Төв аймгийн Жаргалант, Сэлэнгийн Орхон сумын зааг Шар хөтөл дээр буугаад мордов. Илч нь харьж буй наран намрын байгалийг алтан шаргал өнгөөр улам туяаруулах аж. Баруун уулсын модод шарласан байтал уул, талыг хулдсан өвс ногооноороо байлаа. Улаанбаатараас урагших нутгийн өвс цайчихаад байгаатай харьцуулахад Сэлэнгэ зунаараа байх авай.
Манай сонины баг тариаланч С.Баасангийн нэг өдрийн ажил хөдөлмөрийг сурвалжлан хүргэхээр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Хар нүдэнг зорьж яваа нь энэ. “Хяруу их унаж буй учир хатааж байж ургацаа хураана. Тэгэхээр ажил бага үд орчимд эхэлнэ” гэж “гол баатар” маань утас цохьсон. Тиймээс бид эрт хөдлөхийг түвдсэнгүй.

“Зуун зун” компанийн захирал С.Баасан
12.30 цаг. Биднийг ирэхээс өмнөхөн комбайнчид талбай руугаа хөдөлжээ. Өнөөдрийн хувьд С.Баасан дарга буудайгаа хатаахад анхаарал хандуулах бол Б.Гантулга, Д.Төмөрсүх нар цэвэрлэх ажлаа үргэлжлүүлнэ. Га-гаас том талбайтай болов уу гэмээр хашааны голд тариаг гурван хэсэг нуруулджээ. Урд талынх нь Б.Гантулга, Д.Төмөрсүх нарын цэвэрлэх буудай. Дундах нь рапс. Хойд талынх нь С.Баасан даргын хатаах үүрэгтэй тариа.
Ажилчид С.Баасанг даргаа л гэж дуудах. “Цэвэрлэх баг”-ийнхан улаан өнгөтэй машины хамагч руу буудай хүрздэж дөхүүлнэ. Машин нь буудайг сорж, “ходоодоороо” дамжуулахад холилдсон хог шороог нь үлээж цэвэрлэн, анаашных мэт урт агаад өндөрт өргөсөн хоолойгоороо дамжуулан асгана. Бага оврын дизель мотор асааж, машиныг ажиллуулдаг аж. Моторын жигд нүргэлэх чимээ ажил өрнөж буйг илтгэх хэмнэл гэлтэй.
Түрийг нь эргүүлсэн орос бакал, хар хөх комбинзон, саарал ноосон цамц өмссөн С.Баасан буудай ачигч машинаа асаалаа. Уг нь буудайг тээврийн машинд ачихад ачигч хэрэглэдэг. Гэтэл буудайг нэгээс нөгөө газарт ачигч машинаар асгаж хатааж байгаа аж. Ачигч машин буудайг самарна. Энэ нь буудай хурдан хатахад нөлөөлдөг гэнэ.
Буудайг хатаахын тулд хүрздэн цацдаг. Энэ аргыг л техникийн хүчээр орлуулж буй нь энэ. С.Баасан “Хүн хүчгүй учраас ингэж хатааж байна. Мотор асааж, буудай цэвэрлэх машинаа ажиллуулж байгаа тул ачигч ажиллуулахад зүгээр. Ачигч ажиллууллаа гээд илүү шатахуун зарцуулах биш” гэв. “Тарианы чийг өндөр байна. Тиймээс өдөрт хэд хэд буудаж байгаа. Энэ тариаг дахиад буудна” гэж нэмж хэлэв.
“Буудах” гэж ачигч машинаар буудайгаа самрахыг хэлж буй хэрэг. Ачигч машин ямх ямхаар урагшлан буудайг хоолойгоороо дамжуулан цацна. Хориод минут ажиллаж, нэг хэсэг буудайг самарч дууслаа. Машинаа унтраагаад эргэсэн С.Баасан самарсан буудай руу гараа дүрэв.
Тэгээд “Чийглэг нь 17-18 хувьтай байх шиг байна” гэлээ. “Яаж мэдэж байна вэ” гэж лавлавал “Олон жил тариа хураачихаар мэдрэмж суудаг юм байна. Ер нь нэг хувийн зөрүүтэй л хэлнэ шүү, би” гээд инээмсэглэлээ. Буудайн чийглэгийг 15 хувь орчим болгох учиртай. Өнгөрсөн арваад хоногт цас, бороо орсон учраас тарианд чийг суужээ.

Цас, бороо орж саатуулаагүй бол тариагаа хураагаад дуусах байсан гэнэ. С.Баасан өнөөх ачигч машиныхаа дугуйг сандайлан сууж, тамхи асаалаа. Ингээд хэсэг зуур яриа дэлгэв. Тэрбээр 2000 онд “Зуун зун” компаниа байгуулан олон наст ургамлын үр импортлон, зүлэг тарих бизнес эхлүүлсэн гэнэ. Анхандаа албан байгууллага, аж ахуйн нэгжийн гаднах талбай, гудамжийг зүлэгжүүлж байсан бол сүүлдээ уул уурхайн нөхөн сэргээлт хийдэг болжээ.
Тэгээд 2008 оноос улаан буудай тариалж эхэлсэн байна. Тариаланч болоход найз нөхдийнх нь нөлөө их байж. Дотнын найз нь тариан талбайгаа түүнд шилжүүлж, үйл ажиллагаа явуулахад нь тусалж дэмжихээ амласнаар С.Баасан энэ аж ахуйг эзэмшсэн гэнэ. “Бизнес хийх гарааны хөрөнгөө 1990 оны залуусын нэгэн адилаар панз наймаа үсэргэж хуримтлуулсан” гэж тэр тодотгов.
Түүний аж ахуй 1000 гаруй га эргэлтийн талбайтай. Энэ жил 700 га-д нь үр суулгажээ. 184 га талбайнх нь буудайн болц гүйцээгүй аж. Тэгэхээр нь хадаж, малын тэжээл бэлтгэжээ. “184 га талбайд зөвхөн үр суулгахад л 22 сая төгрөгийн зардал гаргасан. Дээрээс нь шатахуун, техникийн зардлаа тооцох ёстой” гэсэн тооцоо бодов.
Тэрбээр “Ургац алдсан ч унжийхгүй ээ. Баян хангайн хишгийг олон жил хүртсэн” гэв. Түүний царай харамсаж буй шинж алга. Намрын наран бүлээн илчээр ээсээр л. Тэр цаана “цэвэрлэх баг”-ийн хоёр ажилласаар л.
13.40 цаг. “Зил-130” машины дуу сонсогдов. Жолооч Д.Баттөр ачсан тариагаа буулгахаар айсуй. Өөрөө буулгагч тэвштэй, чиргүүлтэй “Зил-130” машин хашаанд орж ирээд цэвэрлээгүй буудайны хажуугаар зэрэгцэн зогслоо. Б.Гантулга, Д.Төмөрсүх хоёр хүрзээ бариад чиргүүл дээр үсрэн гарав. Чиргүүлийн аравчийг буулгаад алтан шаргал буудайг хүрздэж гарлаа.
Хэн нэгний хүнс тэжээл болж, амин дэмээр тэтгэх буудай ширхэг ширхгээр цацран буусаар. Нөгөөх хоёр маань хориод минут “ноцолдоод” буулгачихав. Дараа нь Д.Баттөр зурваслан нуруудсан тарианы нэг үзүүрт машинаа байрлуулан, өргөгчөө ажиллууллаа. Аажмаар өргөгдөж буй тэвшний араас буудай садран асгарна.
С.Баасан “Одоо жаахан урагшил. Болно, болно. Зогсоорой” гэх мэтээр жолоочийг удирдана. Цэвэрлэх тариа дахиад хэдэн тонноор нэмэгдлээ. Булган аймгийн Рашаант сум буюу хуучнаар Сансарын сангийн аж ахуйгаас ирж ажилладаг Д.Баттөр чиргүүлээ зүүгээд “Зил-130”-аа данхалзуулан дахиад буудай ачиж ирэхээр давхиж одлоо. “Ингэж авахуулна, тэгж ч даруулна” гэж манай зурагчнийг удирдаад, тэр бас сүрхий эр ээ.
Сансараас хэдэн хүн ирж, тэдний аж ахуйд гэрээ байгуулан ажиллаж хэвшжээ. С.Баасан “Энэ жил буудай бага байна. 200 гаруй тонныг л хураах болов уу. Өмнөх жилүүдэд 400-500 тонныг хураадаг байхад хашаанд дотор машин явах зайгүй болчихдог байв. 2011 онд 800 тонныг хураагаад багтааж шингээх зайгүй, шөнө өдөргүй ажиллаж байлаа” гэж ярив. Хашаандаа эгнүүлсэн тракторуудынх нь хоёроос бусад нь хуучны “Беларусь” байв.
Бас нэг “Нива” комбайн харагдана. Хоёр ч “Нива”-гийн сэг үзэгдэнэ. Тэдний аж ахуй дөрвөн комбайн, найман трактор, гурван ачааны машинтай аж. Комбайнуудынх нь нэг “John deere”-ийн орчин үеийн загвар, бусад нь Оросын “Нива” гэнэ. “John deere” болон хоёр “Нива” нь ажилд гарчээ. Мөн нэг “Беларусь” трактор ажиллаж, өвс боож бэлтгэхээр явсан байна.

Тэдний техникүүдийн хамгийн ахмад нь 1978 оны трактор юмсанж. “Яагаад техникээ шинэчлэхгүй байна вэ. Хуучны техникүүд эвдэрч хэмхрээд ажиллуулахад хэцүү биш үү?” гэсэн асуулт түүний мэргэжил, сонирхол, аж ахуйгаа эрхлэх арга барил гэх мэт олон зүйл рүү хөтлөв. Шарга сумаас ирсэн онц сурлагатан хүү Говь-Алтай аймгийн төвийн дунд сургуулийг ч онц дүнтэй дүүргэжээ.
Улмаар Узбекистаны Ташкентийн Политехникийн дээд сургуулийн Автомашин, тракторын инженер механикийн ангид элсэн суралцсан байна. Сургуулиа төгсөөд Төвийн геологийн экспедицийн Авто гараашид ашиглалт хариуцсан эрхлэгчээр ажиллажээ. Улмаар 1991 оноос арилжаа, наймаа хөөсөн байна. Тэрбээр мэргэжлийг нь эзэмшсэн учраас Зөвлөлтийн техникүүдийг ян тан болтол засварлаж чаддаг гэнэ.
С.Баасан “Би комбайны ажлын бүтээмжийг сайжруулах гурван ч шинэ тоног хийсэн. Патент авах гээд хандахад надаас мөнгө нэхэж байна лээ. Тэгэхээр нь аваагүй ээ. Ойр хавийн тариалангийн аж ахуйнууд нэвтрүүлээд хэрэглэж л байна” гэв. “Та алтан гартай тариаланч байна шүү” гэвэл “Аав минь жолооч байсан. Би хар багын л төмөрт дуртай хүн. Хоёр дахь мэргэжил маань газар тариалан болж таарч байх шиг байна” гэж даруухан хариуллаа.
С.Баасан бүх техникээ хэнээс ч дутахааргүй ур чадвартай жолооддог аж. “Жолооч дутахаар өөрөө гараад явчихна шүү дээ. Зарим жилд тариагаа хурааж дуустал комбайн барьсан тохиолдол ч бий” гэж тэрбээр тодотгов. Засвар үйлчилгээг нь өөрөө хийчихнэ, үүнээс гадна Зөвлөлтийн үеийн техникийн тос масло, сэлбэг хэрэгсэл хямд үнэтэй тул бага зардал гардаг аж.
Ерөнхийдөө бага өртгөөр тариалалт хийдэг учраас энэ жил балансаа барина гэж найдаж буйгаа С.Баасан дуулгасан.
14.30 цаг. Мөнөөх хэсэг буудайг дахин буудахаар ачигч машинаа 180 градус эргүүлэв. Мотор нь өөрийгөө эргүүлэх горимтой ч удах янзтай. Бид түлхэж дэм өгөөд шалавхан эргүүлчихлээ. Ачигчийн хамагчийг нуруулдсан буудайнд тулгаад асаав. Нүргэлэн дуугарах машин өмнөх янзаараа хамагчаараа татсан буудайгаа соруулан, урт хоолойгоороо дамжуулан цацна.
Гучаад минутын дараа ачигч дөрвөн метр орчим зурваслан нуруулдсан улаан буудайг самарч дууслаа. Буудайн овоолго биднийг ирэхэд байсан байрлалдаа эргэн шилжив.
15.10 цаг. “Зил-130”-ийн танил дуу сонсогдож, Д.Баттөр ирж явна. Тэр энэ удаа тэвшиндээ рапс, чиргүүлдээ буудай ачжээ. Өмнөхийн адил чиргүүлийг цэвэрлээгүй буудайтай зэрэгцүүлэн зогсоов. “Цэвэрлэх баг”-ийн хоёр ч чиргүүлийн тэвш дээр үсрэн гарч хүрздэж гарлаа. Буудай арвижсаар л. Харин Д.Баттөр зурваслан нуруулдсан рапсын баруун үзүүрт очиж зогсоод машинаа ухраалаа.
С.Баасан өмнөх янзаар “урагшлаарай, хойшлоорой” гэж түүнийг удирдана. Жигд нуруулдан асгахын тулд нэг хэсэгт асгаад, бага зэрэг урагшлаад л дахин асгаад байгаа юм шүү дээ. “Сүрхий эр” маань мэдээтэй иржээ. Комбайнчид 54 га талбайн ургацыг хурааж дуусаад рапс тарьсан хэсэг рүүгээ орсон гэнэ. “John deere”-ийн комбайн аж ахуйгаас чанх хойш байх 100 га талбайн тариаг хураахаар хөдөлсөн бол хоёр “Нива” рапстайгаа “ноцолдоод” хоцорчээ.
15.30 цаг. “Гол баатар” маань “Унд цай уучихаад талбай руу явна аа. Хойд талбайн тариа их налсан. Комбайн хэр авч байгааг харъя. Уг нь иш өргөгч хийсэн юмсан. Арай дээр болов уу гэж бодож байна. Алив орцгооё” гэж гэртээ урилаа. Аж ахуйн эзэн хоёр өрөөтэй жижиг байшинд амьдардаг аж. Эхний өрөөнд нь хийн зуух, сандал ширээ, аяга шанага тэргүүтэй гал тогооны хэрэгсэл байх.
Том өрөөнд нь өргөн төмөр ор, жижиг шүүгээ, сансрын хүлээн авагч антенн бүхий зурагт харагдав. Тэр “Нарны цэнэг хураагуур маань 220 вольтын хүчдэл гаргах чадвартай” гээд заав. Цайлцгаалаа. Энэ зуур зэргэлдээ аж ахуйн эзэн Ганбаа ирж, техникийн сэлбэг сураглав.
“Хоёр моторын сэг бий. Манаачийг дагуулж очоод байвал тайлаад авчих” гэж хэлээд С.Баасан босов. Ингээд тариан талбай руу хөдөллөө. Зам зуурт С.Баасан “Ширхэг нь 32 мянган төгрөгийн үнэтэй баахан иш өргөгч авчихсан. Гэтэл өөр газарт 20 мянга гэж байна лээ. Арай түргэдчихлээ” гэж ярьж явлаа.

Комбайнчин С.Отгонбаатар, жолооч Д.Баттөр
16.30 цаг. Налсан тариатай талбайн баруун захад очив. Ногоон “John deere” талбайд ирээд удаагүй бололтой. Тариагаа хураан талбайн зүүн зах руу оджээ. Эргэж ирэхийг нь хүлээн амдан зогсоцгоолоо. Комбайн уулын нахис руу ороод хэсэг алга болсноо толгой нь цухуйн наашиллаа. С.Баасан “Комбайн жолоодож яваа хүнийг Ганбат гэдэг. Шилдэг сайн комбайнчин байгаа юм. Техник сэтгэлгээ сайтай хүн шүү. Би засвар хийхдээ Ганбаттай л зөвлөлддөг. Түүний үеийнхнээр комбайнчид дуусаж байна даа” гэж хэлэв. Сүүлчийн хэсэг нь анхаарал татлаа.
Комбайнчид яагаад дуусна гэж? “Намар л комбайнчин ажилтай. Бусад үед ажилгүй. Комбайн барих нь улирлын ажил. Тэгэхээр залуус энэ мэргэжлээр суралцахгүй байна. Ажиллахыг ч сонирхдоггүй. Уул уурхайн техник жолоодох нь, комбайн барихаас илүү цалинтай, байнгын ажилтай. Тэгэхээр залуус тийш хошуурахаас яах вэ” гэлээ. Б.Ганбат хүрч ирэв. С.Баасан комбайны буудайн сав руу өнгийж хараад толгой сэгсэрнэ.
“Ургац сайтай жил 14 минут яваад сав нь дүүрчихдэг юм” гэж С.Баасан комбайны дуунаас давахаар хашгирч хэлэв. Түүний сэтгэлд лав хүрсэнгүй бололтой. Тэрбээр комбайнаа жолоодон налсан тариаг хэр авч байгааг шалгахаар хөдөллөө. Б.Ганбат 37 жил комбайн барьж буй аж. Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул иргэн бөгөөд комбайнчны курст суралцсанаар газар тариалантай хувь заяагаа холбожээ.
Тэрбээр “Налсан талаас нь сөрж хураавал их тариа авах боломжтой санагдлаа. Налууг нь дагавал олигтой авахгүй байх” гэв. Тариа комбайны ирэнд өртөхгүй үлдэж байгаа нь илт. С.Баасан “Нэг ам метр талбайгаас нэг түрүү унахад ургац нэг центнерээр буурдаг гэж социализмын үед ярьдаг байсан гэнэ лээ. Гэтэл миний талбайн нэг ам метр тутамд 100 түрүү хаягдчихсан юм биш үү. Одоо яая гэх вэ” гээд инээж байна.
Б.Ганбат талбайн хойд хэсэгт босоо тариа байгааг дуулгалаа. Тийш очихоор хөдөлцгөөв. Энэ жилийн тариа үнэхээр давжаа юм. Өвдгөнд ер хүрэхгүй нь. Бэлхүүс шүргэж найгадагсан. Газар дэлхий намрын нарыг татан доошлуулжээ. Тун удахгүй нар жаргах нь. Тэндээс 92 руу хөдлөв. Талбайгаа 100, 92, 54 гэх мэтээр хэдэн га-гийн хэмжээгээр нь нэрлэдэг аж.
18.10 цаг. Таван километр орчим давхиад 92-т ирлээ. Талбайд улаан трактор ажиллаж, солоом боож байв. Улаан буудайнаас үлдсэн хаягдлыг солоом гэдэг. Солоом нь малын тэжээл болдог учраас боогоод авахад илүүдэхгүй гэнэ. Тракторчин Банзайг “Нэг ч боодол алдаагүй байна” гэж С.Баасан магтлаа. Үлдсэн мяндасаа дуусгахаар ажлаа зогсоохыг түүнд сануулав.
Гол баатар маань “Энэ жил 92 маш сайн гарсан. Эндээс га-гаас 20 гаруй центнер ургац хураалаа. Зургадугаар сард зурвасхан ширүүн бороо 92-ыг дайраад өнгөрсөн юм. Тэгээд сайн ургасан хэрэг” гэв. “Уг нь бороо хур ихтэй байсан энэ жил арвин ургац авна гэж тооцоолж байсан” гэж тэр нэмж хэлэв. “Азофоска” бордоо 20 тонныг оруулж ирж талбайгаа борджээ.
Бордоог нь хяналтын байгууллагууд хурааж авахад тэрбээр “Сэлэнгийн хөрсийг хамгаалах гэж мөнгө зарж байхад ойлгосонгүй” хэмээн мэтгэсээр дийлсэн байна. Өмнөөс зүгээс “Нива” комбайн наашлан айсуй. Рапс тариалсан талбай нь 92-оос холгүй юмсанж. Тариаг нь хураасан талбай дундуур давхисаар очлоо.

Тракторчин н.Банзай
18.50 цаг. Комбайнч С.Отгонбаатар, Д.Сэрээнэндорил нартай уулзав. Комбайн нь өнөөдөр ямар нэг гэмтэл сааталгүй сайн ажиллажээ. Хоёул 20 гаруй жил комбайн жолоодож байгаа хижээл насны хүмүүс. Аж ахуйн хашаанд ачаагаа сулласан Д.Баттөр давхиж ирлээ. Комбайнчид “Жаахан яваад дүүрлээ. Хүлээж бай” гэж хэлээд техникээ асаан хөдөлцгөөв.
“Рапс муу нэртэй. Тийм ээ” гэвэл С.Баасан “Талбайнхаа 20 хувиас илүүд рапс тариалж болохгүй гэсэн бодлогыг салбарын яамнаас барьж байгаа. Би үүнийг дэмждэг. Талбайнхаа 10 орчим хувьд рапс тариалсан. Сэлгээнд тарихад сайн ургамал юм байна. Хөрсний азот нэмэгддэг. Уг нь эдийн засгийн хувьд надад ашигтай л даа. Үр нь хямд. Нэг га-д 10 кг үр цацахад хангалттай.
Тэгвэл га-д буудай тарихад 160 кг үр цацдаг. Рапс арчилгаа шаардахгүй ургачихна. Үнийн хувьд тонн нь 800 мянган төгрөгөөс дээш байгаа. Тэгвэл тонн буудайг 560 мянган төгрөгөөр л авч байна шүү дээ” гэж хариулав. Төд удалгүй хоёр комбайны сав дүүрчээ. “Зил-130”-ийн тэвш, мөн чиргүүлд рапсаа юүллээ.
19.30 цаг. Бид Банзай жолоочийн чиргүүлийг зүүж өгөөд аж ахуйн хашаа руу зүглэв. Тариалангийн нутагт бүрий тасарчээ. Зам зуурт С.Баасан “Надад одоо агрономич л дутаж байна. Тэр талаа нөхчихвөл алзахааргүй болох нь” гэж ярьж явлаа. Тэр агрономийн мэдлэгээ сайжруулахаар “Буудай” гэх мэт ном товхимол, гарын авлага байнга уншиж байгаа аж. “Монголын гарын авлагыг сайн ойлгохгүй юм. Орос хэлээр уншвал арай дээр.
Техникийн хэлийг оросоор сурсан болохоор арай дөхөм байдаг бололтой” гэж ярилаа.
20.00 цаг. Аж ахуйн хашаанд ирлээ. Үдэш болжээ. “Цэвэрлэх баг”-ийн хоёр маань гэрэл асаачихсан ажлаа үргэлжлүүлж байлаа. Удалгүй Д.Баттөр араас ирэв. “Зил-130”- ийн тэвш, чиргүүл дүүрэн рапсыг өмнөхийн адил ая дангаар буулгалаа. С.Баасан “Ингээд ерөнхийдөө ажил дуусаж байна” хэмээн бидэнд хандаж хэлсэн юм. Ургац багатай тул шөнө ажиллах шаардлагагүй гэнэ. Үлдсэн 100 га талбайнхаа тариаг ирэх 8-нд цас орохоос өмнө амжаад хураачих аж.
20.40 цаг. Нэг өдрийг хамтдаа үдсэн тариаланчидтайгаа зэрэгцэн хооллож байлаа. Мэдээж улаан буудайн тухай ярьсаар л. С.Баасан “Энэ жил миний хураасан тариа 150 тонн гурил болно. Нэг сумын хэрэгцээг хангах буудай тариалжээ. Хүмүүсийн хүнсийг бэлтгэж өгч байна гэж бодохоор үнэхээр сайхан сэтгэгдэл төрдөг” гэж бодлоо хуваалцлаа.
Тэр нэг хэсэгтээ газар тариалангаасаа урвахгүй гэнэ. Бид хөгжилтэй тохиолдлын тухай ч хөндөхөө мартсангүй. Анх газар тариалан эрхлээд комбайн жолоод явж байх үед дотнын найз нь иржээ. Тэр найз нь С.Баасангийн эхнэрт нь “Миний найз, хүний ганц хүү хир даг болсон хувцастай, тос маслотой холилдчихсон явна. Чи юу хийлгээд байгаа юм бэ” гэж тунирхсан гэдэг.
С.Баасан нутаг усандаа нэр төртэй хүмүүсийн ганц хүү аж. Наян насыг зооглосон аав С.Сүрьеэ, ээж Г.Дан-Аа нар нь энх тунх амьдран суугаа гэнэ. Тэрбээр “Сайхан аав, ээжийн буян, хүмүүжлээр мэргэжил мэдлэг эзэмшиж, эх орондоо хэрэгтэй зүйл хийж явна” гэв.
Тогооч С.Бүрнээгийн хийсэн банштай шөл амттай байлаа. “Та дарга, засварчин, гагнуурчин, цахилгаанчин, зааварлагч, трактор, комбайны жолооч гээд бүгдийг хийдэг юм байна” гэвэл С.Баасан “Заримдаа тогооч хийнэ. Бас нөгөө хувцсаа сольж өмсөөд дарга даамалтай уулзаж, гэрээ хэлцлээ хийнэ шүү дээ” гэлээ.
Монголын нэгэн тариаланчийн аж ахуй хийгээд ажлын нэг өдөр ийм буюу. С.Баасанд ирэх жил хашаагаа дүүрсэн арвин буудай хураагаарай гэсэн ерөөл тавиад бид хөдлөв. Алтайн хөх эр гар даллан хоцорлоо.
Т.ЭНХБАТ