Хоёр хоног хоолой өвдөж, халуурав. Эрүүл байх нь чухам жаргалан болохыг мэддэг, мэдэрч байсан ч үүнийг дахин мэдрэв. Зарим хүн “Сүртэй гэдэг нь, сүржигнээд...” гэж байхад сүрхий санаа тавих нь ч байна. Эндээс өвдөлт, зовиур хүн бүрт ижил мэдрэгддэг болов уу гэж бодож ч үзсэн.
Юутай ч, бамбай булчирхайдаа асуудалтай хүн өвдөлтөд маш мэдрэг болдог гэнэ лээ. Үнэндээ энд би гэдэг хүн өвчин, зовиурын ая даахгүй нялцгай, бааштай байх, эсэх нь тийм чухал биш л дээ.
Хоёрхон сарын настай гэдгээ дуулчихаад, “Хавар хүүгээ сургууль төгсөхийг харчих юмсан, арга байна уу” гэж эмч, ламын аль алийг нь царайчилж, мөнгөтэй байгаад ч хүчин мөхөстөж буй ахынхаа дэргэд ингэж хэлбэл алгадуулах байлгүй.
Архи уудаг нөхөртэй байх нэг асуудал. Архи уучихаад агсам тавьж, айлгаж ичээдэг бол бүр ч асуудал. Архи уудаггүй нөхөртэй байх нь бас л асуудал юм гэнэ лээ. Мөнгөтэй байх нэг зовлон.
Мөнгөгүй байх бүр ч зовлон гэж бас ярих. “Хүний зовлонг хүн ойлгодоггүй” гэдэг. Бүх зүйл харьцангуй, туйлын утгаар нь ойлгох аргагүй. Айл бүрт асуудал бий.
Тийм ээ, бүх зүйл харьцангуй. Тэгж яривал цэвэр ус хэвийн даралттай үед л 100 хэмд буцалдаг болохоос Төвдийн өндөрлөг (тэнд ойролцоогоор 70 хэмд ус буцалдаг) хийгээд Сөнөсөн тэнгис орчим ус буцалгаж уухад харьцангуй хэм заадаг хуультай юм шүү.
Өнөөдөр манай олон залуучуудын хувьд зорилго, шаардлага болсон англи хэлээр “таван настай англи бацаан, таяг тулсан америк чавганц чөлөөтэй ярьж, сэтгэдэг” гэдэгтэй адил.
Б.НОМИН