Зарна, худалдаж авна гэсэн шийдмэг үгс моодноос гарсан. Оронд нь “Солино, оролцуулна, тулна” хэмээсэн гайхалтай зальжин хэллэгийг өдөр бүр сонсож болно. Хэрэв та анзаарсан бол “Ашиглалтад орлоо, бүтээн босгов, баригдаж дууслаа” гэсэн гэрэлт үгс гэмтэй мэт бас л хоцрогдсон.
Эдгээр эрүүл үгсийн оронд “Ашиглалтад орно, барих гэж байна, үйлдвэртэй болно” гэх ирээдүйгээс ирсэн итгэл муутай үгс инээж байгаад л хуучирдаг болов. Гэхдээ энэ бол хэлзүйн зайлшгүй хийгдэх ёстой шилжилт бус. Шинэчлэл ч бас биш. Эдийн засгийн хямралыг энгийнээр илэрхийлж буй хэв маяг.
Эргээд харах нь ээ, энэ мэтээр ирээдүйгээс ирсэн үгсээр өөрсдийгөө хуурч, ирээдүй цаг дээр амьдарч буй хэрнээ одоо цагийн зовлон бэрхшээлийг туулах болсоор бид хорин жилийг үджээ. Шулуухан хэлэхэд, сүүлийн хоёр жил гэнэт хямарч, гэдэс алдаад ч байгаа хэрэг биш аж.
Эдийн засаг, улс төрийн эл хямрал П.Жасрайн үеийн хонгилын үзүүрийн гэрлийг ололгүй төөрөлдсөнөөс эхтэй.
Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна хэмээн дуу алдсан Ерөнхий сайд маань төдөлгүй ажлаа хүлээлгэн өгч, түүний дараагийн үеийнхэн өнөөх өөдрөг, өнгөлөг гэрлийг өрсөн атгахаар морио давирсан. Гэрлийг харсан ч түүнд хүрэх замаа тодорхойлж чадсангүй.
Энэ үеэс нөгөөх ирээдүй цаг дээр хэлдэг чөтгөрийн үгс олон нийтийн сэтгэлийг зүглэн чөлөөтэй нисэлдэж, нисгэгч нарт нь үр дүнгээ өгч эхэлсэн байдаг. Үе үеийн сонгуулийн амлалтуудаас үүнийг харж болно. Ахмадууддаа нэг сая төгрөг тараана, иргэн бүрт 1.5 сая төгрөг бэлэглэнэ.
С.Баярын үед мөнөөх ирдэггүй ирээдүй цагийг атгаад авангаа алдав. П.Жасрайн олж харсан хонгилын үзүүрийн гэрлийг С.Баяр авчирлаа гээд л баахан хөөрцөглөж давхилдсан. Түүний дараахан Сү.Батболдын үед бүр цэнгэлийн манлайд хүрнэ гээч нь болов. Бизнес сэтгэлгээтэй Ерөнхий сайдын маань инээмсэглэсэн дүр төрх үдэш бүр телевизийн дэлгэцнээс салахгүй, өглөө бүр сонины хуудаснаас холдохгүй. Өдөр болгон тууз хайчилж, туждаа баясан хөөрсөн сар өдрүүд байлаа.
Гэвч энэ хөөр баяр хөөс байсныг олж харсан хүн даанч цөөхөн. Бодит ажил гэхээсээ илүү үзэл суртлын асар том машин ажиллаж, хонгилын үзүүрийн гэрлээр тайзны тоглолт дэглэсэн хэрэг. Үүнийг авторууд нь ч ойлгохгүй, үзэгчид нь ч ухаарахгүй, тэр байтугай Сү.Батболд ч өөрөө агуу ихийн аймаар өндөрлөгт төөрөлдсөн хэрэг байсныг өдгөө нийгэм бүхлээрээ харж байна.
Ирээдүйгээс ирсэн ихэмсэг үгсийг монгол ухаанаар засаж залруулах оролдлогыг АН-ын үйлдвэржилтийн бодлого, тэр дундаа Н.Алтанхуяг хийхээр зүтгэж байсан талаар эдийн засагчид олон сарын хойно, одоо л хүлээн зөвшөөрөх болов. Харин хөрсөн дээр нь бүрэн буулгаж, хөөсийг нь үлээх гэсэн Ч.Сайханбилэгийн зоримог алхам эхний оролдлогоороо няц дарагдаж, популист халамжуудын хөлд хөсөр ойчсон билээ.
Ийнхүү алдарт V цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолбор, шинэ төмөр зам зэрэг олон олон ажил ирээдүйгээс ирсэн үгстэй хамт үлдэж, шоу болон шогтлоо.
Энгийн ухаанаар хэлбэл, төрөөс зарласан тендерийн хүрээнд хувийн хэвшлийнхний хийсэн ажил хааяадаа тууз хайчилж, түшээдийг олны өмнө хийсэн ажилтай мэт харагдуулах шалтгаан болдог болов. Тендерийн цаана өгөө авааны өвөр дүүрэн мөнгө, татвар төлөгчдийн төвлөрүүлсэн эзэнгүй хөрөнгө эргэлдэж байдаг болохоор авсан нь ачаатай, өгсөн нь өлзийтэй явсаар адагт нь ашиглалтад орсон хэмээх тодотгол зүүж байж тооцоо дуусдаг болохоор арга ч үгүй.
Ц.Элбэгдоржийн үед Европын холбоотой хийсэн гэрээ, Сү.Батболдын үед биелсэн худалдааны хэлцэл, Ч.Сайханбилэгийн үед үзэглэсэн Японтой хамтран ажиллах боломж гэхчлэн өмнөө нээсэн хаалга бүхнээ бид өмнөд хөршийн хямд үйлдвэрлэх хүчинд алдсаар ирэв. Адаглаад л Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг татваргүй нийлүүлэх эдгээр боломжийг гадаадын хөрөнгө оруулалттай цөөн компани ашиглаж ирсэн нь нууц биш.
Өөрөөр хэлбэл, төр нэг гараараа өгөөд, нөгөө гараараа хураан авдаг Гобсекийн дүрд амжилттай тоглолоо. Боломжийг нь нээсэн хэрнээ нөхцөлийг нь олгохгүй байсаар үндэсний үйлдвэрлэгчдээ сөхрүүллээ. Цонхыг нь нээсэн хэрнээ хаалгыг нь тас цоожилсон өрөөнд өнөө хэдэн үйлдвэрлэгчээ хорьсонтой агаар нэг байдлыг үүсгээд удав.
Дотоодын үйлдвэрлэгчид, үндэсний хөрөнгө оруулагчдадаа төрөөс үзүүлсээр ирсэн дарамт эцсийн эцэст туйлдсан тооцооны хүснэгтээс өөр юу ч авчирсангүй. Төр бараадаж, төрийн аль нэг тэргүүнээ хувьчилж өмчирхсөн ганц хоёр компани л томорч, бусад нь татвар, хяналт шалгалт, хүнд суртал, авлигын дарамтад амь тавихдаа тулав.
Арван оны өмнө нийгмээрээ, улс орноороо мөрөөдөж байсан үндэсний консорциум, Монголыг дэлхийд илэрхийлэх үндэстэн дамнасан компани үлгэр болон үлдлээ. Өдгөө улсын төсөв 660 тэрбум төгрөгөөр тасарч, зэсийн үнэ 14 хувиар унан, ноён ногоон 2000 бор төгрөгөөр тооцогдон, банкуудын олгосон чанаргүй зээлийн хэмжээ хэрээс хэтрээд байна.
Тоо болгон тоогүй мэдээ дагуулж, жижиг мөнгөн дэвсгэртүүд хэрэглээнээс шахагдахдаа тулав. Грекийн араас дампуурлаа зарлах орнуудын есдүгээрт Монгол Улс эрэмбэлэгдэж, 70 сая малтай, талын энгээр эрдэнэс булаатай байгаад нэгэнт гацаанд орчихлоо. ...Байраа зараад охиныхоо төлбөрийг төлөх гэтэл авах хүн алга, машинаа зараад зээлээ төлөх гэтэл мөнгөтэй хүн алга... Иймэрхүү тайлбарын ард насаараа зүтгэж босгосон хөрөнгө нь үнэгүйдэхийг харж цөхөрсөн түмэн олны сэтгэлийн харуусал нуугдаж буй. Тиймээс ч арга ядахдаа хямралыг монголчлон, “Солино, оролцуулна, тулна” гэсэн үгсээр өнөөдрийн зах зээлийн орчноо тодорхойлох болов.
Ард түмэн амбаараа гэрээр сольж, унаж явсан машинаа “Портер” нүүрсээр тулж, байраа зээлийн барьцаанд үлдээж... гэсэн хэдий ч байж болох бүх хувилбараар амьдрах гэж зүтгэж байна. Мөнөөх ирээдүйгээс ирсэн гайхалтай шидэт хэрнээ хуурамч үгс жинхэнэ утгаараа энэхүү солилцооны орон зайд хөрсөн дээрээ бууж, хэрэггүй юмсаа хэн нэгэнд байгаа хэрэгтэй эд зүйлсээр солих хэв маягийг авчрав.
Хямралыг энэ мэтээр монголчилсон нь уналтыг зохих хэмжээнд удаашруулж, цаг хугацааны хожлыг төрд авчирч буй нь үнэн юм. Сургуулийн насныхан хуучин номоо бие биедээ дамжуулан солилцож, эзэгтэй нар үнэтэй хэрэглээгээ хямд зардлаар солив. Нэг өрөө байраа хоёр машинаар тулж, солилцоонд ирсэн нэг унаагаа унаад, нөгөөг нь зарах гэж зогсоо залуу ч байх юм.
Дундаас нь ээжийнхээ эмчилгээний зардал, гэр хорооллын хуучин шавар байшинтай үлдсэн гэх. Нэг талаар ямар ч үед яаж ч амьдарч чаддаг ард түмний арга ухааныг биширмээр. Нөгөө утгаараа тэдний олгож буй боломжийг ашиглаж чадахгүй хэд хөрвөөж, хэдэнтээ хувирч буй энэ цагийн төрийг элэглэмээр. Юутай ч ирээдүйгээс ирсэн үгсийн өнгө өөрчлөгджээ.
Дараагийн удаа “V цахилгаан станц ашиглалтад орлоо, шинэ төмөр замаар анхны ачаа ирлээ” гэхгүй л бол олон нийт юунд ч итгэхээсээ өнгөрчээ. Хэзээ ч ирэхгүй байж мэдэх ирээдүй гэж байдгийг, ирээдүйгээс ирдэг үгс хуурамч байж болохыг мэдэх болов. Хямралтай хамт ирсэн дэндүү үнэтэй олз гэж үүнийг нэрлэх үү?