг хохирлоо иргэний журмаар нэхэмжилнэ гэж заасан.
Иргэний журмаар нэхэмжлээд хохирсон дээрээ хохироод явах нь хэд бол. Харин шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоож, буруутай нь нотлогдсон бол хохирлоо төлсний дараа өршөөлд хамруулна гэвэл ямар ч хүн шоронд удаан суухыг хүсэхгүй. Тийм ч учраас аж ахуйн нэгж, иргэдэд учруулсан хохирлоо ах дүү хамаатан садандаа шилжүүлсэн хөрөнгөө зарж үрж байгаад ч болтугай төлөх нь гарцаагүй. Харин монголчуудыг залилсан дээрх эрийн тухайд хэргээ иргэний журмаар шийдвэрлүүлэх болчихвол хилээр гаргаж болохгүй гэж хориг тавьсан нь цуцлагдана.
Хориг цуцлагдсан тохиолдолд энэ эр нутаг руугаа талийна. Харин манай аж ахуйн нэгжүүд хоёр тэрбум төгрөгөөр хохироод л үлдэнэ. Нутаг буцсан эрийг оросууд манайханд олж өгөхгүй нь тодорхой. Тэгээд төр засгаас дэмжээд байгаа баялаг бүтээгчид маань яах ч учраа олохгүй л үлдэнэ.
Тиймээс бусдын итгэлийг эвдэн залилан мэхэлсэн гадаад, дотоодын хэнд ч бай Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах, бусдад учруулсан хохирлоо төлөөгүй тохиолдолд ялыг нь хөнгөлөх, хойшлуулах гэх мэт элдэв “урамшуулал” байж боломгүй санагдана.
Г.РАВЖАА