Сангийн шинэ сайд Б.Болор “Хэмнэж болох бүхнийг хэмнэсэн” гэж ярьж байна. Тэгээд дэд сайдуудын орон тоог “устгаж”, агентлагуудыг татан буулгаж, яамдын тоог цөөлөх санал дэвшүүллээ. Ямар ч эрх зүйн баримтаар баталгаажуулаагүй байхад “Дараагийн Засгийн газар есөн яамтай ажиллана” гэж ам бардам ярьж сууна.
Ингээд хэдэн төгрөг хэмнэх вэ? Дэд сайдуудын орон тоог хассанаар 500 сая төгрөг хэмнэх гэнэ. Үүнээс өөр мөнгө хэмнэх талаар сонсогдсонгүй. Төрийн үрэлгэн зардлыг багасгах нь зөв. Ер нь сүүлийн жилүүдэд төр зардлаа танасаар ирсэн. Нэг их наяд төгрөгт хүрч байсан төрийн зардал 750 тэрбум болж багасаад буй.
750 тэрбум төгрөг нь төсвийн зардлын 10 орчим хувьтай тэнцэнэ. Тэгвэл төрийн албан хаагчдын цалингийн сан хоёр их наяд орчим төгрөгтэй дүйж, төсвийн зардлын 30 хувийг “залгидаг”. Саяхан улс төрийн албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах төсөл боловсруулав.
Ингэснээр 1.8 тэрбум төгрөг л хэмнэж байна. Энэ бол төсөвт байгууллагын ажилтнуудын цалингийн сангийн нэг хувьд нь ч хүрэхгүй мөнгө. Иймээс бодит хэмнэлт биш. Үнэн хэрэгтээ Засгийн газар цалингийн 30 хувь, улс төрийн албан тушаалтны цомхтгол зэрэг аар саар зүйлээр оролдож байна. Энэ нь бодит хэмнэлт гарах орон зай мөн үү? Татаас, халамж, элдэв шилжүүлэг нь төсвийн зардлын 40 орчим хувийг эзэлдэг.
Энэ бол хамгийн том агаад хэмнэж болох бодит зардал. Сангийн сайд улстөрчдийн аяыг даган, хэмнэчихэд хэл ам гаргаад байхгүй зардлыг л танаж байна. Халамж, тэтгэмжийг танана гэвэл улстөрч найзууд нь өнгөрсөн жилийнх шигээ уурлах нь мэдээж. Өнгөрсөн жил хүүхдийн мөнгө, “Эхийн алдар” одонтой эхчүүдийн тэтгэмжийг эмзэг бүлэг рүү чиглүүлэх санаачилга гаргасан Ж.Эрдэнэбат сайд “толгойгоо хагалуулах” дөхсөн.
Түүн шиг зоригловол Б.Болорын нэр ч сэвтэж мэднэ. Харин төрийн бүтэцтэй “ноцолдвол” данхар толгойг нь жижгэрүүлсэн гэсэн сайн нэртэй хоцорч магад. Засгийн газар нийт зээлийнхээ хүүнд энэ жил 900 тэрбум төгрөг төлнө. Гүйцэтгэх засаглалын нэр хүнд унах, эдийн засгийн өсөлт саарах тусам төрийн зээлж буй мөнгөний хүү өссөөр байгаа.
Энэ жил Засгийн газар 16 хувийн хүү амлаж байж дотоодын зах зээлээс мөнгө босгосныг санаж буй байх. Зээлийн хүү өсөж буй нь төсвийн зардлыг автоматаар нэмж байна. УИХ төсвийг алдагдалтай баталж, Засгийн газар зөрүүг нь зээлээр нөхдөг жишиг хэдийнэ тогтоод байгаа. Алдагдалтай төсөв баталбал зардал нь нэмэгдсээр байх нь дамжиггүй.
Сая дахиад л алдагдалтай төсөв өргөн барилаа. Хэвээр нь баталбал алдагдлыг нь зээл авч нөхөхөөс өөр замгүй. Ингэвэл ирэх жил Засгийн газар зээлийнхээ хүүнд нэг их наяд төгрөг төлөх биз. Бага хүүтэй зээл авч, дотоодын зах зээлээс босгосон өндөр хүүтэй өрөө төлбөл төсвийн зардал буурна.
Хямд хүүтэй мөнгө зээлэхийн тулд Засгийн газраас их зүйл хамаарна. Өмнөх Сангийн сайд дотоодын зах зээлээс өндөр хүүтэй мөнгө зээлэхээс татгалзаж, олон улсад бонд гаргасан боловч амжилт олоогүй. Бага хүүтэй 160 сая ам.доллар босгож чадсан юм. Хүүхдийн мөнгө гэж том зардал бий. Хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг тараахад жилд 240 тэрбум төгрөг зарцуулж байна.
Амьжиргааны түвшин өндөртэй өрхийн хүүхэд 20 мянган төгрөгөөр дутахгүй. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэхэд 100 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ. Үүнээс гадна “Эхийн алдар” одонтой эх бүрт тэтгэмж олгодог. Тэтгэмжийг зорилтот бүлэгт чиглүүлбэл төрийн албыг цомхтгосноос их хэмнэлт гарах нь ойлгомжтой.
Мөн хоёр төрлийн тэтгэмж авч, төсвийн зардлыг тэлдэг, оюутан хэмээх нийгмийн бүлэг бий. Оюутнуудыг автобусаар үнэгүй зорчуулахад төр 50 тэрбум төгрөг зарцуулж байна. Мөн сар бүр тэтгэмжинд нь 30 тэрбум төгрөг цацдаг. Оюутнуудын халамжийг зогсоовол 80 тэрбум төгрөг хэмнэнэ. Өмнө нь сурлагатай нь уялдуулахгүйгээр хавтгайруулан тэтгэмж олгодог байх үед төсвөөс 106 тэрбум төгрөг “сордог” байжээ.
Засгийн газар эрчим хүчний тарифыг чөлөөлөөгүй. Зах зээлийн бодит ханшид нь хүргэх бодлогын баримт бичгийг УИХ-аас баталсан ч түүнийг нь биелүүлдэггүй. Эрчим хүчний компаниудыг дуулгавартай байлгахын тулд жил бүр 30 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа. Эрчим хүчний үнийг зохицуулах байгууллагынх нь эрх мэдэлд үлдээчихэд л төсөв хэмнэх юм.
Татаас, зээлийн хүүгийн төлбөр, халамжийг танах нь бодит хэмнэлт болно. Ингэсний дараа л “Хэмнэж болох бүхнийг хэмнэлээ” гэж хэлж болох байх. “Халамж, тэтгэмжийг нэг жилд бүгдийг нь хасна гэвэл олон нийт хүлээж авахгүй. Жилд нэг төрлийн тэтгэмжийг зорилтот бүлэгт чиглүүлэх хэрэгтэй” гэсэн саналыг эдийн засагчид гаргадаг.
Энэ жил эдийн засгийн хүндрэлээр далимдуулаад хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь чиглүүлсэн бол бодит хэмнэлт гарах байв. Уул уурхайн салбар тэлж, түүнийг дагаж төсвийн зардал нэмэгдсэн. Эдийн засгийн өсөлтийн мөчлөгийг дагаж, төсвөө тэлсний гор одоо илэрч байна. Буруутнууд нь халамж амлах дуртай улстөрчид юм.
Т.ЭНХБАТ
АСЕМ-аас татгалзъя

Дэлхийн тавцанд уул уурхайн нэгэн шинэ баян өөрийгөө “Монгол Улс” хэмээн танилцуулсан цаг саяхан. Өнгөрсөн хоёр, гуравхан жилийн хугацаанд эдийн засгийн хямрал Монголыг нэрвэж, өмнө нь орлого олдог байсан ашигт малтмалын салбар дампуурлын ирмэг рүү хурдтай гулсаж явна.
Алт, зэс, нүүрсний үнэ бараа сураггүй унажээ. Гэвч он тоолол эргэдгээрээ эргэж, АСЕМ болох товт долдугаар сар шинэ баяны эх оронд есхөн сарын дараа цахилан ирнэ.
“Бид Франц, Канадтай өрсөлдөн эх орондоо АСЕМ зохион байгуулахаар боллоо” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх зарласан 2014 оны омогшил одоо ердөө л дарамт болон хувирч байна.
Эдийн засаг ингэтэл хүндрээгүй бол монгол түмэн дэлгэсэн тэрлэг шиг нутагт минь төрийн тэргүүний урилгаар залран морилох Ази, Европынхныг зочломтгой зангаараа тэсэж ядан хүлээх л байсан. Цалингаа 30 хувиар хасуулах төсвийн буланд шахагдсан УИХ-ын гишүүд ууртай, царай зүс нь ч баргар гэж жигтэйхэн. Сангийн сайд Б.Болор бүр ч барзгар харагдана лээ.
Түүнээс илүү тоонд сайн, түүнийг хол хаясан бизнесийн ухаантай, төрийн ланжгар менежер Сангийн сайдын суудалд очсон ч яг л түүн шиг зүдэрнэ. Эдийн засаг гүнзгий хямарсан эмзэг үеийн Сангийн сайдын зовлонг хааяа ч бол ойлгох гэж оролдох нь олон нийтийн зүгээс хүн чанараа харуулж буй хэрэг юм. Зүгээр л амаргүй байгаа даа гэж төсөөлөн бодоход л сайдын ачаа нимгэрэх шиг санагдах биз ээ.
Одоо Б.Болорын “шүд” хэр зэрэг өвдөж байгааг асууж тавлаад яах вэ. Харин түүнд туслах санаа оноо гаргавал яасан юм. 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлосон Ази, Европын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-д бэлтгэх ажил өрнөөд жилийн нүүр үзэж байна.
Тэгээс эхлээд төгс боллоо хэмээн дүгнэх хүртэл нийт хэчнээн төгрөгийн зардал гарах төсөөлөл алга. АСЕМ-ын төсвийг ил тод зарлалгүй өдий хүрснийг бодоход тоймгүй их мөнгө шаардагдах ажил бололтой.
Улаанбаатарт дээвэр тэлэн сүндэрлэж буй “Шангри Ла” зочид буудлаас авахуулаад гаалиас дөнгөж буусан гялгар “Бенз”-үүд, Богд уулын амнаа буурь зассан тансаг 50 хаус гээд өндөр өртөгтэй АСЕМ-ын бэлтгэл оволзож байна. Улс мөнгөтэй, чадалтай байсан цагт бол АСЕМ-ыг угтсан их бүтээн байгуулалт, гийчдээ тавтай байлгахад чиглэсэн тансаг худалдан авалт бүрийг Монгол Улсын маань нэр төрийн хэрэг хэмээн иргэд ихэд олзуурхах байсан.
Гэвч төсөв нимгэн цагт энэ бүхэн “Даахгүй нохой булуу хураах”-ын үлгэр болж, хүмүүсийн дургүйцлийг хүргэх боллоо. 2015 оны төсөвт уг уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажилд зориулан 47 тэрбум төгрөг суулгасан. Одоо энэ хөрөнгө шувтрах тийш хандав. Тиймээс төсвийн тодотголоор нэмж 2.5 тэрбум төгрөг батлахаар төсөлд ороод иржээ.
2016 оны төсвийн төсөлд бүр ч аймаар тоонууд тавигдаж. “АСЕМ-ын бэлтгэл ажлыг хангахад хил хамгаалах байгууллагад шаардлагатай тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардалд 60.3 сая төгрөг”, “уулзалтын урсгал зардалд 21.1 тэрбум төгрөг” төсөвлөсөн байна. Үүнээс гадна БНХАУ-ын буцалтгүй тусламжаар орж ирэх 56 тэрбум төгрөгийг мөн л АСЕМ-ын бэлтгэлд зарцуулахаар төлөвлөжээ.
Ходоодтой бүрийг хонхолзуулах “өлөн” төсөл батлагдах нь ойлгомжтой байхад АСЕМ-ын ард заавал гарах гэж бүсээ чангалсаар байх уу. Ууцан дундуураа тасрах шахсан ард түмэн уухай туухай баатар болж чадрах албатай юм уу. АСЕМ-аас татгалзъя.
Тэгж чадвал бид хүлээгдэж байгаа болон ирэх жилийн төсөвт суулгаад буй 100 орчим тэрбум төгрөгийг амин чухал, зайлшгүй хэрэгтэй зүйлд зарцуулах боломжтой болно. Тэр АСЕМ гэдэг чинь санхүүгийн хувьд Монголоос харьцангуй эрх чөлөөтэй төсөв бүхий улс орны хийдэг эд байх шүү.
Б.ЭНХЦЭЦЭГ

Дэд сайдын цомхтгол булган сүүлтэй байгаасай
Ерөнхий сайд гишүүд, сайд нарын цалинг 30 хувиар танах уриалга гаргах хүртэл эдийн засгийн байдал хүндэрчээ. Нэгтгэх, танах, царцаах гэсэн үгс хаа сайгүй дуулдаж байна. Гэтэл “Миний цалин амьдралд хүрэхгүй байхад юун хасах” хэмээн дургүйцэх гишүүн цөөнгүй гарч ирэв.
Уг нь тэдэнд хэмнэх юм дэндүү олон. Тэд гар утасны төлбөрөө төрөөр төлүүлдэг. Хэлбэрт хэт баригдсан монголчууд учраас бүгд 9911.... гэсэн дугаар барина. Төлбөр нь ч тэр хэрээр өндөр. 2007 онд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр түшээд, төрийн өндөр албан тушаалтнуудыг нийслэлд жийп унахгүй байхыг уриалж байсан.
Моторын хүчин чадлаас хамаараад тэдгээр “мангас” шатахуун илүү залгина. Тэр мөнгө нь бас л төрөөс гардаг. Улсын ирэх оны төсвийн төсөлд эдгээр зардлыг хасахаар тусгасан нь сайн хэрэг. Ард түмнээс л хэмнэхийг шаардаад байдаг тэдгээр эрхмийн мөн чанарыг энэ төслийг дэмжих, үгүйгээс нь хараад авч болно. Өөр нэг зүйл нь гишүүдийн зөвлөх. 76 гишүүнээс 70 орчим нь зөвлөхтэй.
Тэднийг нь УИХ-ын Тамгын газраас буюу төсвөөс цалинжуулдаг. Ажилласан жилээсээ хамаараад зөвлөхүүд сард 500-800 мянган төгрөгийн цалин авдаг гэх. Яг үнэндээ энэ ажлыг “хавсралт” маягаар хийдэг нь олон учраас тогтмол ажилладаг 10 хүрэхгүй хүн л байдаг юм билээ. Бусад нь зөвлөж гийгүүлэхгүй, сул цалин авагчид.
Тэдний цалинг 600 мянган төгрөг хэмээн дунджилж тооцоход сард 40 гаруй сая төгрөг болж байна. Төсвийн мөнгийг салхинд сул хийсгэж байснаас хэмнэсэн нь зөв. Далайд дусал нэмэр гэдэг дээ. Байдал хүндэрсэн учраас Засгийн газар олон жилийн турш байхгүй болгож зардал хэмнэх гээд зүрхлээгүй зарим “сул” орон тоог цомхтгохоос аргагүй болсон.
Дэд сайд хэмээх нам, фракцын эрх ашигт нийцүүлэн, “бялуу” хуваарилах зорилгоор бий болгосон албан тушаал удахгүй байхгүй болж магадгүй боллоо. УИХ нь бодит байдлыг ойлгож илүү зардлаа хэмнэх эр зориг гарган, Засгийн газрын энэ саналыг дэмжвэл шүү дээ. Ч.Сайханбилэгийн танхим 17 дэд сайдын орон тоотой. Эдүгээ 10 нь ажиллаж буй.
Үлдсэн долоон дэд сайдыг томилох шаардлагагүй болсон. Энэ оны төсвийн орлого 900 тэрбум төгрөгөөр тасарч буй учраас төсөвт тодотгол хийхээс аргагүй. Илүү зардлаа танаж байж л үүнийг зохицуулах учраас хамгийн хэрэггүй гэгддэг дэд сайд нарыг заавал он дуустал ажиллуулах гэж хичээхгүй. Тодотголоор цомхтгоно гэдгээ Сангийн сайд Б.Болор ярина лээ.
17 дэд сайдын орон тоог цомхтгосноор 600 гаруй сая төгрөг хэмнэх аж. Энэ мэтээр хэмнэх, хасах, нэгтгэх сул орон тоо олон байна. Дэд сайд нарын цомхтгол булган сүүлтэй байгаасай. Ард түмнийг тансаглалаа хэмээн загначихаад УИХ-ын гишүүд, сайд нар ямбалах ёсгүй.
С.ТУУЛ
БАЙР СУУРЬ
Улсын төсөв батлах онцгой эрх УИХ-ын гишүүдэд бий. Тэдний заримаас ирэх жилийн төсвийн төсөлд хэмнэлтийн бодлого хэр оновчтой туссан, эсэхийг тодрууллаа.
С.ДЭМБЭРЭЛ: 3000 хүнийг ажилгүй болгохгүйгээр төсвийн ерөнхий дүр зургийг сайжруулах боломжтой
-Макро эдийн засгийн талаасаа хэмнэх нь зөв. Гэхдээ юуг, яаж хэмнэх вэ гэдэг нь чухал. Тэвчиж болох, тэвчиж үл болох зардал ч гэж бий. Сангийн сайд “Өнгөрсөн жилүүдэд бид тансаглаж ирсэн” гэж хэлсэн. Тэр тансагласны төлөөсийг жирийн ажилтан төлж болохгүй.
Тэр хүний ард амьдрал бий. Үүнийг тэвчиж болох зардал гэж оруулж ирсэн нь буруу. Аливаа төсвийн хэмнэлтэд нэг зарчим бий. Хүнийг хөндсөн зардлыг хамгийн сүүлд л ярьдаг. Түүнээс наана соёлын төв, усан бассейн, дуусдаггүй замын тухай ярьдаг юм. Төсөв бол арифметик үйлдэл биш, бодлого. Энэ талаас нь бодвол 2016 оны төсөв хариуцлагагүй орж ирсэн байна лээ.
Төсвийн төслийн хамгийн эхэнд нэг хавсралт байдаг юм. Үүнийг хүмүүс, тэр дундаа сэтгүүлчид анзаардаггүй юм. Тэнд тоо байдаггүй. Ердөө хязгаарлагдмал орлоготой төсвийн хөрөнгөөр юу бүтээхийг л харуулдаг.
Өөрөөр хэлбэл, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр хөрөнгийг нь хуваарилж, юу хийх, хэр зэрэг үр ашигтай бүтээгдэхүүн гаргах вэ гэдгийг хэлдэг. Өнгөрсөн жил үүнийг шүүмжилж байсан. Энэ жил өөрчлөгдсөн юм алга. 3000 хүнийг ажилгүй болгохгүйгээр зөв хэмнэлт хийж, төсвийн ерөнхий дүр зургийг сайжруулах боломж байна.
Нөгөө талаас засаглалын данхайсан бүтцийг өөрчилье гэж байгаа бол 1997 оноос туршсан, одоо болтол нутагшиж чадаагүй “яам-тохируулагч агентлаг-хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн бүтцийг бүхэлд нь харах ёстой. Тэрнээс ганц нэгээр нь сугалж, нийлүүлэх хэрэггүй. 15 яамыг ес болгох нь гол биш.
Энэ бүтэц нутагшиж чадахгүй байгаагийн шалтгаан, цаашид байлгах уу, үгүй юү гэдгийг тавьж, бүдүүвчийг нь зурж, дараагийн Засгийн газрын үеэс хэрэгжүүлэхээр хийх ёстой.
Жишээ нь, Үндэсний статистикийн газар хуулиараа бие даасан, хараат бус байх ёстой. Тус байгууллагаас гаргадаг тоо нь хараат бус байдаг. Гэтэл Хууль зүйн яамны харьяанд төсвийг нь оруулж иржээ. Энэ бол хууль зөрчсөн хэрэг. Статистикийн тухай хууль хүчин төгөлдөр байгаа. УИХ-ын гишүүдийг төрийн өндөр албан тушаалтан учраас цалинг нь бууруулж байгаа. Үүнийг дэмжих “эх оронч” хүмүүс байгаа л байх. Би л лав дэмжихгүй. Би яагаад тансаглалын золиос болох ёстой гэж.
Миний хоёр туслах яагаад өртөх ёстой юм. Би тэр хоёр залууд ажлын байр бий болгосон. Дахиад найман сар ажилтай байлгамаар байна шүү дээ. Шилэн дансаар ил болж байгаа тансаглалаа харахгүй байж, ямар ч албан тушаалтай бай хүний цалин руу халдаж болохгүй.
Ц.ОЮУНГЭРЭЛ: Төсвийг нь танахгүй гээд хуульчилчихсан байгууллагуудыг онцолъё
-Хэмнэлт цалин, орлогоос шууд хамааралтай. Бид “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” ч гэдэг. Улсын төсвийн хувьд ч адил. Төсвийн орлого буурч, эдийн засаг хүндэрч байгаа энэ үед аль ч Засгийн газар, нам, төр хэмнэлтийн талаар ярихаас өөр аргагүй.
Сангийн сайд их хатуу төсөв оруулж ирснийг ойлгож байна. Гэхдээ нүдээ олж хэмнэж байна уу гэдэг бол өөр асуудал. Үүнд нэлээд анхаарал тавина. Засгийн газрын хамгийн том зардал бол халамж, цалин байдаг. Үүнд гар хүрэхэд яалт ч үгүй хүмүүсийн амьдралд шууд нөлөөлчих гээд байдаг. Хөрөнгө оруулалтын зардлаас нэлээд хэмнэх байх. Энд цалин, хөлс гэж гомдоллохгүй ч хөрөнгө оруулалт хувийн хэвшлээ дэмжиж явдаг учраас төр гэхээс илүүтэй аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Эдгээрийн тэнцвэрийг олж хэмнэх хэрэгтэй. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд төсөв нь огцом нэмэгдсэн байгууллагуудыг эргэж харах ёстой. Тэр дундаа төсвийг нь танахгүй, хасахгүй гээд хуульчилчихсан байгууллагуудыг онцолъё.
Тэдгээр байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. АТГ гэхэд л өмнөх хоёр жилээс зургаан тэрбум төгрөгөөр төсөв нь нэмэгдсэн байх жишээтэй. Эндээс 1-2 тэрбум төгрөг хэмнэж болохоор байгаа юм. Түүнчлэн шууд цохож гишүүдийн цалинг хасна гэвэл дэмжихгүй.
Бидний цалингийн хүснэгтийг тодорхой системээр үүсгэдэг. “УИХ-ын гишүүд хасуулчихлаа, одоо та нарын ээлж” гэж доош шат дараалан нөлөөлөх зэвсэг болох вий гэхээс айж байна. Би цалингаараа амьдардаг, зээлтэй. Тийм ч учраас цалингаа аль болох хасуулахгүй байх юмсан гэж бодож байна.
Н.БАТЦЭРЭГ: Зарим агентлагийг нийлүүлж, татан буулгах нь зөв
-Хувь хүн, өрх гэр, байгууллага гээд бүгд хэрэглээгээ эргээд нэг харах хэрэгтэй. Магадгүй та хөргөгчөө онгойлгоход тэр бүр хэрэглэдэггүй цуу, кетчуп мэтийн зүйлээр дүүрчихсэн байж магадгүй. Эндээс л хэмнэх зүйлээ тодорхойлох хэрэгтэй.
Эхлээд төсөв дээр хэмнэлтийн бодлого явуулах ёстой. Ирэх жилийн төсвийн төсөлд хэмнэлтийн гол зарчим туссан гэж үзэж байгаа. Ингэхдээ дээрээсээ хэмнэнэ гэж байгаа ч эдийн засгийн хүндрэлийг жигд үүрье гэж бид ярьсан.
Эндээс хэмнэх мөнгө харьцангуй бага л даа. Би Засгийн газрын гишүүний хувьд харьцангуй дуугүй байгаа болохоос төсвийн төсөлд санал нийлэхгүй зүйл байж л байна. Тухайлбал, миний эрхлэх асуудлын хүрээний зарим бодлого айхтар доголдох байдал үүссэн. Зарим агентлагийг нийлүүлж, татан буулгах нь зөв. Эдийн засаг хүнд үед улс орнууд ямар л нөөц байна, түүнийгээ харж хэмнэлтийн бодлого явуулдаг.
Д.ОЮУНХОРОЛ: Цалингаараа амьдар гэчихээд бодлогоосоо эсрэг зүйл хийж болохгүй
-Төрийн албан хаагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Салбарын хөрөнгө оруулалт ч өссөн. Энэ нь төсвийн алдагдлыг нэмэхэд нөлөөлж буй. Сангийн сайд үүнийг засах төсвийн төсөл оруулж ирж байгаа. Зөв, эрүүл бодлогыг нь дэмжиж ажиллах ёстой.
Гэхдээ цалинг инфляцтай уялдуулж нэмээгүй мөртлөө одоо төрийн албан хаагчдын цалинг бууруулахыг хүлээж авахгүй. Тэднийг авлигаас ангид бай, цалингаараа амьдар гэчихээд бодлогоосоо эсрэг зүйл хийж болохгүй. Төсөв хүнд байгаа үед цалин нэмэх тухай ярих шаардлагагүй.
Нөгөө талаас үнэхээр ач холбогдол багатай хүмүүсийг цомхтгох саналыг харж нэгтгэх ёстой.
Ц.ДАВААСҮРЭН: Тэр хоёр эмч надаас юугаараа илүү юм бэ
-Үндсэн хуулийн цэцэд 500 сая төгрөг өгчихсөн хэрнээ цалин хасна гэх юм. Гаднаас зөвлөгөө авахад арван тэрбум төгрөг өгнө гээд тавьчихаж. “Оюутолгой” төслийн гадаадын хоёр эмчид тэр их мөнгийг өгөх гэж байгаа юм. Цалингийн зардлаас хэмнэх гээд байгаа нь 2.5 тэрбум шүү дээ.
Яагаад иргэдийнхээ цалинд хоёр тэрбум төгрөг өгч чаддаггүй төр вэ. Улс төрийн бялуу хуваарилж, яамдын тоог нэмсэн. Үүнийгээ нэн яаралтай шийдэх хэрэгтэй.
Дэд бүтцийн яамыг дөрөв, Хөдөлмөрийн яамыг хоёр болгож хуваасан нь үнэн биз дээ. Хэмнэх зарчим энд л байх учиртай. Гэтэл би монгол төрд ажиллаж байгаа хүн. Тэр хоёр эмч надаас юугаараа илүү юм бэ. Үүнд хариулт өгөх хэрэгтэй.
Б.НОМИН