Химийн бордооны оронд нугас шувуу, механик техникийн эсрэг гар ажиллагаа. Орчин үеийн шинжлэх ухааны эсрэг ардын уламжлал. Хятадын Юаньянг мужийн хани үндэстний бяцхан тосгон дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн бодлого, эко тариаланг мянга гаруй жил амжилттай хэрэгжүүлж байгаа гэнэ.
“Химийн бордоо хэт үнэтэй тул нугас шувуу хамаагүй ашигтай. Манай гэр бүл 2.7 мянган шоо метр газартай.
Арвантавхан нугас л манай будааны талбайг бүрэн хамгаалж чадна” гэж тариачин бүсгүй Хы ярьж байна.
Хэрэв танай будааны талбай дэлхийд тэргүүлэх эко тариалан байна гэж хэлбэл тэрбээр үнэхээр их гайхах буй заа.
Хыгийн тосгон, ер нь Юаньянг мужийн бүх тариачин будаагаа ингэж л тарьж, ургуулдаг. Вьетнам, Лаос, Мьянмартай хил залгаа тус мужийн будааны талбай аялал жуулчлалын үзмэр болдог гэж хэлэхэд ч буруудахгүй. Уулын хөндийд шат дараалан байрласан будааны талбайг харахаар гадаад дотоодын жуулчид байнга ирдэг.
2013 онд ЮНЕСКО-гоос хани үндэстний будааны талбайг хүн, байгалийн төгс харилцаа, 1300 жил өөрчлөгдөөгүй, дэлхийд хосгүй эко систем хэмээн хүн төрөлхтний соёлын өвөөр бүртгэжээ.
Хы нугаснуудаа усаар дүүрсэн талбайд гаргаж тавилаа. Тэдний зорилго бол хортон шавьжийг идэж, хог ургамлыг устган, усыг хүчилтөрөгчөөр баяжуулан, хөрсийг сэргээх явдал.
Өөрөөр хэлбэл, химийн бордоо, усжуулах системийг бүрэн орлосон эко технологи гэсэн үг. Нугастай цуг загаснууд ч ажилдаа гарна. Хавар будаа тариалах үеэр ханичууд талбайдаа хэлтэг, могой загас оруулна. Загаснууд нугаснаас дутахгүй ажилсаг, тэд будаанд чухал шаардлагатай хөрсөн дэх фосфор, азотын хэмжээг нэмэгдүүлдэг.
Ингээд намар нь тариачид гурван төрлийн ургац хураана гээд бод. Будаанаас гадна зунжин “ажиллаж”, таргалсан нугас, загасаа хурааж авна. Будаанд хамгийн чухал зүйл бол азот. Хятад улс будааны хэрэглээ, химийн азоттой бордооны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх орон. Гэхдээ химийн бордооны дөнгөж 30-40 хувь нь л будаанд шингэж, үлдсэн нь хөрс, усанд ордгоос хөрсний ус, гол мөрний бохирдол Хятадын экологийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Харин ханичууд үүнээс хамгаалах өөрийн гэсэн аргатай. Тэд азолла хэмээх усны ургамлыг будааны талбайд тарьдаг. Азоллагийн үндэс нь яг л үйлдвэр мэт тогтмол ажиллагаатай, агаараас азот үйлдвэрлэн гаргаж, будааны талбайд нийлүүлдэг.
Экологи, байгаль хамгааллын талаар огт мэдлэггүй ч тэдний энэ аргыг дэлхийн хамгийн эко технологи гэж нэрлэж болно. Нэг тонн будаа хураан авахын тулд 4.5 мянган тонн ус хэрэгтэй. Дэлхийн цэвэр усны 70 хувийг хөдөө аж ахуйд хэрэглэж байна. Тэгвэл ханичуудын усаа хамгаалахаар олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн арга одоо ч хуучраагүй.
Будааны талбай бүр тусгай жижүүртэй. Жижүүр талбайгаар явж, сувгуудыг эргэн, ус саадгүй урсаж байгаа эсэхийг шалгаж, сувгийг цэвэрлэнэ. Гэхдээ түүний хамгийн гол үүрэг бол усны хэрэглээг хянах. Хэн, хаана үр ашиггүй ус үрж байгааг жижүүр хянаж, тосгоны зөвлөлд мэдээлдэг. Зөвлөл жилд нэг удаа хуралдаж, хэрэглэх усныхаа хэмжээг тогтооно.
Уулан дээрээс буусан ус манан үүсгэх нь ойлгомжтой. Энэ мананг “барьж” аван, усыг нь “сэгсрэх” үүргийг ой мод хүлээнэ. Ойгоос буусан усыг дахин сувагт оруулж, жилийн дөрвөн улирал байнгын эргэлтэд байлгана. “Ой мод нь усны эх үүсвэр. Устай байж будаа ургана. Будаа бидэнд амьдрал хайрлана” Энэ бол ханичуудын амьдралын зарчим.
Товчхон, тодорхой, хамгийн гол нь эко зарчим. Дэлхий даяараа сүүлийн 30 жил тасралтгүй ярьж байгаа тогтвортой хөгжлийн бодлого энэ тосгонд 1300 жил хэрэгжиж байна гэдэг гайхамшиг. Жинхэнэ эко будаа болохоор Хятадын бусад сортын будаанаас илүү үнэтэй ч худалдан авагч тасрахгүй. Юаньянг муж 47 төрлийн будаатай.
1960-аад онд гарсан “Ногоон хувьсгал”-аар жижиг аж ахуйнуудыг том том сангийн аж ахуй болгон өөрчилж, ургацын хэмжээг нэмэгдүүлэхээр химийн элдэв бордоо ашигласны улмаас будааны уламжлалт олон төрөл зүйл мөхжээ. “Ногоон хувьсгал”-ыг санаачлагч Норманн Борлоуг 1970 онд дэлхийн хүнсний асуудлыг шийдэхэд оруулсан хувь нэмрээрээ Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан бол жилийн өмнө АНУ-ын Конгресс тэрбум хүнийг тэжээсэн гавьяатай эрхэм хэмээн хөшөөг нь босгожээ.
Тэрбум хүнийг хооллосон байж болох ч газар тариалангийн уламжлалт аргыг устгасан маш хор хөнөөлтэй хувьсгал болсон юм. Тэгвэл одоо дэлхийд хоёр дахь “Ногоон хувьсгал” гарч, өндөр ургац өгдөг шинэ төрлийн будаа гарган авахаар хөөцөлдөж байна. Алдарт Билл Гейтс цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй шинэ будаа гарган авах ажилд 32 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдээд байгаа.
Харин хани тариачид “Ногоон хувьсгал”, цаг уурын өөрчлөлт, Норманн Борлоуг, Билл Гейтс ч гэж мэдэхгүй. Хүн төрөлхтнийг өлсгөлөнгөөс аврах гэсэн бодол ч тэдний толгойд төрөхгүй. Тэд мянган жилийн туршлагадаа үндэслэн, өвөг дээдсийнхээ байгаль хамгаалах өв уламжлалаараа л ажиллаж байгаа улс. Гэхдээ будааны талбайн хөрсний онцлогт тохирсон, шинэ төрлийн будааг тэд ямар ч эрдэмтдээс дутахгүй гаргаж аваад л байгаа.
Ханичуудын хувьд будаа бол амьдралаа залгуулах арга төдий эд биш, соёл, уламжлалын салшгүй нэгэн хэсэг юм. Шинэ “Ногоон хувьсгал” гарсан ч ханичуудын будаа үнэтэй брэнд хэвээр үлдэх нь гарцаагүй. Будаанаас гадна аялал жуулчлалаар хөрөнгө мөнгө босгож, байгаль орчинд өчүүхэн ч хор хөнөөл учруулдаггүй. Тийм болохоор хүн төрөлхтөн лаборатори, эрдэм шинжилгээний хүрээлэнд эко технологи боловсруулж байснаас Хятадын хани үндэстний тосгонд очиход л эрүүл амьдрал, эко тариаланд суралцаж чадна.
М.СУГАР-ЭРДЭНЭ