Дөрвөн мөчгүй төрсөн хүүгээ анх хараад ээж нь “Ямар хөөрхөн юм бэ” хэмээн өхөөрджээ. Энэ л хайр зохиолч, сэтгүүлч Ототакэ Хиротадаг бэстселлэрийн эзэн болгож, бүтээл нь Дэлхийн II дайнаас хойшхи 70 жилийн хугацаанд борлуулалтаараа тэргүүлсэн номуудын хоёрдугаарт бичигдэхэд хүргэжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөөрхийлөлтэй хэмээн өрөвдөж, нийгмээс тусгаарладаг сэтгэлгээ Ототакэ Хиротадагийн “Мөчгүй миний амьдрал” ном хэвлэгдэж, уншигчдын хүртээл болсноор япончуудын дунд үгүй болжээ. Тэр ч байтугай түүний ном хэвлэгдсэний дараа автобусны буудлуудад тэргэнцэртэй хүмүүст зориулсан шат, албан байгууллагуудад тавцан байрлуулжээ.
Нийгмийг сэтгэлгээг өөрчилсөн “Мөчгүй миний амьдрал” ном монгол хэлнээ “Амьдрал ямар сайхан гээч” нэртэйгээр хэвлэгдэж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Орчуулагч Л.Нарантуяа уг номын арван жилийн өмнө Японд суралцаж байхдаа уншаад хэзээ нэгэн цагт эх хэлнээ хөрвүүлж, элэг нэгтнүүддээ хүргэх хүсэл зорилго өвөртөлсөн нь ийн биеллээ олж буй.
-Монгол хэлнээ орчуулах саналыг та тавьсан уу?
-Тийм ээ. Орчуулагчдыг тодорхой хэмжээгээр судалж байж хэвлэн нийтэлж, худалдах эрх олгодог юм билээ.
-Олон жилийн өмнө номыг нь уншихад их гүн сэтгэгдэл төрүүлж байсан бололтой. Зохиогчтой нь уулзахад анх уулзахад ямар сэтгэгдэл төрж байв?
-Зохиолч номондоо өөрийнхөө амьдралын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг учир анх уулзахад хэдийнээ танил дотно мэт санагдаж байсан учир яг л хуучны танилууд шиг уулзсан.
Номын нээлтэд монгол уншигчид төдийгүй манай улсад ажиллаж амьдарч буй иргэд ч цөөнгүй ирсэн харагдсан. Тэднээс ахлах сургуульд суралцаж байхдаа “Мөчгүй миний амьдрал” номыг уншсан Танака Масаноритой уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрбээр “Би Монголд 2006 онд ирсэн. Хүүхэд ахуй цагтаа Ототакэ зохиолчийн номыг уншихад гүн сэтгэгдэл төрж байсан. Энэ олон жилийн дараа Монгол оронд зохиолчтой нь уулзсандаа их баяртай байна” гэв.
Номын нээлтэд толгой холбон шүлэглэж, уран ярууг бахдан, алга ташилт цэцэг, магтаалын үгсэд умбадаг. Харин эл нээлтийн ажиллагааны үеэр орчуулагч Л.Нарантуяа төдийгүй ирсэн зочид ч нулимс унагаж харагдсан. Гэхдээ энэ бол өрөвдөж, энхрийлсэн биш бахдаж, хайрласан сэтгэлийн илэрхийлэл. Номын оршилд зохиолчийн хэрхэн хорвоод мэндэлсэн талаар өгүүлдэг. Түүнийг төрөлхийн дөрвөн мөчгүй төрсөн учир ээжийг нь энэ мэдээг сонсоод цочирдоно хэмээн таамагласан эмч нар бүтэн сарын турш хүүг нь харуулалгүй, шарлалт ихтэй учир эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээн худал хэлж, цаг хожиж байжээ. Нэг сар өнгөрсний дараа ээжийг хүүтэй нь уулзуулахдаа ухаан алдана хэмээн сэрэмжилж, шаардлагатай хэрэгслийг ч бэлдэж. Харин ээжийнх нь анхны сэтгэгдэл хүн бүрийг гайхашруулж орхижээ. Дөрвөн мөчгүй хүүгээ харсан ээж нь айж цочирдох бус баярлан догдолж, “Ямар хөөрхөн хүү вэ” хэмээн уулга алдсан байна. Зохиолч ч номынхоо бас өөрийнхөө талаар танилцуулахдаа энэ хэсгийг онцолсон. Харин орчуулагч Л.Нарантуяа агуу хайраар бялхсан ээжийн сэтгэлийг бахдаж, нулимс унагаж харагдана лээ.
Зохиолч нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Хөгжлийн бэрхшээл гэдэг золгүй хувь тавилан биш. Хэрэв тэргэнцэртэй хүмүүст зориулсан шатны хэсэг, автобусны буудлуудад тусгай шат байдаггүйсэн бол би өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж мэдрэх байлаа. Бэрхшээл зөвхөн орчноос хамаардаг юм. Улсын хөгжлийг би өндөр барилга, үнэтэй зоогийн газраар хэмждэггүй. Түүгээр үйлчлүүлж чаддаггүй иргэд цөөнгүй байдаг бол тэр юуных нь хөгжил байх билээ. Иргэн бүр нь тэр сайхан зоогийн газраар үйлчлүүлж, аз жаргалтай байж чаддаг бол түүнийг жинхэнэ хөгжил гэнэ" хэмээн онцолсон.
Бүтэн хоёр цагийн турш үргэлжилсэн номын нээлтэд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай сургуулийн сурагчид ирсэн. Тэдний хамгийн их сонирхож байсан асуулт бол “Дөрвөн мөчгүй атал хэрхэн ном бичив”. Зохиолч хүүхдүүдийн асуултад “Би энэ жижигхэн гар, хацар хоёрынхоо завсан үзгээ хавчуулаад бичдэг. Харин номоо компьютер ашиглан бичсэн. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай биш, энгийн л товчлууртай гар дээр шивсэн. Би хуруугаараа компьютерийн гар товшин шивдэг хүмүүсээс дутахгүй хурдан бичдэг юм шүү” хэмээн хариулахад сурагчид алга нижигнүүлэн ташиж байв.
Бусдын өрөвдсөн харцнаас дайжихдаа Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд хаалганы цаана нуугдаж амьдардаг. Гэхдээ тэдэнд нийгмийн амьдралаас өөрсдийгөө тусгаарлахгүй, нийтийн дунд амьдрахсан гэх хүсэл тэмүүлэл бий. Харин бусдаас өөр биш, бусдын л адил гэдгийг нь мэдрүүлэх тэр сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлэх нэгэн ном Монгол хэлнээ хэвлэгдэж, уншигчдын гарт хүрлээ.
Зохиолчийг эх орондоо урьж, илтгэл тавих, уулзалт хийх боломжоор хангаж, номыг нь борлуулж буй “Аз хур” компани номын борлуулалтаас олсон орлогын 10 хувийг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан баррель ном хэвлэхэд зориулах гэнэ. Түүнчлэн тус дэлгүүр нээлтэд ирсэн 116 дугаар сургуулийн сурагчдад сонсдог ном бэлэглэлээ.