Нүүрс ба төмрийн хүдэр. Энэ хоёр ашигт малтмал ид үедээ манай экспортын орлогын талаас илүү хувийг бүрдүүлж, гадаад худалдаанд нэг болон гуравдугаарт эрэмбэлэгдэж байв. Манай улс зөвхөн энэ хоёр ашигт малтмалын орлогоос 2.6 тэрбум ам.доллар олж байсан түүх саяхных. 2011 онд нүүрс дангаараа экспортын 47, төмрийн хүдэр 10 орчим хувийг бүрдүүлж байв.
Монголын нүүрс, төмрийн хүдэр энэ үед Хятадын зах зээлд ёстой л моодонд орж байсан. Хоёр хөршид болдог олон улсын хурал зөвлөгөөний үеэр ч энэ түүхий эдийн талаар яриа өрнөж, хөрөнгө оруулагчид манайхтай хамтарч ажиллах саналаа ийш чиглүүлдэг байсан гэдэг. Одоо бол гадаадад бүү хэл дотоодод ч сонирхол татахаа больжээ.
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд хүртэл энэ сэдвийг хөндөхөөс төвөгшөөдөг болсон байна. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрс, төмрийн хүдэр аль хэдийнэ моодноос гарсан хэрэг. Үүнийг дагаад үнэ цэнэ нь асар богино хугацаанд оргилоос ёроол руу уруудав. Тухайлбал, коксжих нүүрсний үнэ 2011 онд тн нь 290 ам.доллар хүртэл өсөж байсан бол өнгөрсөн сард дунджаар 56 ам.доллартай тэнцэж байлаа.
Энэ сард ч дахин уруудаж, хилийн үнэ 42 орчим ам.доллар болоод байгаа аж. Төмрийн хүдрийн хувьд жилийн өмнө тн-ын үнэ нь 130 ам.доллар байсан бол одоо 30-52 ам.доллар л шүргэж буй гэнэ.
Төмрийн хүдэр, нүүрсний гол хэрэглэгч нь уг нь манай урд хөрш. Дэлхийн нүүрс, төмрийн хүдрийн нийт хэрэглээний тал хувийг энэ улс “залгидаг”. Тиймээс үнэ ямар байх нь энэ зах зээл өсөж, буурахаас шууд хамаарна. Нүүрс, төмрийн хүдэр бол гангийн гол орц.
Дэлхийд олборлож буй нийт төмрийн хүдрийн 90 гаруй хувийг гангийн үйлдвэрлэлд ашигладаг бөгөөд нийт үйлдвэрлэлийн 50 хувийг мөн л Хятад дангаараа бүрдүүлж буй юм. Сүүлийн жилүүдэд тус улсын гангийн үйлдвэрлэл хэрэглээгээ давж, илүүдэл үүсээд байгаа.
Мөн эдийн засгийнх нь өсөлт саарч буй, хүнд үйлдвэрлэлээс илүү өндөр технологийн салбарууд хөгжүүлэх бодлого барих болсон зэргээс үйлдвэрүүд нь үйл ажиллагаагаа хумьж эрэлт тасралтгүй буурч байна. Энэ нь манай улсын экспортод сөргөөр нөлөөллөө.
НҮҮРС
Энэ оны наймдугаар сарын байдлаар манай улс 9.6 сая тн нүүрс экспортолж 400 сая ам.долларын орлого олжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал энэ нь 22 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэтэл 15 сая тн нүүрс, тн тутмыг нь 60 ам.доллараар экспортолж 900 сая ам.долларын орлого олохоор төсөвт тусгасан. Сангийн яам энэ оны эцэст нүүрсний экспортын хэмжээ 12 сая тн байна гэж төсөөлж буй гэнэ. Тэгвэл үнэ болон хэмжээ багассанаас шалтгаалан зөвхөн нүүрсний экспортын төлөвлөгөө 300 орчим сая ам.доллараар тасрахаар байгаа юм.
Сүүлийн жилүүдэд Хятад улс нүүрсний импортоо тасралтгүй бууруулж байна. Тус улс 2013 онд 75 сая тн коксжих нүүрс худалдаж авсан бол өнгөрсөн онд 62 сая тн болж буурчээ. Энэ оны долдугаар сарын байдлаар 28.2 сая тн-ыг худалдан авсан бөгөөд нийт дүнгээрээ өмнө жилийнхээс мөн л багасахаар байгаа юм. Үүнд олон шалтгаан бий.
Ингэж манай өрсөлдөгчид Хятадын зах зээлд “амьд” үлдэх боломжоо хайж, авсан барьцаа улам лавшруулж байхад монгол нүүрсний өрсөлдөх чадвар улам бүр дордож, дотоодын компаниудын чадавхи суларсаар байгаа юм. Монголын экспортлогчдын холбооны мэдээлснээр одоогийн байдлаар дотоодын олборлогч компаниуд үйл ажиллагаагаа алдаг оног үргэлжлүүлж буй гэнэ.
Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани баруун Цанхи дахь үйл ажиллагаагаа зогсоож, зүүн Цанхиас нүүрс олборлож байгаа аж. Мөн орон нутгийн “Тавантолгой” зэрэг цөөн компани олборлолт хийж буй гэнэ. Үүнээс үүдэн компаниудын үйл ажиллагаа хумигдаж, зарим нь ажилчдаа цалингүй амраахаас эхлээд цомхтголд шилжиж байна.
Нүүрс бол олдоц ихтэй ашигт малтмал. Эрэлт нь улам хумигдаж, дэлхийн олон орон түүхий эдээ хэнд худалдах вэ гэж толгойгоо гашилгах болов. Зарим судлаач дэлхийн нүүрс экспортлогчдын 20-30 хувь нь үйл ажиллагаагаа зогсоож байж эрэлт, нийлүүлэлт тэнцвэржин үнэ тогтворжих боломжтой, тэр хүртэл нүүрсний үнэ хямдарна гэж таамаглал дэвшүүлж байна.
ТӨМРИЙН ХҮДЭР
Хятад улс өнгөрсөн жил 600 орчим сая тн төмрийн хүдэр импортолжээ. Харин манай улс ердөө 3.7 сая тн буюу 0.006 хувийг нь л нийлүүлсэн аж. Нэгэнт Хятад гангийн үйлдвэрлэлээ хумьж байгаа учраас төмрийн хүдрийн эрэлт ч буурч байна. Үүнийг дагаад дэлхийн төмрийн томоохон олборлогч “Рио Тинто”, BHP зэрэг компани олборлолтоо багасгав. Өмнө нь урд хөршийн импортлогчид түүхий эд л байвал авна гэдэг байсан бол одоо шалгуур нь улам бүр нарийссаар байгаа аж.
Тухайлбал, өнгөрсөн сарын байдлаар 52 хувийн агуулгатай төмрийн баяжмалыг 32 ам.доллар, 65 хувийн агуулгатайг 52 ам.доллараар худалдаж байжээ. Үнэ ингэж хямдарсан ч хятадууд төмрийн хүдэр худалдаж авахгүй байна гэж дотоодын олборлогчид ярилаа. Үүнээс гадна төмрийн баяжмал дахь хүхрийн агуулга 1.5 хувиас дээш бол авахаас татгалздаг болсон байна. Гэтэл манай Сэлэнгийн бүсийн уурхайнуудын төмрийн хүдэр дэх агуулга өндөр байдаг аж.
Хүхрийн хэмжээг нь багасгахын тулд боловсруулах хэрэгтэй ч баяжуулах үйлдвэрийн хүчин чадал нь хүрэлцдэггүй гэнэ. Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж “Төрөөс төмрийн салбарт оновчтой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, цаашид хэр хэмжээнд олборлож, хэдийг экспортлох вэ гэдгээ нарийн тооцох хэрэгтэй.
Мөн хөрөнгө оруулалтын зөв бодлоготой болмоор байна. Энэ салбарт баримтлах нэгдсэн бодлого одоо хүртэл гараагүй учраас компаниуд тус тусдаа олборлолт хийж байна. Ингэж замбараагүй байж болохгүй. Энэ оны төлөвлөгөө нэлээд хэмжээгээр тасарна. Тиймээс Хятадын зах зээлийг мэдэрч, бодитой төлөвлөгөө гаргах хэрэгтэй” гэв.
Төмрийн хүдрийн үнэ наймдугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хувиар унасан. Нүүрснийх ч мөн адил хямдарч байна. Энэ үед дотоодын компаниуд амь тавьчихалгүй тэсэж үлдэхийг хичээж, удахгүй үнэ өснө хэмээн найдлага тээж буй аж. Олон улсын болон дотоодын шинжээчид энэ хоёр ашигт малтмалын үнийн талаар янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа.
Нүүрс, төмрийн хүдэр нэг бүтээгдэхүүний орц учраас нэгийнх нь үнэ өсөхөд нөгөөгийнх нь дагаад нэмэгддэг. Харин нэгийнх нь хямдарвал нөгөөх нь чирэгдэнэ. Хамгийн гол нь бүх зүйл урд хөршийн гангийн үйлдвэрлэлээс шалтгаалж буй аж. Мөн Япон, БНСУ, Тайванийн хэрэглээ ойрын жилүүдэд өсөх төлөвгүй байгаа гэж Д.Галсандорж ярьсан юм. Төмрийн хүдэр олборлогч “Мон-Лаа” компанийн захирал Х.Энхсайхан “Төмрийн хүдрийн үнэ 2020 он хүртэл сэргэхгүй” гэж үзэж буй гэнэ. Мөн нүүрс, төмрийн хүдэрт бас нэг өрсөлдөгч гарч ирсэн нь хаягдал төмөр юм.
Зарим судлаач Хятад улс 5-10 жилийн дараа хаягдал төмрөө дахин боловсруулж, бүрэн ашигладаг болно гэж үзэж байгаа. Тэгэхээр коксжих нүүрс, төмрийн хүдрийн гадаад эрэлт улам бүр буурах нь. Үүнээс гадна дотоодын эрэлт ч ойрын жилүүдэд өсөхгүй гэж мэргэжитнүүд ярилаа. Манай улсын барилгын салбарын бүтээн байгуулалт зогсонги байдалтай болсон, мөн аж үйлдвэрийн парк, томоохон цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхлээгүй учир төмрийн хэрэглээ бага байгаа юм.
Энэ оны наймдугаар сарын байдлаар гадаад худалдаанд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан нүүрс зэсэнд байраа тавьж хоёр руу уруудсан бол гуравдугаарт байсан төмрийн хүдэр бүр зургаа руу доошилжээ. Эдгээр ашигт малтмалыг хэрэглэгч орны зах зээл ойрын жилүүдэд одоогийнхоос өсөхгүй, эсвэл хэрэглээ ямар нэг шалтгаанаар гэнэт нэмэгддэггүй л юм бол нүүрс, төмрийн хүдрийн ирээдүй тун бүүдгэр байгаа юм. Энэ хэвээрээ байвал нүүрс болон төмрийн хүдрийн гадаад худалдаанд эзлэх байр улам хойшилсоор байх аж.
Н.САНЖААСҮРЭН