“Өнөөдөр” сонин энэ удаа редакцдаа Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Л.Амаржаргал, мэргэжилтэн, ахмад Х.Одбаяр, нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Д.Баясгалан, Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд гэр бүл, хөгжлийн бодлого хэрэгжилтийн газрын хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Ойнбаяр, Олон нийтийн түншлэл, хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал, Монголын сурагчдын холбооны ерөнхий менежер Р.Батхуяг нарыг урьж, явган зорчигчдын аюулгүй байдлын асуудлыг хөндөн ярилцлаа.
-Яармагийн замд аравдугаар сарын 1-нд 63 дугаар сургуулийн сурагч, 12 настай хүү явган хүний гарцаар, ногоон гэрлээр зам гарч яваад машинд мөргүүлж, амиа алдлаа. Үүнээс үүдээд явган зорчигчийн аюулгүй байдлын талаар ярилцахаар та бүхнийг урилаа. Явган хүн гарцан дээр, ногоон гэрлээр гарч яваад машинд мөргүүлдэг явдал гарсаар байна. Яагаад ийм осол гараад байна вэ?
Л.Амаржаргал: -Ийм уулзалт хийж байгаад би хувьдаа баяртай байна. Гэхдээ арай л хожимдчихов уу даа. Өнгөрсөн онд зам, тээврийн ослоор 48 хүүхэд нас барсан. Тэгэхэд замын цагдаагаас өөр байгууллага дуугараагүй. Зам, тээврийн ослоор амиа алдсан хүүхдүүдийн талаар Хүүхдийн төлөө үндэсний газар өнөөдрийг хүртэл ам нээсэнгүй.
Энэ оны эхний есөн сард зөвхөн нийслэлд 12 хүүхэд авто ослоор амиа алдаад байхад яагаад дуугарахгүй байгаа юм. Осол гарахад замын нөхцөл байдлын талаар л ярьдаг. Үнэндээ замын хөдөлгөөнд оролцож байгаа зорчигч, жолооч нар өөрсдөө ухамсар муутай байна.
Цагдаа байвал жолооч нар дүрмээ баримталдаг, харагдахгүй бол зөрчил гаргадаг. Яармагийн замд тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохио бүгд бий. Гэвч тэр замаар зорчигчид цагдаа байвал л улаан гэрэл дээр зогсож, харагдахгүй бол дураараа сэлгүүцдэг. Нисэх, Яармагийн замд жолооч нар хамгийн их хурд хэтрүүлдэг. Нисэх, Биокомбинат чиглэлийн замд өнгөрсөн жил 24 хүн амиа алдсаны 12 нь зөвхөн Яармагийн замд гарсан ослын улмаас.
Энэ хүмүүсийн 60.8 хувь нь явган зорчигч. Тухайн үед замаа шинэчилж байсан учраас тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохио байгаагүй. Үүнээс болоод хүмүүс авто осолд их өртсөн. Гэтэл зам ашиглалтад орсон ч иргэд замын хөдөлгөөнд ёс журмын дагуу оролцохгүй байна.
-Яармагийн зам гэрэлтүүлэг муутай учраас осол их гардаг гэдэг. Энэ үнэн үү?
Л.Амаржаргал: -Газар дээр нь очоод үзвэл Яармагийн замын гэрэлтүүлэг хангалтгүй байгаа. Замын урд талын гэрэлтүүлэг нь ёолкны чимэглэл шиг анивчиж байна. Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Гэрэлтүүлэг” компани, Замын цагдаагийн тасаг хамтран шалгахад гэрэлтүүлэг нь стандарт бус, замын зорчих хэсгийн нэг, хоёрдугаар эгнээг гэрэлтүүлдэг, гуравдугаар эгнээнд тусахгүй байсан.
Анивчиж буй гэрэл жолооч нарын нүдний хараанд муугаар нөлөөлдөг. Гэрэлтүүлэггүй зам нь авто осол гарах шалтгаан, нөхцөл болдог. Ийм замд эзэнгүй осол их гардаг. Шөнө оройн цагаар Яармагийн замд дахиад хүний амь эрсдэхгүй гэх баталгаагүй болчихоод байна.
-Яармагийн замын гэрэлтүүлэг стандарт бус юм уу. Үүнд Д.Баясгалан дарга хариулт өгөхгүй юү?
Д.Баясгалан: -Тус замын гэрэлтүүлгийг стандарт бус гэж тогтоосон шалгалтын дүн манайд ирээгүй. Бид зураг төслийн дагуу өндөр хүчин чадалтай гэрэлтүүлэг тавьсан. Авто замын газар зураг төслийг ганцаараа гаргадаггүй. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар зэрэг хэд хэдэн байгууллага зөвшилцөж байж, тухайн замд тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг тавьдаг.
Нийслэлийн дүүрэг бүрт гэрэлтүүлэг хариуцсан компани бий. Тэд замын гэрэлтүүлгийг бүрэн хариуцдаг. Яармагийн замын гэрэлтүүлэг анивчаагүй. 2014 оны наймдугаар сард тус замыг Улсын комисс хүлээн авсан. Гэрэлтүүлэг, тэмдэглэгээг замаас тусад нь салгаж, зөвхөн замыг хүлээн авдаггүй. Улаанбаатарт ямар нөхцөлд зам барьж байгаа билээ.
Уг нь техникийн шаардлагаар бол зам тавих хэсгийг бүрэн хааж байгаад тавих ёстой. Гэтэл өнөөдөр хэсэгчлэн хааж байгаад зам тавьж байна. Үүнээс болоод осол гарч байгааг үгүйсгэхгүй. Улсын комисс хүлээж аваагүй замаар тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаа нь буруу. Гэхдээ улаанбаатарчуудын хөдөлгөөнийг таг зогсоочихгүйн тулд түр зам гаргаад явуулж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт ашиглалтад ороогүй гурван зам байгаа нь Чингэлтэй, Долоон буудал чиглэлийн зуслан, Улиастай, Дунд голынх. Үүнийг бид хариуцна.

-Яармагийн замын гэрэлтүүлгийг Улсын комисс хүлээн аваагүй гэсэн үг үү?
Д.Баясгалан: -Авсан.
Л.Амаржаргал: -Гэрэлтүүлэг муу учраас хэд хэдэн осол гарсан. 2015 оны арванхоёрдугаар сард Яармагийн замын гэрэлтүүлгийн талаар “25 дугаар суваг” телевизтэй хамтран нэвтрүүлэг хийхэд гэрэл нь асаж, унтраад байсан. Ийм гэрэлтүүлэг хүлээн авч болдог юм уу?
Д.Баясгалан: -Энэ асуудал олон талтай. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт комисс байгуулагдан, хүлээж авсан. Сайжруулах ёстой зүйл бий. Түүнээс биш, стандартын бус гэрэлтүүлэг байхгүй. “Буянт-Ухаа” хорооллын шугам сүлжээг татахдаа замын гэрэлтүүлгийн кабелиудыг тасалсан. Иргэд ч бас кабель тасалж гэмтээх нь их. Жоотуугаар кабелийн нэг утсыг цохиход л замын гэрэлтүүлэг гэмтэж, анивчдаг.
-Иймэрхүү шалтгаан хэлээд байвал дуусахгүй. Үүний цаана хүний амь яригдаж байна. Замыг яаж түгжрэлгүй болгох вэ гэж анхаараад явган хүнээ мартчихдаг тал ажиглагдаад байгаа. Ногоон гэрэл, цагаан шугамаар гарч байгаа хүн машинд дайруулж байна. Ийм юм байж болохгүй биз дээ?
Д.Баясгалан: -Энэ бол мэдээж жолоочийн хариуцлагагүй байдал, дүрмээ биелүүлдэггүйгээс болж байгаа юм. Хөдөлгөөний эрчмүүдийг яаж задлах вэ гэдэгт гол асуудал бий. Хүний амь насыг тооцохгүйгээр зам барина гэж байхгүй. Одоогийн байдлаар 15 газрын замыг 800 гаруй сая төгрөгөөр дахин шинэчилж зассан. Явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээ нэмж тавьсан.
Х.Одбаяр: -Нийслэл, ЗЦГ-аас худалдааны төвүүдийн дэргэдэх зам дээр тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг нэг түвшинд байлгадгийг болиулахаар ярилцсан. Үүний хүрээнд нэлээд замд гүүрэн гарц хийлээ. Гэвч төсөв мөнгөтэй холбоотой учраас хангалттай хийж чадахгүй байна.

Л.Амаржаргал Р.Батхуяг Д.Баясгалан Х.Одбаяр Ж.Азжаргал Х.Ойнбаяр
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн явган зорчигчид хариуцлага тооцов. Хэдэн хүнийг торгов?
Х.Одбаяр: -ЗЦГ бэлэн бус торгуулийн системд шилжсэн. Иргэний бүртгэлийн ерөнхий газартай цахим системээ холбохоор удирдлагын түвшинд ярьж байна. Өмнө нь явган зорчигчийг 100-8000 төгрөгөөр торгох хуультай байсан ч хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй байлаа.
Явган зорчигчийг зогсоогоод шалгах гэхээр “Замын цагдаа жолоочийг л торгох эрхтэй” гэсэн буруу ойлголттой байдаг. “Иргэний үнэмлэх гэрт байгаа”, “Мөнгө байхгүй” гэдэг.
Харин бэлэн бус торгуулийн системд шилжсэнээр энэ бүх зөрчил арилна. Явган зорчигч бичиг баримт, мөнгөтэй эсэх нь хамаагүй. Регистрийн дугаараар нь хаана амьдардаг, хэн болохыг нь мэдээд гэрийнх нь хаягаар торгуулийн хуудас явуулчихна.
Л.Амаржаргал: -Манайхан их барьцамтгай хүмүүс. Гарцаар гараагүй нэг хүнийг торгох гэж байтал хоёр алхмын цаана хоёр хүн бас л гарцгүй газраар гараад ирэхэд “Тэднийг торгоогүй байж намайг торголоо” гэдэг. Ийм байдлаасаа салахгүй бол явган зорчигч амиа алдсаар байх биз. Заавал эдийн засгийн дарамтад орж, өөрөө бэртэж гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсны дараа л гарцаар гарч хэвших юм уу.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль бол явган зорчигчийн л амь, эрүүл мэндийг хамгаалсан хууль. Явган хүн хашаанаас гараад чигээрээ явсаар зам хөндлөн гарна гэсэн ойлголттой байдаг. Үүнээсээ болоод осолд өртөөд байна. Одоо бол явган хүн гарцгүй газарт машинд мөргүүлбэл эрүүл мэнд, эдийн засгаараа хохирохоос гадна жолоочийн машиныг засах ёстой болсон шүү.
-Авто осолд өдөр бүр шахам хүүхэд өртөж байхад Монголын сурагчдын холбоо, Хүүхдийн төлөө үндэсний газрынхан яагаад дуугарахгүй байна вэ. Та бүхэн энэ чиглэлээр ямар ажил хийж байна?
Р.Батхуяг: -Бид Сүхбаатар дүүргийн хүрээнд сургуулийн орчин, аюулгүй бүсийн зураглал гаргаж байгаа. 45 дугаар сургууль зам руу харсан хаалгатай байсныг өөрчлүүлсэн. Мөн “School police” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Ингэснээр хүүхдүүдээ гэмт хэрэг, авто ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд гар бие оролцдог болсон.
Сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэргүүдээс хамгийн том нь зам, тээврийн осол. Хүүхдүүд автобусаар хол зам туулж, сургуульдаа очдог. Бага насны хүүхдүүд аав ээжийн зараалаар явж байхдаа осолд орох нь түгээмэл. Эцэг эх нь сургууль, гэрийнх нь үүдэнд машинаар байнга хүргэж өгч, авсаар байгаад хувийн зарим сургуулийн хүүхдүүд зам хөндлөн гарч чадахгүй болчихсон байна.
Хүүхдийн автобуснуудад парк шинэчлэл хийдэггүй. Үүнээс гадна төв зам гэхээс илүү орон сууцны доторх, гэр хорооллын замд осол их гарч байна.
Л.Амаржаргал: -“School police” бол зөв хөтөлбөр. Гэхдээ сүүлийн үед үр дүнгүй болох гээд байна. Есдүгээр сарын 1-нээс бүх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад бид ажилласан. Саяхан 67 дугаар сургуулийн үүдэнд хүүхэд машинд дайруулж амиа алдлаа. 28 дугаар сургуулийн гадна хэсэг хүүхэд осолд орох шахлаа.
28, 40 дүгээр сургуульд “School police” ажиллахгүй байна. Сурагчдын холбоо энэ хөтөлбөрөө илүү үүрэгжүүлэх хэрэгтэй. Нэг сургууль 2000 гаруй хүүхэдтэй гэхээр өдөрт дөрвөн эцэг эхийг дайчлах боломжтой. Хоёр нь сургуулийн ойр орчим, бусад нь зам дээр хяналт тавиг. Гэтэл 28 дугаар сургуулийн “School police” зам дээр самар цөмөөд, хоорондоо ярилцаад зогсоод байсан.
Хажуугаар нь бага ангийн хүүхдүүд гүйлдээд л байсан. Тэднээс ганц ч багш “Ажлаа хий” гэж шаардаагүй. Зарим эцэг эх “Зам дээр харагдаж л байвал боллоо” гэсэн бодолтой байна. Хүүхдийн байгууллагууд олон арван хүүхэд авто ослоор амиа алдаж, бэртэж гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байхад таг дуугүй л байдаг хэрнээ хүүхэд зодуулсан хэргийн араас бөөн дуулиан дэгдээдэг.
Олон хүнийг сэрдхийлгэсэн хэрэг гарахаар л бүгд дуугараад, энд тэндгүй шуугиад эхэлдэг. Яг үнэндээ хүүхэд эхдээ зодуулаад үхэх, авто замын ослоор нас барах ялгаагүй шүү дээ.
Х.Ойнбаяр: -Тийм хэрэг яах аргагүй олны анхаарал татдаг шүү дээ.
Л.Амаржаргал: -Сургуулийн ойролцоох зам дээр зогсож байгаа эцэг эхчүүд энэ ажилд цаг нөхцөөх байдлаар хандвал зам, тээврийн ослоор хүүхэд гэмтэх, нас барах, хүчирхийлэлд өртөх хэрэг гарсаар байх болно. Шинэчлэн баталсан хуульд “0-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр асран хамгаалагч болон бүх шатны боловсролын байгууллагынхан хөдөлгөөнд оролцуулахгүй” гээд заачихсан.
Үүнтэй холбоотойгоор бүх аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагатай гэрээ байгуулсан. Хэрэв хүүхэд сургууль дээр амь нас, эрүүл мэндээрээ хохирвол багш, нийгмийн ажилтан, дээрээс нь эцэг эхэд хариуцлага тооцохоор болсон учраас гурвалсан гэрээ байгуулсан.
Гарц, гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, үүдэндээ авто замтай сургууль маш олон. Ялангуяа, гэр хорооллын хүүхдүүд эрсдэлтэй зам туулж сургуульдаа ирдэг. Ийм сургуулиудад хүүхэд тээвэрлэх автобус хэрэгтэй. Гэтэл төсөв мөнгөнөөс шалтгаалаад хэрэгтэй газруудад автобус явуулж чадахгүй байна. Үнэндээ хувийн хэвшлийн хэдхэн л сургууль автобустай. Хожим улсын хэдэн сургууль автобустай болсон.
Х.Одбаяр: -Өнгөрсөн онд зам, тээврийн ослоор 48 хүүхэд нас барж, 160-аад хүүхэд бэртэж гэмтсэн. Нас барсан хүүхдүүдийн найм нь нийслэлийнх. Тэднийг судалж үзэхэд гэр, сургуулийн хоорондох замд осолд өртсөн байдаг. Стандарчлал хэмжил зүйн газарт санал хүргүүлсний үндсэн дээр “Сургуулийн бүсийн аюулгүй орчны стандарт”, “Сургуулийн автобус” гэсэн стандарттай болсон. Үүний дагуу өнгөрсөн жилээс сургуулиудад тээврийн хэрэгслээ стандартын дагуу шинэчлэн сайжруулах шаардлага тавьсан.
Энэ жил шалгаад үзэхэд яг хэвээрээ, ганц ч сургууль автобусаа шинэчлээгүй байсан. Нийтийн тээврийн үйлчилгээнд тэнцэлгүй хасагдсан автобусаар хүүхдэд үйлчилж байна. Нийслэлийн Боловсролын газарт энэ тухай албан тоот хүргүүлсэн. Одоо Хүүхдийн төлөө үндэсний газар үүнд анхаарч, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад санал, шаардлага хүргүүлэх хэрэгтэй.
Нэг жишээ хэлэхэд, өнгөрсөн зун IV дэлгүүрийн үүдэнд 63 настай эмээ долоо, есөн настай хоёр ачаа замын дундуур гүйлгэн бараа заруулж байсан. Хүүхдийн эрх зөрчигдсөн энэ мэт асуудалд хүүхдийн байгууллагууд яагаад арга хэмжээ авахгүй байна вэ.
Р.Батхуяг: -Ноднин 06.45 цагт 12 настай, зургадугаар ангийн сурагч сургууль дээрээ амиа хорлосон. Сургуулийн цагдаа 17.00 цаг хүртэл ажиллах ёстой. Цагдааг ажлаас буугаад явчихсан хойгуур тэр хүүхэд төмөр хашаанаас дүүжлэгдээд нас барчихсан. Бид бүх байгууллагад мэдээлэл өгөөд дуудсан, Хүүхдийн төлөө үндэсний газраас хүн ирээгүй. Тухайн сургуулийн захиралд хариуцлага тооцуулах гээд хүч хүрээгүй, Хүүхдийн төлөө газрын байр суурь, дуу хоолой дутсан.
Тэр хүүхдийн л буруу болоод дууссан. Цагдаагийн байгууллагаас тухайн сургуулийг “Танайх хүүхдэд амиа хорлох нөхцөл бүрдүүлж өгсөн байна” гээд захиралтай нь хариуцлага тооцох гээд бараагүй. Яагаад гэвэл сургуулийн хашаа нь яг шат шиг, гишгээд авирах боломжтой.
Х.Одбаяр: -Замын голоор явж, гар дээрээс юм зардаг хүүхэд маш олон бий. Ялангуяа, урин дулаан цаг ирэхээр замаар дүүрэн хүүхэд болдог. Тэд алаг тэрэг хараад зугтдаг. Биднийг яваад өгмөгц буцаж гарч ирээд замаар гүйлдээд байдаг. Энэ хүүхдүүдийг болиулахын тулд дүүрэг бүрийн Хүүхдийн төлөө газрынхантай уялдаатай ажилламаар байгаа юм.
Л.Амаржаргал: -Хүүхэд бүр онцлогтой. Эдийн засгийн хямралд орчихсон айлын хүүхдийн сэтгэл зүй өөр. Айлын эрх дураараа хүүхэд, байнга хүнд дарамтлуулдаг хүүхдийн сэтгэл зүй бас ондоо. Энэ хүүхдүүд замын хөдөлгөөнд өөр өөрөөр оролцдог. Хүүхэд гэдэг их өвөрмөц шүү дээ. Замын цаана найз нь зогсож байвал түүн рүү шууд л яваад очдог.
Наана нь зам байна, машин явж байна, явган хүний гарц алга гэдгийг анзаардаггүй. Тиймээс би Хүүхдийн төлөө газрынхныг манайхтай хамтраад хүүхдийн сэтгэл зүйд тохирсон нэвтрүүлэг хийгээсэй гэж хүсэж байна. Хүүхдийн төлөө газар биднийг бодвол сэтгэлзүйчтэй. Нэг удаагийн яриа болгоод дуусгах биш, товлоод хамтарч ажиллая.
Х.Ойнбаяр: -Зам, тээврийн осолд өртсөн хүүхдийг буруутгаад өнгөрдөг. “Жолооч ял шийтгэлгүй өнгөрөх гээд байна” гэсэн гомдол манайд их ирдэг. Бас “Энэ хүүхэд ирээдүйд намайг, гэр бүлээ тэжээх ёстой байсан. Гэтэл ослоор өнгөрчихлөө. Би энэ хохирлоо мөнгөн хэлбэрээр төлүүлмээр байна” гэдэг.
Ж.Азжаргал: -Би ажлаа аваад удаагүй байгаа. Энд яригдаж байгаа асуудлуудыг анхааралдаа авч, хамтарч ажиллая.
Х.Одбаяр: -Зам, тээврийн осол бол санамсар болгоомжгүйгээс болж гардаг. Энэ ч утгаараа жолоочид ногдуулах хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байдаг. Машин уначихаад хүн дайрч ална гээд хөөдөг жолооч байхгүй шүү дээ.
Д.Баясгалан: -Би түрүүн стандарт гэж дурдаад өнгөрсөн. Энэ стандартад сургуулийн бүс гэж бий. Сургуулийн бүсэд орсон жолооч 20 км/цагийн хурдтай явах ёстой. Сургуулийн бүсэд байгаа зам хурд хэмжигч, сааруулагч, тэмдэг, тэмдэглэгээтэй байх ёстой. Улаанбаатарт байгаа бүх сургуулийн эргэн тойронд аюулгүй бүс тогтоож, тохижуулъя гээд нийслэлд хандахаар мөнгө байхгүй гэдэг.
Аргагүйдээд бид хувийн хэвшлийнхнээс гуйж байна. Жишээ нь, АПУ-гийн ард сургууль бий. “Ард талын сургуулийнхаа гаднах орчныг сургуулийн стандартын дагуу тохижуулаад өгөөч. Тэгвэл бид АПУ гэдэг компани нийгмийн сайн сайхны төлөө ийм мундаг ажил хийлээ гээд сурталчлаад өгье” гээд байж байна.
Танай Хүүхдийн төлөө газар бол Засгийн газрын бүхэл бүтэн том агентлаг юм чинь Засгийн газрын түвшинд энэ тухай яриад Улаанбаатарт төчнөөн сургууль байна, үүний орчин тойрныг ингэж тохижуулж, аюулгүй болгоё гээд хөөцөлдөх хэрэгтэй. Сурагчдын холбоо Сүхбаатар дүүргийн ЗДТГ-тай хамтраад сургуулиудын гадна тэмдэг, тэмдэглэгээ тавиад явж байна.
Уучлаарай, манай жолооч нар тэр тэмдгийг мөрдөхгүй. Замын хөдөлгөөнд ухамсартайгаар оролцдог жолооч нар манайд төдий л хангалттай биш. Харин хурд сааруулагч, хэмжигч, камер тавиад өгвөл жолооч нар хүссэн хүсээгүй хурдаа хасна.
-Яармагийн замд яагаад хурд сааруулагч тавьдаггүй юм бэ?
Х.Одбаяр: -Яармагийн замд хурд сааруулагч тавих шаардлагагүй. Харин хурд хэмжигч, камер тавьчихвал болно. Бид Яармагийн замд хурд хэмжигч барьж зогсоод олон жолоочийн эрхийг хассан. Тэгэхэд жолооч нарын хамгийн удаан нь 60-70 км/цагийн хурдтай явж байсан. Моторын хүчин чадлаас шалтгаалаад үүнээс их хурдалдаг.
Д.Баясгалан: -Яармагийн замд хурд сааруулагч тавих нь эрсдэлтэй. Яагаад гэвэл машин дотор бас хүн зорчиж яваа шүү дээ. Хурд сааруулагчтай зам дээр машин хурдтай явж байгаад осолдвол яах вэ. Бид стандарт, норм дүрмээ баримталж байгаа. Та нарын яриаг сонсож байхад сургуулийн бүс яригдаж байна.
Бид нэлээд олон байгууллагатай зөвшилцөөд 80 орчим сургуулийн гаднах орчныг сурагчдын аюулгүй байдалд нийцүүлэхийн тулд юу хийхээ төлөвлөчихсөн. Энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байгаа. Тав зургаан сургуулийн дэргэдэх замыг камертай, тэмдэг, тэмдэглэгээтэй болголоо. Сансарын 97 дугаар сургуулийн дэргэдэх зам дээр камер суурилуулан, явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээ хийж, хүүхэд явах боломжгүй байсан газруудад явган хүний зам гаргасан.
14 дүгээр сургуулийн арын замыг бас ийм болгосон. 2015 онд бид 101 сургуулийн ойролцоох замд тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч хийсэн. Ер нь анх сургууль барихдаа энэ бүхнийг цогцоор нь хийдэг болгомоор байна. Хөлбөмбөгийн талбай хаана байх ёстой, авто болон явган хүний зам хаагуур гаргах вэ, хүүхэд хаагуур явах юм, эцэг эхчүүд машинаа хаана зогсоож, хүүхдээ хаашаа буулгах вэ гээд бүгдийг эхнээс нь төлөвлөж, сургуулийн барилгатай хамт байгуулах ёстой.
Гэтэл сургууль бариад өгчихдөг, захирал нь “Зам байдаггүй, яах вэ” гээд манайд ирдэг. Бид одоо сургуульд камер тавиад захирлынх нь компьютертэй холбоод хүлээлгэж өгдөг. Хүүхдийг осол, хэрэг зөрчлөөс хамгаалах гэсэндээ л Замын сангаас мөнгө гаргаад сургуулиудад камер суурилуулж байна.
Уг нь энэ мөнгийг Замын сангаас гаргах ёсгүй. Дахин хэлэхэд, бүх замд хурд сааруулагч тавина гэж байхгүй. Тэмдэг, тэмдэглэгээгээр зохицуулах ёстой. Тэмдгийг дагаж мөрдөж байгаа жолооч ч алга.
-Тэгээд л ногоон гэрэл, цагаан шугамаар гарч яваа хүүхдийг дайраад байна шүү дээ.
Х.Одбаяр: - “Сургуулийн бүсийн аюулгүй орчны стандарт”-д сургууль орчмын замын стандартыг зааж өгсөн. Авто замд ойрхон сургуулиудыг энэ стандартын дагуу нэн яаралтай тохижуулах шаардлагатай. Ингэснээр хүүхдийг хамгаалах боломжтой. Заавал сургуулийн цагдаа ажиллах шаардлагагүй.
-Толгойт, ГССҮТ-ийн ардах гээд их эвдэрсэн зам Улаанбаатарт бий. Осол гаргахад нөлөөлдөг ийм замуудыг хэзээ засах вэ?
Л.Амаржаргал: -16 дугаар сургуулийн дэргэдэх зам дээр хүүхэд осолд ороход ойрхон байгаа шүү. Хоёр талаасаа шахагдсан, үзэгдэх орчин хязгаарлагдчихсан. Сургуулиас гараад ирмэгц замд тулдаг. Бас тулгаад гарааш барьчихсан.
Д.Баясгалан: -ГССҮТ-ийн арын замыг төсвийн хүрээнд сайжруулсан ч долдугаар сард буусан үерт дахиад эвдэрсэн. Түүнийг засна. Толгойтын замыг засахаар тендер зарлачихсан. Худалдан авах ажиллагааны газраас энэ замыг засах гүйцэтгэгчийг шалгаруулчихвал энэ ондоо ажилдаа орчих байх. Засах гээд хөрөнгө төлөвлөчихсөн замыг нөхнө гэхэд хэцүү. Мөнгө дэмий үрэх гээд байдаг.
Гэхдээ бид зүгээр суугаагүй, шороо асгасан. Улаанбаатар хот 700 гаруй км авто замтай. Үүний 70 хувь нь 10-аас дээш жил ашиглагдаж байгаа. Замын норм дүрмээр бол таван жил тутамд их засвар хийж, 10 жил тутамд шинэчилж байх ёстой. Нэг хэсэг замын ажил хаягдсан. Сүүлийн гурван жилд замд нэлээд их хөрөнгө зарцууллаа шүү дээ.
Энэ замуудыг засаж шинэчлэхэд маш их хөрөнгө мөнгө хэрэгтэй байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг энэ, энэ замыг ингээд засчихвал ачаалал нь ингэж буурах юм байна гэж тооцсоны дагуу тодорхой хэмжээний ажил хийгээд явж байгаа.
-Зам дээр тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохио байна. Жолооч нарт баримтлах дүрэм байна. Үүнийг мөрддөггүй жолооч нарыг яах вэ? Мөрдүүлэх гэж л энэ бүхнийг бий болгосон биз дээ.
Х.Одбаяр: -ЗЦГ 1990 онд батлагдсан бүтэц, орон тоогоор өдий хүртэл ажиллаж байна. Гудамж, зам дээр үүрэг гүйцэтгэж буй албан хаагч 400 гаруй бий. Улаанбаатар хотын авто замын 20 хувийг л бид хүний хүчээр хяналтандаа байлгаж байна. Дүүргүүд дэх Замын цагдаагийн тасаг өөр өөрийнхөө дүүргийн гол магистраль замуудыг гацаачихгүй юмсан гэж л хяналтаа тавьж байна. Засгийн газрын 2012 оны 153 тоот тогтоолоор “353 тээврийн хэрэгсэл тутамд нэг цагдаа байна” гээд нормчилж өгсөн байдаг.
Хүн хүчиндээ хуваагаад үзэхээр өнөөдөр нэг цагдаад 2000-3000 тээврийн хэрэгсэл ногдож байна. Хүн хүч хүрэлцэхгүй байгаа ийм үед замаа хянахын тулд камер тавих ёстой. Зургаан цагдаагийн нэг өдөрт хийдэг ажлыг нэг камер хийж байна. Камер ямар их ач тустай болох нь үүнээс мэдэгдэж байгаа биз.
Хотын захын хорооллуудын зам үндсэндээ хаягдсан. Хөдөлгөөнт эргүүлүүдээ тийш явуулдаг ч хангалттай биш. Яагаад гэвэл манай цагдаагийн нэг машин өдөрт дөрвөн литр шатахууны нормтой. Ийм бензинээр тэр том нутаг дэвсгэрийг өдөржин тойроод хяналтандаа байлгаж чадах уу. Манай цагдаа нарын машинаа түрээд явж байгаа зураг сайтуудаар гардаг. Бензин нь дууссан учраас л түрээд явж байгаа шүү дээ. Өөрөөр яах юм бэ.
Л.Амаржаргал: -Дүрмээ баримталдаггүй, биелүүлдэггүй жолооч нарыг Замын хөдөлгөөний шинэ хуулиар чангалж байгаа. Одоо хамгаалах бүс зүүдэггүй жолооч байхгүй болсон. Дэргэдэх хүндээ ч зүүлгэдэг болсон. Яармагийн зам дээр хурд хэтрүүлээд, гэрлэн дохион дээр зогсдоггүй байсан жолооч нар одоо зогсдог болж эхэлсэн. Эдийн засагтай нь яриад эхлэхээр жолооч нар хүссэн хүсээгүй дүрэм баримталж байна.
Х.Одбаяр: -Хотын захын хорооллын замд камер тавих хэрэгтэй.
Д.Баясгалан: -Одоо бид Телевиз, Баянхошууны замыг Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй камераар холбож байна. Яармагийн замыг бас энэ жил холбохоор камер суурилуулж байгаа. Энэ жил зам камержуулахад 1.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Гэхдээ бид бүгдээрээ замын хөдөлгөөнд оролцдог. Урдуур гарч яваа хүүхдийг “Миний хүүхэд” гэж бодохгүйгээр сигналдаад дайраад байвал осол зөрчил арилахгүй.
Бие биесээ хүндэтгэж, үр хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлж явахгүй бол жолооч нарыг хэчнээн торгоод нэмэргүй. Хоёр удаа торголоо, гурав дахиа хүн дайрчихвал яах юм бэ.
Х.Одбаяр: -Одоогоос таван жилийн өмнө Энхтөр хурандаа дунд сургуулийн 1-10 дугаар ангийн хүүхдүүдэд зориулан, замын хөдөлгөөний сурах бичиг гаргасан. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг хичээлийг сурагчдад заая гээд БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргатай нь уулзаад номоо, албан бичигтэйгээ өгсөн.
“Судлаад хариу өгье” гээд авсан. Одоо ном ч үгүй, албан бичгийн хариу ч байхгүй. Нөгөө хичээлийг сонгон суралцах хичээлийн жагсаалтад оруулчихсан. Сонгон судлах хичээлд нь англи хэл, компьютер, замын хөдөлгөөний дүрэм байдаг.
Хүүхдүүд англи хэл, компьютерийн хичээлийг сонгоод замын хөдөлгөөний дүрмийг тоодоггүй. Тэгсэн хэрнээ бие даан замын хөдөлгөөнд оролцож чаддаггүй. Хүүхдийн төлөө газар энэ асуудлыг манайхтай хамтраад хоёр талаасаа хөндөн, сурагчдын заавал судлах хичээлийн нэг болгочихвол хүүхдийн ирээдүйд оруулж буй маш том хөрөнгө оруулалт болно.
Л.Амаржаргал: -Сая шинэчлэн баталсан хуулиар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн үндсэн хөтөлбөрт оруул гэж үүрэг чиглэл өгсөн. Тэгэхээр удахгүй энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж, сурах бичиг хэвлэх байх.
Х.Ойнбаяр: -Боловсролын салбар хүүхэд хамгааллын бодлоготой болох ёстой. Хүүхдийн аюулгүй байдлыг сургуулийн орчинд яаж хамгаалах ёстой вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газарт энэ талаар саналаа албан бичгээр хүргүүлсэн. Хариу ирэхгүй байгаа. Боловсролынхоос бусад хүүхдийн байгууллагууд бүгд хүүхэд хамгааллын бодлоготой болчихсон.
Тэмдэглэсэн Х.БОЛОРМАА, Ч.БОЛОРТУЯА