Газар хөдлөлт улаанбаатарчуудыг сандаргав. Өнгөрсөн бямба гаригийн 17.30 цагт Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шарын аманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүнээс 38 секундын өмнө уг газарт 3.4 магнитудтай хүчтэй газар хөдөлсөн байжээ. Зөвхөн үүгээр зогсоогүй.
Голомтын бүс одоо ч идэвхтэй хэвээр, өчигдрийг хүртэл 0.5-2.6 магнитуд буюу сулавтар хүчтэй хөдөлсөн тохиолдол 14 удаа бүртгэгдээд байна. Энэ явдал Улаанбаатар хотын зүүн хойд хэсэгт буюу Гачууртаас хойш 10 км зайд орших Гүнжийн хагарлын бүсэд болсон. Уг бүс нь 20 км сунаж тогтсон, идэвхтэй хагарал бөгөөд одоогоос 3000-6000 жилийн өмнө хоёр ч удаа хүчтэй газар хөдөлсөн түүхтэй.
Газар хөдлөх үед Бэлх, Шарга морьт ба Гачуурт тосгоны оршин суугчдад хүнгэнэсэн дуу чимээ сонсогдож, хүчтэй чичиргээ мэдрэгдэж, хотын бүх дүүргийн оршин суугчдад чичирхийлэл нь мэдрэгдсэн гэсэн мэдээлэл иржээ. Өнгөрсөн баасан гаригт болсон үйл явцыг Одон орон, геофизикийн судалгааны төвийн станцууд шуурхай хүлээн авчээ.
Судлаачид уг нь мэдээллээ боловсруулахад таван минут орчим зарцуулдаг байсан бол өнгөрсөн бямба гаригт нэг минутын дотор боловсруулан, ОБЕГ-т өгсөн байна. ОБЕГ түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шуурхай дамжуулсан. Харин олон нийтийн сүлжээгээр цөөнгүй хүн “Олон тэрбум төгрөгөөр зарлан мэдээлэх станцууд суурилуулчихаад жирийн үед дуугаргаад байдаг юм билээ. Газар хөдлөхөд хаачив” гэж нэхлээ.
Газар хөдлөлтийг амжиж анхааруулдаг систем ашиглалтад орууллаа, дохио дуугардаг боллоо гэж өмнө нь цөөнгүй ярьсан болохоор аргагүй биз. Тэгвэл Одон орон, геофизикийн судалгааны төвөөс “Хотын оршин суугчид энэ талаар ташаа ойлголттой байна” гэж мэдээлж байна. Дуут дохиог Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдэд тавиагүй аж.
Харин Нийслэлээс 200-400 км зайтай Дундговь аймгийн Дэрэн, Булганы Могод, Сэлэнгэ аймгийн Бүрэн бүтээлийн нурууны газар хөдлөлтийн голомтод л суурилуулжээ. Тэнд хүчтэй газар хөдөлж, аюул нь Улаанбаатар хот орчимд ирэхээс 30 секундээс нэг минутын өмнө амжиж анхааруулах зорилгоор тэдгээрийг тавьсан аж.
Гэтэл энэ удаагийн газар хөдлөлт тэр голомтуудад биш, Улаанбаатар хотод ойр, Гүнжийн хагаралд болсон. Нийслэл хот орчимд газар хөдлөлөө гэхэд амжиж анхааруулах боломж хомс. Урьдчилан мэдээлэх боломжгүй, 3-4 секундэд болоод өнгөрдөг учраас тэр гэнэ. Тодруулбал, хот орчмын газар хөдлөлтийн бүсэд аюул болоход нэг секундийн дараа л төвдөө мэдэгдэх учраас станц суурилуулах шаардлагагүй гэнэ.
Харин болсны дараа хаана, юу болов гэдгийг иргэдэд мэдээлэх тал дээр манайхан сул ажилласнаа хүлээн зөвшөөрч байна. “Өнгөрсөн явдлын үеэр иргэдэд энэ талын мэдээллийг шуурхай хүргэхэд дутагдал бийг ажиглалаа. Газар хөдөлснийг бүгд мэдчихдэг ч хаана, юу болсон нь тодорхойгүй өнгөрдөг тал бий” гэж албаныхан ярьж байна. Тиймээс холбогдох байгууллагууд газар хөдөлсөн талаарх мэдээллийг зурагт, радиогоор маш шуурхай хүргэдэг болох талаар ярилцаж буй юм байна.
Нөгөө талаар өнгөрсөн онд Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой байгаагүйн дээр эдийн засгийн хямрал нүүрэлсэнтэй холбоотойгоор тодорхой төсөл арга хэмжээний санхүүжилт тасалджээ. Халаалт, хөргөлт бүхий хүнсний, нөөцийн шатахууны агуулах барих, эрэлч нохойн алба байгуулах зэрэг ажил дээрх шалтгааны улмаас саатахад хүрээд байгаа гэнэ. Үүгээр зогсохгүй энэ онд санхүүжилт шаардагдах бүх төсөл, арга хэмжээ зогсож мэдэхээр аж.
Ялангуяа, газар хөдлөлийг амжиж анхааруулах систем, түүнийг бүртгэх станцуудын ашиглалтын урсгал зардал шийдэгдээгүйн улмаас тоног төхөөрөмжүүдийг хураан, хадгалахад хүрч буй сураг ч дуулдана. Монгол орон Төв Азийн эх газрын гүнд газар хөдлөлтийн өндөр идэвхжилтийн бүсэд оршдог. Газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зурагт манай нутаг дэсвгэрийн 70 гаруй хувь нь долоо болон түүнээс дээш баллын газар хөдөлж болзошгүй бүсэд багтахыг харуулсан.
2010 онд Гайтид болсон шиг хүчтэй газар хөдлөлт Монголын нутаг дэвсгэрт хэдэн арваараа тохиолдсон нь бий. Харин учирсан хохирлын хувьд харьцангуй бага. Хамгийн их хохирол учруулсан гэгддэг 1957 оны Говь-Алтайн газар хөдлөлтөөр 10 хүний амь үрэгдэж, тэр үеийн ханшаар улсад 10 сая төгрөгийн хохирол учирсан гэж тэмдэглэсэн нь бий.
1761 онд Ховд аймгийн нутагт болсон Ар хөтөлийн газар хөдлөлтөөр 370 орчим км үргэлжилсэн хагарал үүссэн, Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос холгүй орших Балгасын нуурын хөндийн сүм хийдүүд хүчтэй газар хөдлөхөд сүйрсэн гэсэн мэдээлэл ч бий. Энэ үр дүн биднийг аюулд өртөх магадлалтай гэдгийг харуулдаг.
Өөрөөр хэлбэл, манай улсын нутаг дэвсгэрт гамшиг дагуулах хэмжээний нэн хүчтэй газар хөдлөлт өнгөрсөн хугацаанд олон болсон, цаашид ч тохиох магадлалтай гэсэн үг. Өнгөрсөн зуунд л гэхэд манайд дөрвөн удаа магнитуд нь наймаас давсан нэн хүчтэй газар хөдлөлт болсон. Тиймээс аюул учрахад хэзээд бэлэн байх нь л бидний гол ажил болчихоод байна.
Ч.МӨНХЗУЛ

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Яг одоо газар хөдөлбөл яах вэ. Газар хөдлөх үед ямар арга хэмжээ авах ёстойг та мэдэх үү?
П.ГАНБААТАР (Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн): -Барилга, байшингүй газар л очиж зогсоно доо. Хөдөө амьдардаг болохоор ямар арга хэмжээ авах талаар сайн мэдэхгүй л байна.
Б.БУРМАА (Баянзүрх дүүргийн иргэн): -Ширээн доогуур орох, даацын хана налж зогсох ёстойг мэддэг ч яг бүрэн хамгаалж чадах, эсэхэд эргэлзэж байна. Саяхан хотод газар хөдлөх үед манайд мэдрэгдсэн, их айсан. Япончууд байнга үүнийг мэдэрсээр байгаад айхаа больсон байх. Дөрвөн балл хөдлөхөд тийм байсан юм чинь тэрнээс хүчтэй хөдөлвөл барилга нурах байх.
Б.СҮНДЭРЪЯА (Чингэлтэй дүүргийн иргэн): -Мэдэхгүй ээ, бодож байгаагүй юм байна. Японд газар их хөдөлдөг шүү дээ, тэд нар ямар аргаар өөрсдийгөө хамгаалдаг тухай уншиж байсан. Харин манайхан иргэддээ энэ талаар сургалт хийж байсныг харж, сонсоогүй. Дунд сургуульд ч зааж байсныг санахгүй байна.
Ц.ГЭРЭЛМАНДАХ (Баянгол дүүргийн иргэн): -Барилгаас л гарна даа. Газар хөдлөхөд яах ёстой тухай мэдлэг багатай.
С.ЗОЛЖАРГАЛ (24 дүгээр сургуулийн сурагч): Багш завсарлагааны үеэр энэ тухай хичээл заасан. Хэрвээ гэртээ байвал ширээн доогуураа орно. Дээрээс унаж болзошгүй тавилга болон цонх, толиноос хол байх ёстой. Гудамжинд байх үед газар хөдөлбөл юу хийх хэрэгтэйг одоохондоо заагаагүй.
Э.НАМУУН
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
С.Дэмбэрэл: Урьчилан таамаглах судалгаа
эхлүүлээд байгаа
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Монгол орон газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. Үүнийг өнгөрсөн бямба гаригт газар хөдлөхөд л гэнэт санах шиг боллоо. Ялангуяа Улаанбаатар хот орчимд хүчтэй газар хөдлөх өндөр магадлалтай байх аа?
-Манай оронд наймаас дээш магнитудын нэн хүчтэй газар хөдөлсөн тохиолдол цөөнгүй. Цаашид ч хөдлөх л болно. Үүнийг бид өөрчилж, удирдаж чадахгүй. Харин зүй тогтлыг нь судалж, хүчтэй газар хөдөлснөөс учирч болзошгүй аюулыг зөв тооцон, урьдчилан арга хэмжээ авах нь чухал.
Үүний тулд орчин үеийн техник технологид тулгуурлан нарийвчилсан судалгаа хийж, үр дүнг нь хот төлөвлөлт, барилгажилт зэрэгт оновчтой ашиглах хэрэгтэй. Сүүлийн таван жил судалгаагаа өргөжүүлж, Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхтэй зургаан хагарал байгааг тогтоосон.
Идэвхтэй гэдэг нь сүүлийн 10.000 орчим жилд хүчтэй газар хөдлөлтийн улмаас газрын гадаргуу дээр үүссэн хагарал. Хот орчмын бүс нутагт сүүлийн 10.000 жилд 6.5-7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ гэсэн үг. Идэвхтэй хагарлын бүсийн дагуу хэдэн мянган жилийн давтамжтай газар хөдөлдөг.
1957 онд Говь-Алтайд 8.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь 2500-5000 жилийн давтамжтай, гурван удаа тохиосныг судалгаагаар тогтоосон. Говь-Алтайнх шиг идэвхтэй хагарлууд манайд олон бий. Үүний нэг хэсэг нь нийслэл орчмын хагарлууд.
-Энэ аюул хэзээ тохиолдож болох вэ?
-Аль ч улсын эрдэмтэд одоогоор хүчтэй газар хөдлөхийг урьдчилан хэлж чадахгүй. Энэ асуудлыг шийдэхийн төлөө олон орны эрдэмтэд, манай судлаачид ч чармайн ажиллаж байгаа. Харамсалтай нь, бүрэн төгс хариулт олж чадаагүй л байна. Бүрэн төгс гэдгийн учир нь энэ чиглэлээр олон талын судалгаа хийж, зарим нь амжилттай болсон тохиолдол ч бий юм.
АНУ, ОХУ, Япон зэрэг орны судлаачид хүчтэйвтэр газар хөдлөлтийг зарим үед хоног, сараар урьдчилж тооцсон байдаг. Харин хүчтэйг нь урьдчилан хэлж, учирч болзошгүй аюулыг зайлуулсан тохиолдол ганц л бий.
1975 онд БНХАУ-д 7.3 магнитуд хүчтэй газар хөдлөхийг судлаачид нь урьдчилан мэдэж, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Гэхдээ үүний дараахан буюу 1976 онд Тянь-Шанд газар хөдөлж, 250.000 мянга гаруй хүн үрэгдсэн нь урьдчилж найдвартай мэдэх боломж бүрдээгүйг харуулсан.
-Манай эрдэмтэд өдгөө ямар судалгаа хийж байна вэ?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нэлээд анхаарал хандуулж, Засгийн газраас дэмжсэний дагуу орчин үеийн багаж төхөөрөмж худалдан авах, суурилуулах, бүс нутагт судалгаа хийх санхүүжилтийг шийдсэн. Одоогоор багажуудаа зүгшрүүлэх, мэдээллийн сан, ажиглалтын материал боловсруулах программ хангамжаа бүрдүүлэх шатанд байна.
Цаашид судалгаа хийхэд зөвхөн нэг удаагийн хөрөнгө оруулалт биш, станцуудын үйл ажиллагааг тогтмол тасралтгүй явуулах, судалгаа хийх хөрөнгийг жил бүр шийддэг байх хэрэгтэй. Идэвхжинэ гэдэг нь тухайн бүс нутагт хүчтэй газар хөдлөх давтамж нэмэгдэнэ гэсэн үг.
Бид Франц, АНУ-ын эрдэмтэдтэй хамтран 1994-2000 онд орчин үеийн өндөр технологийн газар хөдлөлтийг бүртгэх 15 станц Улаанбаатар хотод суурилуулсан. Эдгээр нь 1994 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа. Цаашид цэнэгт мандлын төлөв байдлыг судлах шинэ багаж төхөөрөмжөөр өргөтгөн, баяжуулна.
Станцуудынхаа мэдээллийг нэгтгэн боловсруулж хүчтэй газар хөдлөхийн өмнөх нөхцөлийг тодорхойлох, урьчилан таамаглах судалгаа эхлүүлээд байгаа.
-Манайх бичил мужлалын зураглалаа шинэчилсэн гэсэн байх аа?
-Улаанбаатар хотын бичил мужлалын анхны зургийг 1967 оны Булган аймгийн Могодод 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа орос, монгол эрдэмтэд хамтран боловсруулж байлаа. 1981-1990 онд газар хөдлөлтийн идэвхжилт өндөр 12 аймаг, сумын бичил мужлалыг гаргасан.
Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургийг 1982 онд хийсэн. 2000 оноос судалгааны шинэ арга зүй ашиглан Улаанбаатар хотын газар хөдлөлтийн аюулыг франц эрдэмтэдтэй хамтран гаргасан юм. Түүнээс хойш 2006 онд Эрдэнэт хот, уулын баяжуулах үйлдвэрийн талбайн газар хөдлөлтийн бичил мужлал, 2013-2014 онд Улаанбаатар хотын бичил мужлалыг олон улсын судалгааны арга зүй ашиглан хийж дуусгаад байна.
Ажлын үр дүнг өдгөө норм дүрэмд тусгахаар ажиллаж буй. 2013 оноос 12 аймгийн төвийн нутаг дэвсгэрийн бичил мужлалыг БХБЯ-ны захиалгаар эхлүүлсэн, энэ жил хээрийн хэмжилтээ дуусгана. Хамгийн гол нь судалгааны үр дүнг үндэслэн барилгын зураг төсөл зохиоход анхаарах ёстой. Энэ оны сүүлч гэхэд барилгын норм дүрмээ гаргачих болов уу гэж найдаж байгаа.
Ч.ЗУЛ
“ӨНӨӨДӨР”-ИЙН ТОДРУУЛГА
Б.Ууганбаяр: Өөрсдийгөө хамгаалах ёстойг ухамсарлахгүй байна
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраас дараах зүйлсийг тодрууллаа.
-Газар хөдөлбөл хохирол бага амсахын тулд бэлэн байх нь чухал. Энэ талаар сургалт хэр хийдэг юм бэ?
-Япон, Турк улсын гамшигтай тэмцэх арга ажиллагаанд суралцах чиглэлээр ОБЕГ хамтарсан сургалт зохион байгуулж ирлээ. Сургалтын үр дүнг одоо хэлэх аргагүй. Гамшиг тохиолдоход бэлэн байхын тулд л сургалт хийдэг. Бид ингэж бэлтгэхийн сацуу ард иргэдэд өөрийгөө хамгаалах мэдлэг чадвар олгоход чиглэсэн сургалт явуулдаг.
-Манай улс гамшгийн үед эрэн хайх, аврах багтай болохоор зорьж байна. Монголын баг ямар хүчин чадалтай, багаж техниктэй, хэдэн хүнээс бүрдсэн байх вэ?
-Олон улсын аврах багийн стандарт гэж бий. НҮБ-ын Хот дотор эрэн хайх, авран туслах, зөвлөлдөх бүлэг (INSARAG) гэж байдаг. Эндээс гаргасан заавар зөвлөмжөөр олон улсын аврах багийг хүний тоо, багаж хэрэгслийнх нь хангамжаар хүнд, дунд, хөнгөн зэрэглэлийн гэж гурав ангилдаг. Манай улс 60 орчим хүнтэй, дунд зэрэглэлийн баг бэлтгэж байгаа юм.
-Улаанбаатар хотын барилгуудын чанар ямар байгаа бол. Зургаан баллын газар хөдөлтийг хэд нь тэсвэрлэх вэ?
-Газар хөдлөлтийг барилга тэсвэрлэх үү гэдэгт БХБЯ анхаарч байгаа байх. Туркийн иргэний хамгаалалтын байгууллагатай хамтраад сургалт зохион байгуулж байх үед турк багш Улаанбаатарын барилгуудыг хараад сэтгэл маш дундуур байна лээ. Хамгийн гол нь манай ард иргэд өөрсдийгөө хамгаалах ёстойгоо ухамсарлахгүй байна.
Газар хөдөлбөл онцгой байдлын байгууллагын хүч хүрэлцэхгүй нөхцөл байдал бий болно. Бүгдэд нь очиж туслах боломжгүй. Судалгаанаас харахад газар хөдлөлтөөс аврагдсан иргэдийн 80 хувьд нь өөрийгөө аварсан, эсвэл бусдын тусламжтайгаар гарсан байдаг.
Х.ЭРХЭМ
SOS!
Газар хүчтэй хөдөлбөл 245 барилга нурна
Нийслэлийн барилга байгууламжууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ гэдгийг 2011 оноос хойш судалж байгаа. Ингэхдээ ижил төстэй барилга байгууламжуудын нэгийг нь л (40 мянгатын орон сууцнууд гэхэд бүгд адилхан тул нэгийг нь шалгасан гэсэн үг) шалгах замаар нийт 413 барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх байдал, чанарыг нягталжээ.
2-3 орон сууцны нэгийг шалгах замаар нийт 1000 гаруй барилгад дүгнэлт гаргаж, паспортжуулсан байна. Ингэхэд 245 барилга ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүн авсан бол 111 барилгад нэмэлт арга хэмжээ авах (мэргэжлийнхэн хүчитгэх гэдэг) замаар цаашид ашиглах боломжтой гэсэн үзүүлэлт гарчээ.
Б.БАЙГАЛ
ДЭЛХИЙН ЖИШИГ
Газар хөдлөлт биш, үүний талаар мэдлэггүй байх нь аюултай
Газар хөдлөлт бол урьдчилан тааж мэдэх боломжгүй, хүн төрөлхтөнд их хэмжээний гамшиг учруулж ирсэн байгалийн үзэгдэл юм. Судлаач мэргэжилтнүүд олон зүйл дээр сөргөлдсөн ч “Газар хөдлөлт болохыг олон жилийн ажиглалт, физикийн шинжлэх ухааны судалгааны дүнд урьдчилан хэлэх магадлал маш бага.
Газар хөдлөхөөс өмнө ард иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхэд хангалттай хугацаанд таамаглал гаргах боломж байхгүй” гэдэгтэй бүгд санал нэгдсэн байдаг. Тийм болохоор дэлхийн хөгжингүй орнууд газар хөдлөлтийг урьдчилан мэдэхээс илүү газар хөдөлсөн тохиолдолд яах вэ гэдэгт онцгой анхаарал хандуулж байна.
Ард иргэдэд болзошгүй гамшгийн талаар ярьж сурталчлан, газар хөдөлсөн тохиолдолд биеэ хэрхэн хамгаалах арга зүйг заан сургах нь байгалийн гамшгийн учруулах хор хохирлын хэмжээг хэд дахин багасгаж чаддаг байна.
Дэлхийн хэмжээнд дунджаар 1-2 баллын газар хөдлөлт хоногт 8000, жилд 3-4 баллынх 49000, 4-5 баллынх 6200, 5-6 баллынх 800, 6-7 баллынх 120, 7-7,9 баллынх 18, найман баллын газар хөдлөлт нэг удаа болдог гэсэн судалгаа байдаг. Арлын Япон бол хамгийн их газар хөдөлдөг орон.
XX зуун гарснаас хойш Японд гурван удаа асар том газар хөдлөлт болсон билээ. Тиймээс ч Японы Засгийн газар ард иргэддээ газар хөдөлсөн үед юу хийх, ямар бэлтгэлтэй байх, гамшгийг аюул хохирол багатай өнгөрүүлэх ёс зүй, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгоход их анхаардаг.
Энд хүүхдэд цэцэрлэгт байхаас нь газар хөдлөлтийн талаар хичээл заадаг тул хүн бүр мэдлэгтэй, хэзээ ч газар хөдөлсөн айж сандрахгүй байх байнгын бэлтгэлтэй болсон байдаг. Их дээд сургууль, албан газруудад улиралд нэг удаа газар хөдлөлтийн биет сургалт явуулна.
Айл, албан газрын өрөө шиг зассан, газар хөдлөлт мэт хөдөлдөг тусгай машин дээр хүн болгоныг гаргаж, хэдэн магнитудын хөдлөлт ямар байдгийг мэдрүүлнэ. Ингэж биеэрээ мэдэрсэн хүн дараа нь жинхэнэ газар хөдлөлт болоход айж сандралгүй, зөв шийдвэр гаргаж чаддаг аж. Мөн албан газар, сургууль, цэцэрлэг, хороонд газар хөдлөлт болоход цуглах хоргодох байрны хаяг, байршлыг нарийн заасан байх тул гэнэтийн аюул тохиолдоход хаашаа очихоо бүгд мэднэ.
Зовлон үзсэн ард түмэн ийм байдаг аж. Японд “Өнгөрсөн гашуун сургамжийг мартаж, алгуурласан тэр үед дараагийн байгалийн аюул ирж, сүйтгэдэг” гэж ярьдаг. Маш олон газар хөдлөлтийг туулаад ирсэн ард түмний хувьд гамшгийг хохирол багатай туулах хангалттай туршлагатай. Ингэж барьсан барилга өмнөх хөдлөлтөөр нуран унасан тул одоо энэ талыг нь сайжруулах хэрэгтэй гээд л технологио хөгжүүлээд явна.
40 давхар байшин хааш хаашаагаа метр хэртэй ганхаж байхад нураад уначихдаггүй нь бахархалтай. 1923 оны Кантогийн их газар хөдлөлтийн дараа жил буюу 1924 онд япончууд шинэ барилга барихдаа дэлхийд анх удаа газар хөдлөлтийн хүчийг харгалзах болжээ. 2013 онд Барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадавхийг дээшлүүлэх тухай хуулийг шинэчилсэн байна.
Энэ хуулийн дагуу хуучин барилгуудыг ч газар хөдлөлтөд тэсвэртэй болгон сайжруулах ажил хийж байна. Газар хөдлөлтөд тэсвэртэй төмөр бетон нэмэлт хана хийх, суурь тусгаарлагч төхөөрөмж суурилуулах, чичиргээ сааруулагчтай баганан болон нуруун бэхэлгээ хийх гэх мэт аргыг манай хуучин барилгуудад хэрэглэж болох юм.
Гамшгийг хохирол багатай туулахад иргэдийн ёс зүй, сэтгэл зүйн бэлтгэл чухал гэж дээр дурдсан. Байшин барилга нурж, зам тээвэр зогсон, эргэн тойронд гэмтсэн бэртсэн хүн дүүрэн байхад тайван байх хэцүү нь мэдээж. Гэхдээ газар хөдлөлтийн хичээл үзэж, сургалтад хамрагдсан ард түмэн, тийм сургалт үзээгүй хүмүүсээс ямар ялгаатай байдгийг 2010 онд Гаитид, 2011 онд Японд болсон газар хөдлөлт харуулсан билээ.
Гаитийн газар хөдлөлт долоон магнитудын хүчтэй байсан бөгөөд 222 мянган хүн амь насаа алдсан. Харин түүнээс хүчтэй буюу есөн магнитудын Японы газар хөдлөлтөд 15 мянган хүн л эрсэдсэн байдаг. Гаитийн ард түмэн газар хөдлөлтийн талаар ямар ч мэдлэг, бэлтгэлгүй байсан тул олон хүнээ алдсан хэрэг. Тэд сандран үймж, хүн бүхэн гар утсаараа ярин, аврах ажиллагаанд саад учруулж байлаа.
Тэр ч байтугай цэвэр усны төлөө алалцаж, нэмээд хэдэн хүнээ хөнөөсөн хэрэг гарсан. Харин япончууд огт өөр байлаа. Хэн ч гомдол тавьж, хашгирч орилсонгүй. Цэвэр ус тараахад дэг журамтай гэгч нь дараалан зогсож, хөгшид, хүүхэд, эмэгтэйчүүддээ эхлээд ус өглөө. Онцгой албаны газраас гар утсаар ярих нь долгионд саад учруулж, аврах ажиллагааг хүндрүүлж байгаа тул утсаар ярихгүй байхыг хүсэхэд бүгд гар утсаа унтраасан.
Уг нь бүгд л ах дүү, аав ээжээ эсэн мэнд эсэхийг мэдэхийг хүсэж байгаа шүү дээ. Олонх иргэн хоргодох газартаа хүрээд ирсэн тул тэднийг цуглуулж, хайж явах шаардлага гарсангүй. Сэтгэл зүй төдийгүй ёс зүйн бэлтгэл гэдэг ийм хэрэгтэй ажгуу.
М.СУГАР-ЭРДЭНЭ