Сонгуулийн жилийн төсөв хөөсгүй байх ёстой хэмээн Сангийн сайд Б.Болор мэдэгдэж байна. Түүний зөв. Ирэх хаврын будаалганд зориулж илүү мөнгө төсөвлөх хэрэггүй. Тэгээд ч хөөсөн төсөв батлахын тулд олон олон солонгорсон бөмбөлөг хэрэгтэй. Гэтэл бидэнд тэр нь байхгүй.
“Хөөсөн чихрийн үйлдвэр” хаалгаа барьсан. Бүрэн бус тоогоор 2014-2015 онд 230 хувийн хэвшлийн үйлдвэр, компани үйл ажиллагаагаа түр зогсоосноор татварт төвлөрөх мөнгөн дүн хүссэн, хүсээгүй багассан. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хэлснээр 2012 онд Монгол Улсын нэг иргэнд таван сая төгрөгийн өр зээл ногдож байсан бол өдгөө энэ тоо 20 саяд хүрсэн гэнэ.
Ийм тохиолдолд хөөстэй төсөв баталъя гээд ч байхгүйн зовлонд хүлээстэй суухаас аргагүй. Харин үүний нөгөө талд өнгөрсөн зууны сүүлээр ноёрхож байсан будаа гурилын үе эргэн ирэх боломж нээлттэй харагдаж байна.
Шил архи, ширхэг талх, уут будаа, ууталсан гурил, халаасны тамхи сэлтээр сонгогчдын саналыг арилжин авсан тухай хэрүүл сонгууль бүрийн араас сортоочлон дагадаг байв. 2016 оны сонгууль үүнийг давтах нь бараг л тодорхой болчихлоо.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр нүүрлээд буй эдийн засгийн чадамжгүй байдал, эрсдэл дагуулсан ядуурал нь ийнхүү ардчилсан сонгуулийг нэг алхам ухрахад хүргэж буй бөгөөд иргэдийн үзэл бодлоороо саналаа өгдөг эрхийг боловсон байдлаар үгүйсгэж байгаа юм.
Чингэлтэй дүүрэгт “Симба” Батаа хувийн хүнсний дэлгүүрээрээ дамжуулан үнэ хямд мах арилжиж, сонгогчдын саналыг өөртөө эргүүлж асан өрөвдмөөр түүх давтагдана гэсэн үг. Намрын чуулгантай уралдан эхэлсэн улс төрийн намуудын сонгууль угтсан тоглолтуудын өнгө ч бас хэтэвч халаастай нягт уялдаатай болсныг анзаарахгүй байх аргагүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцтэй холбоотой маргааны бай болгож “Lexus 570” машины асуудал босгож ирлээ. Үүнийг дагалдуулан Үндсэн хуулийн цэцийн ойг тэмдэглэхэд зориулах 360 орчим сая төгрөгийн хэрэг дэгдээсэн. Хариуд нь Ч.Сайханбилэг “О.Баасанхүү гишүүн ээ, Засгийн газрын автобаазын Ланд-200 жийп машинаа хүлээлгэн өг” хэмээн шаардаж, аяганы хариуг өдөрт нь буцаав.
Эндээс сонгууль угтсан улс төрийн тоглолт мөнгө хэмээх гоёлтой болсон нь харагдаж байна. Үнэн хэрэгтээ төрийн түвшинд мөнгө, машины хэрүүл хийх болсон нь өөрөө өнөөдрийн эмгэнэл юм. Өнгө мөнгө, эд бараа хөөсөн маргаан үүгээр дуусахгүй. Сонгууль ойртох тусам гаарах нь тодорхой. Ингэсээр шат уруудаж, эгэл ардын хаяанд ирэхдээ будаа, гурилын хэрүүл болохгүй гэх баталгаа алга.
Эдийн засгийн хямралын уршгаар ард түмэн арай ядан амьсгалж байна. Буудаггүй цалин, төлдөггүй өр улам бүр дарамт учруулах болов. Анзаарсан бол нийслэлийн гудамжинд шинэхэн ломбардууд үүд хаалгаа нээж, хороо, дүүргүүдэд хоёр гурваараа үржив. Тэтгэврийн зээл хүссэн ахмад настны тоо эрс өсөж, мөнгө хүүлэгчид хөгжлийн нэгэн шинэ үеийг эхлүүлээд амжлаа.
Зөөврийн компьютер, гар утас, үнэт хөөрөг, тэр ч байтугай 9911, 8811-тэй дугаар барьцаалах гэхчлэн төрөлжсөн үйлчилгээ нэмэгдэв. Энэ бүхэнд хачирлах саар мэдээ гэвэл Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн өсөлт ирэх онд 3.3 хувьд хүрч удааширна хэмээн тооцоолж буйгаа дуулгалаа. Ус ихтэй жил ургац алдаж, нэг га-гаас 20 орчим центнер улаан буудай хураадаг байсан тариаланчид энэ намар 10 хүрэхтэй үгүйг авсан нь мөн л таагүй үр дүн дагуулж байна.
Сонгуулийн өмнөх жил нөхцөл байдал ийнхүү эргэсэн нь 2016 оны УИХ-ын сонгуулийг будаа, гурилын сонголт руу шахаж буйг энд дурдахад илүүдэхгүй. Тодруулж хэлбэл, эдийн засгийн ядмаг байдал нь монголчуудын улс төрийн салбарт олсон ахиц дэвшлийг сааруулж эхлэв. Саяхан л бид “Ходоодоороо санал өгдөг явдал ард үлдлээ” хэмээн баярхаж байсан. Эргэн санах гэж оролдъё.
Гурил, будааны сонголтын үеийг халж, үнэ өсгөсөн алхам бол 2008, 2012 оны сонгуульд МАН болон АН мөнгөн амлалт өвөрлөн өрсөлдсөн явдал байлаа. Сая саяар яригдсан мөнгөн амлалт иргэдэд уут будаа, ууталсан гурил юу ч биш гэдгийг сануулж, ходоодны сонголтыг мөрөөдлийнх болгон хувиргасан нь нууц биш. Гэхдээ амтлах рефлексийг илүүтэй хөгжүүлсэн гэж хэлж болно.
Иргэн бүрт хүртээх сая төгрөгөө хэрхэн зарцуулахаа урьдчилан тооцоогүй айл өрх үгүй. Хамгийн амттайхан тооцоо энэ байлаа. Тэгвэл нийтээрээ мөнгөний гачаалд ороод байгаа энэ үед өр зээл, мөнгө, хөрөнгө оруулалт хэмээх үгс моод болохоос гадна иргэдийн сэтгэлзүйгээр тоглох О.Баасанхүү гишүүний аргачлал газар авах магадлал өндөр.
МАН-ын үе үе сануулж буй ахмад настны тэтгэврийн зээлийг төрөөс төлөх саналыг популист амлалт хэмээн товчхон ойлгож болно. Ирэх оны сонгуулийн гол зэвсэг энэ мэт зүсээ хэдэнтээ хувиргасан мөнгө байхаас гадна төрийн мөнгийг төөрөлдүүлэн завшигчдын эсрэг зарласан их дайн маягаар өрнөх хувилбар бас бий.
Уул уурхайн түүхий эдийн ханш унаж буй нь энэ салбарыг даган гарч ирдэг хэт эх оронч, үндсэрхэг үзлийн хөөрөгдлийг саармагжуулах нь мадаггүй. Энэ шалтгаанаар улс төрийн намуудын уул уурхайгаар улс төр хийх боломж багасаж буй. Тэгэхээр ирэх оны сонгууль мөнгө тойрон эргэлдэж, энэ нь тооцоолшгүй олон хэлбэрээр илрэх үүд хаалга нээлттэй байна.
Он гарангуут орон сууцны ипотекийн зээлийг 50 хувь хүртэл бууруулах талаар цочиж унамаар амлалт хөврөөд эхэлбэл гайхах явдалгүй болох нь. Нэгэнт аваад үрчихсэн тэтгэврийн зээлийн хүүг төр төлнө ч гэж юу байхав. Гэхдээ төлнө, төлүүлнэ гээд гүрийчихвэл бас л гайхах хэрэггүй болох нь. Мөнгөн амлалтууд өндрөө авах тусмаа сульдаж ганхсан эдийн засагт нэрмээс болж, сэхэх гарцгүй байдалд түлхэн оруулах нь тодорхой.
Одоохондоо бидэнд хямралыг гэтлэх цөөн ч гэсэн арга бий. Ч.Сайханбилэгийн хэлснээр Монгол Улс боломжоо алдаагүй байгаа. Харин эл боломжийг маань хулгайлахаар ирэх оны сонгууль айсуй. Урьдын адил хөөсөн чихэр буюу хөөсөн төсөв байхгүй ч гэсэн ишийг нь долоолгох улс төрийн увайгүй арга заль ширээн доогуур шургасан салхи мэт хуйларч эхлэв.
Хөөсөн чихрийн хоосон модон ишнээс юу амтагддаг гээч! Ургацаа алдсан тариаланчдад шуудай шуудайгаар үрийн будаа, төмс тарааж, өвлийн цаснаар өвөлжөөнд чинь машин машинаар нь өвс буулгаж, малаа хөөвөрлөсөн малчдад ноолуурын өндөр ханш амлаж, тэтгэврээ зээлээд үрчихсэн эмээ өвөө нарт сүү, гурил, будаа тэргүүтэй гарын бэлэг зөөгөөд л... Хөөсөн чихрийн иш ч гэсэн амттай байгаа биз? Татварт төлсөн мөнгө чинь өнгө зүсээ хувирган эргээд танд хүрч байгаа нь тэр.
Өмнөхөөс ялгаатай нь энэ удаа сонгогчид саналаа илүү хямдхан арилжих болно. Учир нь бид хямарч байгаа.