Эдийн засаг элгээрээ харуулдах шахсан, улс орны хөгжлийн галт тэрэг нэг л хөшүүн, зогсонги байгаа энэ цаг үед намрын уламжлалт хөдөлмөрийн яармаг “Хөдөлмөр-хөгжлийн түлхүүр” гэсэн уриан дор зохион байгуулагдав. Хөдөлмөр бол хөгжлийн түлхүүр гэдэг яах аргагүй үнэн. Гэхдээ манайхан бүгдээрээ борви бохисхийлгүй хөдөлмөрлөж чадаж байгаа бил үү. Тийм боломж нөхцөл ингэхэд Монголд хангалттай байдаг бил үү. “Төөрөлдсөн” ажил хайгч, ажил олгогч хоёрыг нэг цэгт уулзуулж, ажилтай, орлоготой монгол иргэдийн тоог нэмэх зорилгоор жил бүр хөдөлмөрийн яармаг зохиодог. Үр дүн нь ямар байсныг харин бодитоор дэнсэлсэн нь хэд бол. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системд энэ оны наймдугаар сарын байдлаар 43.2 мянган иргэн ажил идэвхтэй хайж бүртгүүлснээс 30.4 мянга нь өмнө нь бүртгэлтэй ажилгүйчүүд, үлдсэн 12.7 мянга нь одоо эрхэлж байгаа буюу ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох зорилгоор бүртгүүлсэн хүмүүс байсан аж.
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатарын хэлснээр өнөөдөр Чингисийн талбайд болсон өдөрлөгт 180-аад ажил олгогч 2000 орчим ажлын байр “халааслаад” ирсэн гэнэ. Харин тэдгээр ажлын байр бүгд жинхэнэ “бай”-гаа онож, эздээ олсон болов уу гэдэг эргэлзээтэй. Төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсүүд үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбар голлосон ажлын байранд иргэдийг бүртгэж байв. Оюутны ширээнээс өндийгөөд айхтар удаагүй болов уу гэмээр охид бүсгүйчүүд тэр хавиар эргэлдэх ч яг зориод бүртгүүлэх нь тийм ч олон биш аж. Б хэмээх 26 настай бүсгүй эдийн засагч мэргэжилтэй ч сургуулиа төгссөний дараахан хүүхэд төрүүлсэн тул гэртээ байж байгаад жил гаруйн өмнөөс ажил идэвхтэй хайж, хэд хэдэн банкинд анкет бөглөж өгчээ. Гэвч нэгнээс нь ч хариу өгөөгүй тул саяхан найзаасаа Хөдөлмөрийн яармаг болох гэж буйг сонсоод энд ирсэн гэнэ. Түүний хүссэн мэргэжлийнх нь ажил ховор байгаа ч гурван компанид бүртгүүлсэндээ сэтгэл өег буйгаа хэлээд, “Ядаж аль нэгнээс нь нааштай хариу өгөх байлгүй дээ” хэмээв. Хөдөлмөрийн яармагаас ийм итгэл найдвар тээсэн олон хүн гэрийн зүг алхаж байгаа нь лавтай.
Монголын хөдөлмөрийн салбар, тэр дундаа мэргэжлийн боловсролын өнгө төрхийг тодорхойлдог Үйлдвэр, урлалын политехникийн коллеж, Барилгын политехникийн коллеж, Монгол, Солонгосын политехникийн коллеж тэргүүтэй сургуулиуд төгсөгчдөөрөө энэ өдөр харин гайхуулж байлаа. Энэ удаагийн Хөдөлмөрийн яармаг дээр сонссон нэг олзуурхууштай зүйл нь монголчууд автомашины кузов засах боломжтой болсон явдал. Монгол, Солонгосын Политехникийн коллежийнхон “Монгол кузов засварчинг бид бэлтгэнэ” гэсэн хаяг урдаа тавьчихсан сууж байгаа нь цөөнгүй хүний сонирхлыг татаж байв. Сургуулийнхаа тоног төхөөрөмж, мэргэжлийн бааз сууринд үндэслэн, монгол кузов засварчдыг бэлтгэхээр тэд анхны элсэлтээ авч байгаа аж. Энд нэг жилийн хугацаанд бэлтгэгдэж гарсан кузов засварчид өдгөө вьетнам, хятадуудад “эзлүүлсэн” зах зээлээ монголчууд руу эргүүлэх боломжтой хэмээн үзэж буй гэнэ. Түүнчлэн тэд манай хөдөлмөрийн зах зээлд нэлээд өндөр эрэлттэй байдаг кеттельчин буюу сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин бэлтгэх жилийн курстээ элсэлт авч байв. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр сүлжмэлийн томоохон үйлдвэрүүдэд шууд ажилд орохоос гадна жирийн оёдолчноос илүү өндөр цалинтай гэдгийг дуулаад хэд хэдэн залуу бүсгүй бүртгүүлээд авна лээ.
Мэдээж юуны тулд хөдөлмөрийн яармаг билээ дээ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч, жижиг, дунд үйлдвэрлэл явуулж буй иргэдийн бүтээлээр үзэсгэлэн, худалдаа ч бас гаргасан юм. Бусдыгаа бодвол ногоочид энэ жил ганзага арвинтай байгаа гэнэ. Монголчууд нэг үеэ бодоход илүү бүтээлч хандлага, сэтгэлгээтэй болсон нь үйлдвэрлэгчдийн олон төрлийн бүтээлээс харагдаж байв.