“Монголчууд идэж ууж буй зүйлээсээ болоод арван жилийн дараа гэхэд эрхтэнүүдээ солиулж эхэлнэ” гэж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.Батчулуун хэлсэн. Энэ нь огт оргүй зүйл биш аж.
Баруун Европ, АНУ-д аль хэдийнэ ийм шалтгаанаар хүмүүс нь төрөл бүрийн хавдар тусаж, эрхтэнээ солиулаад эхэлжээ. Энэхүү барууны амьдралын буруу дадал, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдолын давалгаа биднийг чиглэн айсуй. Моод Монголоор дуусна гэдэг шиг.
Аюултай, эрүүл бус хоол тэжээл хэрэглэснээс болж дэлхийн хэмжээнд жил бүр хоёр сая хүн амиа алддаг нь маш их тоо юм. Тиймээс ДЭМБ өнөө жил гишүүн орнуудынхаа төр засаг, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд хандан, ард иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг уриалж буй.
Үүнд нь голдуу нялхас, жирэмсэн эмэгтэй, эмзэг бүлгийнхэн, хөгшчүүл өртөн, “чөтгөрийн тойрог” үүсгэж буйг ДЭМБ мэдээлэв.
Учир нь тэд ийм төрлийн өвчин тусвал амархан энддэг юм байна. Тиймээс ингэж нэрлэхэд хүрчээ. Номхон далайн буруун бүсийн улс орнуудад хүнсний аюулгүй байдлыг сахиулах нь амаргүй ажил гэнэ.
Учир нь тэндхийн эдийн засаг хурдацтай өсөхийн хэрээр аялал жуулчлал, худалдаа наймаа дагаад өргөжин, хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл мартагдсан байна. Хүнснээс гаралтай өвчин эмгэг эрүүл мэндийн тогтолцооных нь ачааллыг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн чадавхад илт сөргөөр нөлөөлөөд эхэлжээ.
Тэгвэл Азийн орнуудад сүүлийн жилүүдэд ийм өвчний томоохон дэгдэлтүүд бүртгэгдэж, 2008, 2011 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн хүүхдийн тэжээл меламинаар бохирдож, 350 гаруй мянган хүүхэд хордсон бол 2011 онд Японд Фүкүшимагийн цацраг идэвхт бодис алдагдсанаас түүхий сүү, хүнсний ногооных нь иодын агууламж эрс нэмэгдсэн.
Мөн Шинэ Зеландын уургийн бүтээгдэхүүн нь хиамдлын нянгаар бохирдож, олон хүн хордсон түүх бий. Эдгээр нь зөвхөн олныг хамарсан өвчний мэдээ юм. Үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээний буруу дадалтай холбоотойгоор хүнсний хангамжид нэвтэрсэн өвчин үүсгэгч, хорт бодисыг дэлхий нийт ийн хянаж чадахгүйд хүрчээ.
Тиймээс ДЭМБ тариалангийн талбай, малын бэлчээрээс зоогийн ширээ хүртэлх хоол тэжээлийн аюулгүй байдлыг сайжруулахаар чармайж байна. ДЭМБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хүнсний аюулгүй байдлын олон улсын стандарт боловсруулж, мөрдүүлдэг. Ингэхдээ шинэ технологиудыг үнэлж, хоол тэжээлээс гаралтай өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авахад улс орнуудад тусалдаг.
Мөн өвчний эрсдэлийг урьдчилан тооцож, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм. Тэдний судалгааг үзэхэд зөвхөн ундны уснаас шалтгаалж жилд хоёр сая хүн нас бардгийн олонх нь (1.5 сая) хүүхдүүд байна. Тэд суулгахаас эхлээд хорт хавдар хүртэл туссан байх юм. Хүнснээс гаралтай өвчний үед голдуу гэдэс өвдөн, суулгаж, бөөлждөг бол хүнд метал, байгальд тархсан хорны нөлөөгөөр хорт хавдар, мэдрэлийн зэрэг хожуу илрэх өвчин эмгэг тусдаг аж.
Энэ дундаас эмзэг бүлгийн иргэд бохирдсон хүнснээс болж өвчин тусах эрсдэл нь өндөр байдаг юм байна.
Тиймээс хүнсийг аюулгүй болгох таван түлхүүр аргыг ДЭМБ дараах байдлаар тодорхойлсон байна.
Гараа угаах, болгосон ба түүхий хүнсийг тус тусад нь байлгах, сайтар чанаж болгон, аюулгүй температурт хадгал, эрүүл ус, түүхий эд материал ашиглах нь ходоодондоо хор биш, хоол хийх гол арга гэнэ.
Өнөө үед хүнсний хангамжийн сүлжээ илүү нарийн болж, малын бэлчээрээс нядалгаа, тариалангийн талбайгаас ургац хураалт, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт гээд олон шат дамжлага дамжин, хэрэглэгчдэд хүрч байгаа. Ингэх замдаа төрөл бүрийн нян, шимэгч, химийн бодисоор бохирдон хордлогонд оруулдаг өвчин үүсгэдэг байна.
Хоол тэжээлээс голдуу халдварладаг зарим төрлийн нянг сонирхуулъя. Сальмонелл, кампилобактер, гэдэсний цусархаг савханцар нь өндөг, шувууны мах, амьтны гаралтай бусад хүнсэнд байдаг аж. Түүхий сүү, шувууны шүүрхий мах, ундны бохир усанд кампилобактер нь илүү идэвхтэй амьдардаг юм байна. Энэ нянгаар өвчилсөн үед халуурах, толгой өвдөх, бөөлжих, хэвлийгээр өвдөж, суулгах шинж тэмдэг илэрдэг. Тэгвэл листериозийн халдвараас болж ураг зулбах, амьгүй төрөх аюултай.
Ховор төрлийн нян ч гэлээ энэ нь хүнснээс гаралтай хүнд хэлбэрийн эмгэгт тооцогддог аж. Үүсгэгч нь ариутгаагүй сүү, бэлэн бүтээгдэхүүнд амьдардаг ба ийм хүнсээ хөргөгчинд хийлээ ч зориулалтын бус температурт хадгалбал нян нь өсөж, үрждэг байна. Харин урвах тахал буюу холерийн вибрион нь бохир ус, шар будаа, хүнсний ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүнээс голдуу дамжин халдварладаг бол түүхий буюу далайн шүүрхий болгосон хүнсэнд гепатит А вирус ихээр агуулагддаг гэнэ.
Загаснаас гаралтай сорогч, бэтэг мэтийн шимэгч нь хялгасан хорхой, гэдэсний лямбли үүсгэдэг бол үхрийн тархинд прион хэмээх аюулт өвчний нян ихээр агуулагддаг. Иймээс хүн бүр хүнс тэжээлийн бүхий л шат дамжлагад үүсэж болох эрсдэлийг тооцоолж, хэрэглэж буй хүнсээ сайтар судалж, зөв сонгох нь чухал болоод байна.
Өвчтэй мал амьтны махыг хүнсэнд хэрэглэхээс татгалзаж, олон нийтийн хоолны газар, захаас хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо өвчин авахгүй байхад анхаарч, аюулгүй эсэхийг сайтар шалган, сав, баглаа, боодол, үйлдвэрлэсэн он, орцыг нь сайн шалгаж авахыг ДЭМБ санууллаа.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Д.ГАНЗОРИГ: Транс өөх нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг
Монголчууд бусдыг даган дуурайхдаа адтай улс шүү. Хэзээнээс бид пицца, бургер, шарсан төмсийг хийжүүлсэн ундаагаар даруулан иддэг болчихов. Хаа сайгүй л “халуун” нэртэй пиццаны газрууд, КFC-гийн салбарууд үүдээ нээн түүгээр нь хөгшин хөвөөгүй үйлчлүүлж байна. Хаана эрэлт байна, тэнд нийлүүлэлт оршдог нь зах зээлийн зарчим хойно доо.
Харин давс, чихэр, төрөл бүрийн химийн бодис агуулсан иймэрхүү түргэн хоол идэж, нийгэм даяараа түүн рүү хошуурч байхад манай бодлого боловсруулагчид юу бодож суугаа бол.
Энэ талаар Эрүүл мэнд, спортын яамны Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Д.Ганзоригоос тодрууллаа.
-Нийслэлийн ИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга Ж.Амарсанаа нийт ард иргэдэд хандан хүнсний бүтээгдэхүүний найрлагаас өөх тос, транс өөхний хэмжээг багасгахыг уриалсан. Транс өөх гэж яг юу юм бэ?
-100 гаруй жилийн өмнө ургамлын тосыг устөрөгчийн ионтой урвалд оруулж, транс өөх гаргаж авсан нь тухайн үедээ хувьсгал болж байлаа. Шингэн тосыг ингэж тасалгааны температурт хайлахааргүй хатууруулснаар масло, маргарин бүхий бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах, үнийг хямдруулах, амтыг нь сайжруулах боломжтой болж, хүн төрөлхтөн хэдэн үеэрээ үүнийг хүнсэндээ хэрэглэсээр иржээ.
Гэтэл ингэж үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс өөх нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах болсныг 1990-ээд оноос хойш мэдсэн юм. Энэ нь зүрх, судасны бүх төрлийн өвчин, үргүйдэл, Алцхаймэрийн өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар, эмэгтэйчүүдэд янз бүрийн эмгэг үүсгэж байна. ДЭМБ хүн өдөрт хоёр граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байснаа 2009 оноос энэ шийдвэрээ няцааж, хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхээс ор тас татгалзсан.
Учир нь транс өөхний хэрэглээг хоёрхон хувь нэмэхэд инфарктаар өвдөх магадлал 23 хувьд хүрч, тэр тусмаа хүүхдийн хөгжилд энэ нь маш хортой нөлөөлж байна.
-Транс өөх нь хүнсний ямар ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ?
-Манайд ямар ч хяналтгүй зарж буй вафли, бялуу, чихэр, бэлэн гоймон, чипс, зайрмаг, зарим төрлийн сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боовны найрлагад их хэмжээгээр агуулагддагийг иргэд тэр бүр мэддэггүй. Оросын эрдэмтэд чихэрт 20, шоколадтай бялуунд 30, манайхны масло гэж нэрлээд буй маргаринд 20-иос дээш хувийн транс өөх агуулагддагийг судалж тогтоогоод байна.
Дани хүн амынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, хүнсний бүтээгдэхүүнийхээ найрлагад транс өөхний хэмжээг хоёр хувиас ихгүй байхыг хуулиараа стандартчилсан. Ингэснээрээ 2023 он гэхэд зүрхний шигдээс өвчнийг 50 хувь багасгана гэж тооцож буй. Данийн энэ жишгийг Австри, Бразил, Канад, Израйль, Швед, Англи зэрэг орон дагаж, бүтээгдэхүүнийхээ шошгонд транс өөхний хэмжээг заавал бичдэг болсон.
Тэгвэл АНУ 2006 онд ургамлын хатууруулсан тос хэрэглэхийг хориглож, 2018 он гэхэд хэрэглээнээсээ бүрэн хална гэж төлөвлөөд байна. Тиймээс монголчууд ч үүнээс татгалзах цаг хэдийнэ болжээ.
-“Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр боловсруулж дууссан гэсэн. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр монголчуудын хүнсний тогтолцоонд ямар өөрчлөлт гарах вэ?
-Хүнсний ногоо, жимс жимсгэнэ их хэмжээгээр агуулсан, илчлэг багатай бүтээгдэхүүнийг бид эрүүл хүнс гэдэг. Харин хими, биологи, физикийн бохирдуулагч их хэмжээгээр агуулсан, амт, өнгө үзэмж сайжруулах, удаан хадгалах зорилгоор тухайн бүтээгдэхүүний найрлагад байх ёстой будагч бодисын хэмжээг хэтрүүлэн хийчихсэн хүнсийг эрүүл бус гэж үздэг.
Үүнийг бид өдөр тутам хэрэглэдэг болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүнсний тогтолцоо үндсэндээ алдагдчихсан. Бид малаа хариулаад, цагаан идээгээ боловсруулаад иддэг байсан бол өнөөдөр суурин иргэншилд шилжсэнээр бэлэн бүтээгдэхүүн хэрэглэж, малчид нь малаа тарга тэвээрэгтэй байлгахын тулд янз бүрийн гормон, антибиотик тарьж байна. Үүнийг хортой гэдгийг ч мэдэхгүй, нядлаад иддэг.
Дэлгүүрээс худалдан авч буй хүнсний ногоо, бүтээгдэхүүн нь бүгд импортынх. Эдгээрийг ашиг олох зорилгоор үйлдвэрлэдэг учраас хэзээ ч чанартай, эрүүл, аюулгүй байх үндэсгүй.
Нэг үгээр хэлбэл, импортын бүтээгдэхүүнүүд бидний хүнсний аюулгүй байдлыг алдагдуулсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд олныг хамарсан хоолны хордлого нэлээд хэд гарлаа.
Тиймээс салбар дундын мэргэжилтнүүд хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн жилээс боловсруулсан. Энэ сард Засгийн газрын хуралдаанд оруулна. 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн цөм нь монголчуудын хүнсний тогтолцоог эрүүлжүүлэхэд оршиж буй.
Хүн амын дундах нийт өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны нэгд, нас баралтын тэргүүлэх таван өвчний дөрөв нь хоол тэжээлээс үүдэлтэй болчихсон учраас системээ бүхлээр нь өөрчлөх хэрэгтэй болоод байна.
Нэгдүгээрт, амин дэм, бичил бодисын дутагдал, таргалалтыг таслан зогсоох юм. Ингэхдээ хүнсний бүтээгдэхүүний найрлага дахь давс, чихэр, өөх тос, өндөр илчлэгийг бууруулна.
Хоёрт, жимс, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлнэ. Дээр нь эмнэлэг, сургууль, цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг олон шат дамжлагыг багасгаж, нэгдсэн сүлжээнд оруулахаар зорьж байна.
О.БАТ-УНДРАХ