“Хоорондоо муудалцаж болохгүй, буруу зүйл хийхгүй, нэгнийгээ зодохгүй шүү” хэмээн ангийнхнаа сургах хүү бол Бумхүүгийн Тулга. Аавтайгаа зэрэгцээд алхахад ялгахааргүй том залуу. Гэвч оюун ухааны бэрхшээлтэй. Ингэж хэлэхээр уншигч та “Тэнэг юм байна” гэж яаран бүү дүгнээрэй.
Б.Тулга хэдий 15 настай ч 4-5-тай хүүхдийн л хэмжээнд сэтгэдэг. Гэм хоргүй, гэнэн цагаахан сэтгэл, томоогүй үйлдэл, амархан мартдаг зан. Гэхдээ түүнд мөрөөдөл бий. Тусгай олимпийн наадмаас алтан медаль хүртэх. Саяхан тэрбээр АНУ-ын Лос-Анжелес хотод болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай олимпийн наадмаас бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртэж, мөрөөдлөө бодит болгоход нэг алхам ойртсон.
Монгол тамирчдынхаа салхийг хагалан медаль хүртсэн түүний араас алт, мөнгө, хүрэл медалийн “хур буусан” билээ.
Төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүсийн ажлыг эхлэхээс дуустал нь сурвалжилдаг “Нэг өдөр” буландаа энэ удаа Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 70 дугаар дунд сургуулийн 7б ангийн сурагч Б.Тулгыг онцоллоо.
Бидний мэдэхгүй тэдний ертөнцөд амьдрал хэрхэн үргэлжилдэг бол. Ингээд бид баасан гаригийн өглөө Б.Тулгын гэрт очлоо.
08.00 цаг. Б.Тулга даваагаас баасан гаригт өглөө бүр 07.10 цагт сэрдэг. Өнөөдөр ч мөн адил тогтсон цагтаа сэрээд аав, ээжийн хамт ширээнийхээ ард тухлан өглөөний цайгаа уулаа. Хичээлээ нэг ч удаа тасалж байгаагүйг түүний ээж Д.Оюунбилэг онцолсон. Хичээлд нь явуулахгүй бол “Сургуульд явахгүй байж болдог юм байна” гэсэн буруу дадалтай болох учраас тэр гэнэ.
Ер нь аль болох зөв дадал зуршил, хандлагатай болгоход аав, ээж, эгч нар нь байнга хичээдэг аж. Нэг зүйлийг ганц хэлээд л ойлгож, хэвшил болгохгүй учраас уйгагүй хэлж, зааж давтуулдаг юм билээ.
Сургуульдаа явахаасаа өмнө тэрбээр гэрэл зурагчин бид хоёрт өрөөгөө танилцуулсан юм. Б.Тулгын дуртай цэнхэр, ногоон өнгөөр тохижуулсан өрөөнд үлгэрийн ном, хүүхэлдэйн киноны баатрууд, супермэн, элдэв машин, кран зэрэг тоглоом дүүрэн.
08.30 цаг. Д.Бумхүү хүүгээ сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа явна. Тэрбээр тээвэр зуучлалын компанид ажилладаг. Харин ээж нь өдөр хичээл тарахад нь очиж авдаг юм байна. “Сургуулийг нь сайн зааж өгөөд явуулчих гэхээр санаа зовоод байдаг юм. Байнга л хамт явдаг” хэмээн Д.Оюунбилэг ярьсан.
Тэрбээр Германд шаазан эдлэлийн технологич, эдийн засагч мэргэжил эзэмшсэн ч бүх зүйлээ хойш тавиад хүүдээ хамаг байдгаа зориулжээ. Уг нь Б.Тулга бусдын л адил эрүүл саруул төрсөн аж. Гэвч ханиад хүрч, өвдөхөөрөө л унаж татдаг байжээ. Гайгүй болчих байх гэж бодсон ч сүүлдээ өвдөөгүй байхдаа ч унаж татдаг болсон гэнэ.
Монголын эмч нар “Хүү чинь насаараа эм ууж л амьдрах юм байна” гэдэг байж. Тиймээс ОХУ-ын Эрхүү хотын нэгэн сайн эмчид үзүүлжээ. Түүний өгсөн шуудай дүүрэн эм танг уусны хүчинд өдий зэрэгтэй байгааг сургууль хүрэх замд Д.Бумхүү хуучлав. Мөн тэрбээр Тулгыг гэрийнхэн болон садан төрлийнхөн нь “ботго” гэж дуудаг талаар бяцхан нууц дэлгэв.
Айлын отгон гэсэн утгаар бас тэмээ шиг номхон дөлгөөн зантай болохоор ийн дууддаг аж. Энэ нэрэндээ ч Тулга дуртай. Мөн түүний нэртэй холбоотой нэгэн сонирхолтой зүйл ярилаа. 11 нас хүртлээ Тулга Ананд гэдэг нэртэй байжээ.
Хүүгээ эрүүл саруул болгохын тулд аав ээж нь сайн гэсэн бүх л эмчид үзүүлж, эцэстээ лам дээр очжээ. Түүний нэрийг нь солих хэрэгтэй гэсэн аж. Тэгтэл хүү “Би Тулга” нэртэй болъё гэсэн гэдэг. Ингэж Тулга өөртөө нэр хайрлажээ.
09.00 цаг. Бид Б.Тулгын сургууль дээр ирлээ. Тэрбээр аавыгаа гар даллан үдээд биднийг дагуулан анги руугаа явав. “Манай сургууль засвар хийгээд ийм гоё болсон” гэж их л баяртайгаар хэллээ. Эхний цаг ангийн багш Ц.Чанцалдулам Уран зохиолын хичээл оров. Хичээлийн сэдэв оньсого. Багш байгалийн үзэгдлийн талаар олон оньсого бэлдэж ирсэн байв.
“Аав нь амгалан тайван
Ээж нь цэнгэл сайхан
Хүүхэн нь гунхал сайхан
Хүү нь ширүүн хар” гэсэн оньсого таалгав. Үүнийг хүүхдүүд ээлжлэн уншаад дэвтэртээ хуулан бичсэний дараа хариуг нь олох гэж олон таамаг дэвшүүллээ.
Б.Тулга “өвөл” гэхэд багш “Зүйтэй, сайн байна. Гэхдээ ганцхан өвөл биш. Бусад гурван улирал нь юу билээ” гэж асууна. Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүд аливааг сурахдаа удаан ч сайн тайлбарлаж ойлгуулбал болохгүй юм үгүйг үүнээс харлаа.
Б.Тулгын ангид түүнээс гадна найман хүү, ганц охин сурдаг юм байна. Ц.Чанцалдулам тусгай сургуульд 15 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай багш. Тэрбээр “Хүнд, эмзэг бүлэг, оюун санаа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гээд олон янзын хүүхэд манай сургуульд сурдаг. Тиймээс хүүхэд бүрт тохирсон аргыг амьдралаас гаргаж ирдэг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй, онцлог сурган, сэтгэл зүйн талаарх онолоор хичээл заах хэцүү. Сүүлийн үед төрж байгаа хүүхдүүдийн оюун санаа, хөгжлийн бэрхшээл улам хүндрээд байна. Тиймээс багш уйгагүй, тайван, хүүхдийн ойлгодог, шантардаггүй байж л үр дүнд хүрнэ.
Энгийн сургуулийн багш хичээлээ нэг удаа хэлэхэд хүүхэд ойлгодог бол бид хэдэн арван удаа хэлж, сайн тайлбарлаж өгдөг. Гэхдээ манай Тулга их зүтгэлтэй. Эцэг, эхийн болон өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн дүнд дуртай зүйлээ таньж мэдсэн” гэв.
09.50 цаг. Хонх жингэнэн дуугарч дараагийн хичээл орох болсныг сануулав. Б.Тулга сайн найз Цэлмэгийнхээ хамт Иргэний боловсролын хичээлд суухаар явав. Тулга үеийнхнээсээ том биетэй болохоор ч тэр үү, өөрөөсөө жижиг хүүхдүүдийг илүү их хайрладаг аж.
Тиймдээ ч бие жижигтэй Цэлмэгийг хэн нэгэн дээрэлхвэл хамгаалдаг гэсэн. Ер нь Тулга ангидаа энхийг сахиулагч гэлтэй. Хэн нэгэн хоорондоо маргаж муудвал “Болохгүй шүү. Муухай үг хэлэхийг хориглоно” гэж эвтэй найртай байхыг байнга сануулж байв.
Ц.Тунгалаг багш “Иргэний боловсрол” хичээл орлоо. Ц.Чанцалдулам багш аядуу зөөлөн ярьж, хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлж байсан бол Ц.Тунгалаг дуу дуулж, сонирхолтой түүх ярьж өгөв. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн анхаарал амархан сарнидаг учраас аль болох хичээлээ сонирхолтой байлгахыг зорьдог аж.
Өнөөдрийн хичээлийн сэдэв “Сайн үйл”. Хүүхдүүд “Сайн уу, муу юу аль нь вэ хө” дууг дуулж дууссаны дараа багш “Сайн үйл” гэж юу вэ гэхэд “настай хүнд туслах, найзыгаа хамгаалах, хүмүүстэй муудахгүй, эвтэй байх, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй” зэргээр өөрсдийнхөө хувьд сайн гэж бодсоноо хуваалцав.
Үүний дараа багш өглөгийн дөрвөн хэлбэр байдгийг тайлбарлаад номын өглөгийн тухай ярилаа. “Тулга аа, жүдо бөхөөр хэрхэн барилдахыг бусдад зааж өгөх нь номын өглөх болох нь байна шүү” хэмээн түүний дуртай спортоор жишээ татав.
Энэ нь түүнд ойлгоход хялбар байсан бололтой “тийм ээ” гэж толгой дохино. Хичээлийн дундуур нийгмийн ажилтан ангийн ганц охиныг дуудан авч гарлаа. Учрыг лавлахад 15 настай хүүхдүүдэд сахуу, татрангийн эсрэг вакцин хийж байгаа аж. Б.Тулга хоёр хоногийн өмнө вакцинаа хийлгэжээ.
10.40 цаг. Тулга бас л “Хөөе хөөе, хараал хэлэхгүй шүү, Сэтгүүлийн эгч байна” гэж ангийнхандаа сануулна. Хүүхэд л болсон хойно тэд нэгнээ шоглон, үймүүлнэ. А.Цэнд-Аюуш багш хүүхдүүдийг хоёр хэсэг болгон суулгаад шагай тарааж өгөв.
Математикийн хичээлээр шинэ сэдэв үзлээ. “Энгийн бутархай”-н талаар ойлгуулахын тулд багш “Өнөөдөр Цэлмэгийн төрсөн өдөр. Ангийнхаа долоон хүүхдийн гэртээ урьжээ. Тэгээд нэг бялууг найм хуваасан байна. Нэг хүүхэд нэг зүсэм бялуу хүртэнэ” гэж ярилаа. Хүүхдүүд энэ хичээлийг сайн ойлгосон ч “идчих юмсан” гэж шүлсээ залгин суухад, “Энэ чинь бялуу биш, цаас л байна шүү дээ” гэх нь сонсогдоно.
А.Цэнд-Аюуш “Оюун санааны бэрхшээлтэй хүүхдүүдийг гадуур дагуулж явахад шоглох, доромжлох тохиолдол их байдаг. Бүдүүлэг. Харин гадаадад бол эсрэгээрээ тусалдаг” гэв. Үнэхээр ийм хүүхдүүдэд төр засгаас анхаарал хандуулж, бидний адил хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй санагдав. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сурах бичиг, гарын авлага байдаггүй юм байна.
Багш нар нь өөрсдөө хүүхдүүддээ зориулан ном, сурах бичгээс түүвэрлэн тараах материал бэлтгэн, хичээлдээ ашигладаг аж. Монгол хэлний хичээлд гэхэд долдугаар ангийн хүүхдүүд гуравдугаар ангийн сурах бичиг ашиглаж буй бөгөөд энэ нь агуулгын хувьд тэдэнд хүндэддэг гэнэ.
Тиймээс хүүхэд бүрийн онцлогт тохируулан хичээлээ бэлтгэх гээд багш нар ачаалал ихтэй ажиллахаас гадна гарын авлага, тараах материалаа хэвлэхээс эхлээд өөрсдийн халааснаас мөнгө гаргадаг юм билээ.
Тэндхийн багш нар “Энгийн хүүхдүүдийн адил сурах бичигтэй байснаас тусгай сургууль бүрт жижигхэн хэвлэх үйлдвэр байвал бид хүүхэд бүрийн онцлогт тохируулан хэрэглэх материалаа Цөм хөтөлбөрийн дагуу бэлтгэх боломжтой” гэв.
11.25 цаг. Б.Тулга өнөөдөр зургаан цагийн хичээлтэй. Дөрөв дэх хичээл “Нийгэм ахуйн баримжаа”. Энэ хичээлийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан заадаг аж. Нийслэлийн өдрийг угтан хүүхдүүд “Манай нийслэл” шүлэг цээжилж буй.
Тулгын ангийнхан ч мөн адил “Өндөр сайхан байшинтай
Өргөн сайхан талбайтай...” гэж шүлгээ уншаад хичээлээ эхэллээ. Б.Энхтуяа багш “Эмх цэгцтэй зан” сэдэвт хичээл заав. Жирх гэдэг амьтан эмх цэгцтэй байдлын илэрхийлэл гэж тайлбарлаад, унших материалыг хүүхэд бүрт тараан өглөө. Үүний дараагийн цаг Технологийн хичээл.
12.20 цаг. Хүүхдүүд нэлээд ядарчээ. Хичээлдээ анхаарал төвлөрөхгүй, эвшээж, эвсэл огт хамааралгүй зүйл ярина. Тэднийг бага ч болов сэргээх зүйл нь үдийн цай. Хүүхдүүд сургуулийн нэгдүгээр давхарт байрлах хоолны газарт орж, тахианы зутан, аньсны шүүс ууцгаав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бага, ахлах анги гэхгүй бүгд үдийн цайнд хамрагддаг юм байна. Үүний дараа Тулгын ангийнхан Н.Адъяасүрэн багшийн мэдэлд очлоо. Ганц охин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хичээлд суухаар болж, хөвгүүд мод, хөрөөтэй “ноцолдов”.
Хүүхдүүд хөдөлмөрийн хичээлдээ их дуртай гэж багш нь хэлэв. Хичээлийнхээ завсарлагаанаар Тулга биеийн тамирын зааланд гүйн орж, Чүлтэмбаяр багштайгаа уулзан, бөөрөнцөг түлхэлтийн дасгалаа хэдэн удаа давтаж амжив.
Тэрбээр долоо хоногт гурван удаа бэлтгэл сургуулилалт хийдэг бөгөөд өнөөдөр дугуйлан хичээллэдэггүй өдөр аж.
13.30 цаг. Тулгын ээж Д.Оюунбилэг сургууль дээр хэдийнэ иржээ. Тэд автобусаар гэртээ харьдаг аж. Олон нийтийн унаанд суулган аль болох хүн олонтой газар байлгахыг Тулгын ээж илүүд үзнэ. Гэрт нь тусгаарлаад байх тусам оюун ухаан нь хөгжихгүй учраас аль болох гадуур их явдаг гэж байлаа.
Урьд нь Тулгыг зураг, бүжиг, хөгжмийн дугуйланд явуулж байжээ. Гэртээ харих замдаа Тулга ээждээ сургууль дээр болсон зүйлийг товчхон яриад “Ану эгчийндээ очъё” гэж шалсаар явав. Тэрбээр Ану-Үжин, Анударь гэдэг хоёр эгчтэй. Анударь эгч нь БНХАУ-д тэтгэлгээр сурахаар явсан бол том эгч Ану-Үжин нь ОХУ-д хууль эрх зүйн боловсрол эзэмшжээ.
Саяхан айлын хүн болж тусдаа гарсан аж. Ану-Үжин эгч нь түүнийг алган дээрээ бөмбөрүүлдэг учраас тэднийд очих дуртай гэнэ. Хүргэн ахынхаа хамт бассейнд сэлэх хообийтой.
14.00 цаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны байранд ирлээ. Тэнд байсан багш, эцэг эхчүүд “Манай Тулга ирлээ. Олимпоос хүрэл медаль авсанд баяр хүргэе. Мундаг байна” гэж ам уралдах нь халуун дотно.
Тулга шиг хүүхдүүдтэй эцэг эхчүүд энд л зовлон, жаргалаа хуваалцан, нэг нэгэндээ дэм болцгооно. Багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ганцаарчилсан хичээл заадаг юм байна. Тулга урьд нь энд спортын дугуйланд нь явдаг байж.
“Хүүгээ спортоос нь хөндийрүүлэхгүй. Зөв хүмүүжүүлбэл цаашдаа өөрийгөө аваад явчих байх” гэж түүний ээж Д.Оюунбилэг ярив. Тулгын нэг өдрийн ажил мундахгүй. Удахгүй тэрбээр фитнесстээ явна. “Ядарч байна уу” гэхэд “Үгүй. Би дасгал хийх, гүйх дуртай” гэлээ.
15.30 цаг. “Голден жим” фитнесс клубийн зүг хөдөллөө. Тэнд очиход Тулга хүүгийн анхаарал өөр зүйлд төвлөрчээ. Тэрбээр “Улаанбаатар” зочид буудлын гадна талбайн засварын ажлыг гүйцэтгэж байгаа кран хараад таг зогсчихов.
Учрыг ээжээс нь асуувал “Фитнесстээ орохын өмнө, гарч ирээд хэсэг хугацаанд кран харж зогсдог юм. Аавынх нь ажил дээр кран, том машин олон байдаг. Тийм болохоор харах дуртай байх” гэлээ. Харин Тулга “Эгч ээ энэ их гоё байгаа биз. Би кранчин болно” гэв.
Ингэж зогсох зуур түүний аав Д.Бумхүү ирлээ. Тэрбээр ажлаа зохицуулан өдөр бүр эхнэр, хүүгийнхээ хамт дасгал хөдөлгөөн хийдэг. “Хэрэв хүү минь эрүүл байсан бол биднээс ийм их эрч хүч гарахгүй л болов уу” гэж Д.Оюунбилэг хэлсэн нь юм бүхэнд утга учир байдгийг сануулах мэт.
18.00 цаг. Хоёр цаг гаруй дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гаргасан тэд улам л эрч хүчтэй болсон мэт харагдана. Хэдий 50 нас гарсан ч 15-тай хүүгийнхээ “амьдрал”-аар амьдарч яваа тэд “Хүүгээ эрүүл болоосой гэхгүй ээ. Өөрөө бие дааж л амьдарч чаддаг болчихвол хүсэл минь биелэх нь тэр.
Уйгагүй зүтгэсний хүчинд хүү минь аливааг хүлээн авах нь сайжирч байгаа. Гэвч жил өнгөрөх тусам бага байснаас нь илүү санах зовох юм. Бид хоёр мөнх биш, нэг л өдөр хүүгээ орхиод явна. Тэр цагт л хэн нэгний гар харахааргүй болгочих юмсан. Бүр болохгүй бол хүүгээ аваад хөдөө гарна даа. Фермерийн аж ахуй эрхэлж яагаад болохгүй гэж” хэмээв.
Аав, ээжийнхээ сэтгэлийг Тулга ч сайн мэддэг бололтой. Ээжийгээ өвдөхөд хамгийн сайн асарч халамжилдаг гэсэн. Фитнессийн багш Г.Нямдорж Тулгыг жин хасуулах, булчинтай болгоход түлхүү анхаарч буйгаа дуулгав.
Тулга хэдий том биетэй ч түүний тархинд “бяцхан хүү” амьдардаг болохоор дуртай хүүхэлдэйн киноны баатраар нь жишээ авч, түүн шиг болохын тулд ийм дасгал хийх хэрэгтэй хэмээн чиглүүлдэг аж.
Тусгай сургуулиуд есөн жилийн боловсрол эзэмшүүлдэг учраас төгсөөд Сэргээн засах үндэсний төвд мэргэжил олгох сургалтад сурахаар тэр гурав төлөвлөжээ. “Хүү минь унаж татдаг байхдаа зан ааш нь их хувирдаг байлаа. Гадуур дагуулаад явахаар үеийнхэн нь шоолж, томчууд ч муухай хараад эвгүйрхээд байдаг байв. Харин одоо аль болох хүмүүстэй хамт байлгахыг хичээдэг. Ийм бэрхшээлтэй хүмүүсийг олон нийт бидэнтэй адилхан хүн гэж хүлээж аваасай.
Хүү минь ч гэсэн “Би бусадтай адилхан. Бүхнийг чадна” гэж ойлгох нь чухал. Одоо хүү минь шилжилтийн насандаа явж байна. Эр хүн болж байна. Энэ бүхэнд нь аав нь дэргэд нь байж зөвөөр зааж сурган ойлгуулахгүй бол буруу зуршилтай болчихвол хэцүү.
Нэг бүрчлэн зааж, заасан зүйлээ маш олон удаа давтахгүй бол мартчихаад байдаг юм. Бидэнд тусалж дэмждэг ах дүү, багш, анги хамт олон, Тусгай олимпийн хорооныхон, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооныхондоо үнэхээр баярлаж явдаг.
Дэлхийн 170 гаруй орны 7000 орчим тамирчин өрсөлдсөн тусгай олимпоос хүү минь медаль хүртэхэд нүдний нулимс тогтоогүй. Медаль хүртэхээс илүү хүү минь өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй болсонд маш их баярлаж байна” хэмээн Д.Бумхүү ярив.
Б.Тулга Өвлийн тусгай олимпод цанын төрөлд хүч үзэн, алтан медаль авахаар зорьж буй. Дэмжээд, туслаад өгвөл тэд ч чадна.
Ч.БОЛОРТУЯА