“Алтан шаахай өмссөн ч алцан майга нь хэвээрээ” гэж Р.Чойном шүлэглэсэн байдаг. Манай улсад л энэ үг тохироод байх шиг. Эрх баригчдын хэлж, тайлбарлаж буйгаар бид яг одоохондоо “шил”, “алт”, “алмазан” данстай байгаад ч эдийн засгийн хямрал, төсвийн хүндрэлээс зайлж гарахаас өнгөрсөн бололтой.
Цөөнх үглэж, эрх баригчид “муу ёр” хэмээн цэрвэж, цэц булаалдаж асан, “төмс ширхэглэж, тос граммладаг” гачлант үетэй хэдийнэ нүүр тулжээ, бид. Хамгийн элбэг, дэлбэг намар цагаар ингэж хэтэвчиндээ захирагдаж байгаа бид зуд зурагласан айсуй өвөл, хаврыг төсөөлөхөд дотор харанхуйлах шиг болж байна. Яах вэ, төр, засгаас төсөв, мөнгө хэмнэх тухай эхнээсээ ярьж, хөөрч л байгаа.
Төрийн зарим албан хаагчийн цалинг тодорхой хугацаанд бууруулж, бүр заримтай нь данс дугуйлж, нэр бүхий татварын хувь, хэмжээг нэмэх гэнэ. Ингэж байж төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь тавих зорилготой.
Харамсалтай нь, цалин бууруулж, татвар нэмэн байж бий болгосон хөрөнгө ердөө л төсвийн урсгал зардлыг санхүүжүүлэхэд хүрэлцэнэ. Өөрөөр хэлбэл, энэ жилүүдэд илүү нэг цэцэрлэг, сургууль, эмнэлэг, км зам ч ашиглалтад орохгүй бололтой дог. Гэвч үнэндээ мөнгөгүй байх нь бус, миний, бидний төлсөн татвараар тансаглачихсаны төлөөсийг өнөөдөр цалингаараа нөхөх дээрээ тулчихаад буйд гасалмаар байна. Уур хүрч байна.
Хүн төрөлхтний түүх гэдэг улс орнуудын эдийн засгийн бууралт, сэргэлтийн мөчлөгүүдийн хэлхээс байдаг хойно өнөөдрийн хямралд тэгтлээ өөнтөгч хандаад юу хийнэ гэж бодож болох. Нэгэн цаг үеийн хямрал, хүндрэл ирээдүйн их сэргэн мандалт, хөгжил дэвшлийн сэдэл, хөшүүрэг болсон нь ч бий. Эсрэгээрээ цөөн хэдэн хүний хязгаарлагдмал хүрээнд, эрээ цээргүйгээр хийж ирсэн дүрэмгүй үйлдлүүд газар авч, ужгирсаар улс орныг богино хугацаанд элгээр нь хэвтүүлсэн байдаг юм билээ.
Харамсалтай нь, ийм л дүр зураг Монголд ажиглагдаад байгаа юм. Энэ нь өнөөгийн хямралын “сүүл” биш гэдгийг ч бид мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, “төр”, “мөнгө” гэсэн үг зоосны хоёр тал мэт ойлгогдох болсоор олон оныг элээж буй. Гэхдээ төрд удирдах албан тушаал хашдаг нөхөр цалингаас өөр орлогогүй гэх атлаа төрөл арилжсан мэт “томорч” буйг нүдээр харсан хэрнээ тийм, ийм гээд нотолчих баримт биднээс дэндүү хол байсан.
Татвар төлөгчдийн мөнгөөр төрд данстай хүмүүс яаж туйлж, зугаалж, зарлагаддагийг мэддэг ч мэдүүлэг болгоод ашиглачихаж дөнгөдөггүй байсан. Харин өнөөдөр төрийн мөнгөөр хэрхэн тансаглаж буйг “шилэн данс” ил болгож байна. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын нийт 45 төлөөлөгч сар бүр 4.5 сая төгрөгийн урамшуулал авдаг нь “шилэн данс”-аар ил болсон.
Нийслэл гэлтгүй дүүрэг, аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид “суудлын мөнгө” нэртэй их хэмжээний санхүүжилт авдаг нь үүгээр ил болов. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн ИТХ төлөөлөгчдөдөө 135 сая төгрөгийг “урамшуулал” гэж тараасан байгаа юм.

УИХ-ын дарга З.Энхболд намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр үүнийг хөндөж, “ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш учраас энэ улирлаас дээрх урамшууллыг зогсоох хэрэгтэй” гээд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгоод буй.
Үнэхээр ч нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн жилийн урамшуулал болох хоёр тэрбум 500 сая төгрөг болно. Үүгээр иж бүрэн сургууль хоёрыг барих боломжтой. Ажил хийснийхээ төлөө цалин, урамшуулал авахыг үгүйсгэхгүй. Гэвч ИТХ-ын төлөөлөгчид бараг бүгд нийслэл, дүүрэг, аймгийн төр, захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагад ажил, албан тушаалтай “давхар дээлтэй” хүмүүс шүү дээ.
Үүнээс гадна Булган аймгийн Засаг даргын Тамгын газар өнгөрөгч тавдугаар сард хөрөнгө оруулалтын санхүүжилт болох 162 сая төгрөгөө тэр чигээр нь автомашин худалдан авахад зориулжээ. Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын “шилэн данс”-нд Ерөнхий сайдад есөн сая төгрөгийн үнэтэй аяга өгсөн тухай дурдсан байна.
Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Би 9.5 сая төгрөгийн мөнгөн аяга аваагүй. Ийм мөнгөөр бараг алтан аяга авах юм биш үү. Ерөнхий сайд болсноосоо хойш нэг ч албан газраас аяга, таваг аваагүй” хэмээн мэдэгдээд буй. “Чингис” бондын шууд санхүүжилтээр ажилладаг “Гудамж төсөл”-ийнхөн ажил судлах нэрээр Европын орнуудаар өргөн бүрэлдэхүүнтэй ажилласны зардал 90 сая төгрөг болсныг ч иргэд гайхаж байна.
Тэдний томилолтын зардал Сангийн сайдын баталсан тарифаас хэтэрчээ. Төрийн байгууллагуудын орлого, зарлагыг хянах үүрэгтэй Үндэсний аудитын газар ухаалаг сандал, ширээ худалдан авахад 50 сая төгрөг гаргасныг “шилэн данс”-наас харж болно. Энэ оны эхнээс хэрэгжүүлсэн Шилэн дансны тухай хуулийн талаар янз бүрээр ярьдаг.
Тухайлбал, Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас энэ оны төсвийн ил тод байдал болон иргэдийн оролцооны түвшинг тодорхойлсон судалгаа хийхэд өмнөх жилээс ахисан зүйл ажиглагдаагүй гэнэ. Шилэн дансны хууль хэрэгжүүлж эхэлсэн энэ жил төдийлэн ахиц гараагүй нь хачирхалтай. Үүнээс гадна 2015 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 56 төсвийн ерөнхийлөн захирагч тус хуулийн хэрэгжилтийн тайлан мэдээ ирүүлэхээс 75 хувь нь хамрагджээ.
Харин 11 төсвийн ерөнхийлөн захирагч ямар ч тайлан ирүүлээгүй байна. Тиймээс мэдээ, тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй Батлан хамгаалах яам, Эрүүл мэнд, спортын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нар болон Дархан-Уул, Завхан, Дундговь аймгийн Засаг дарга нарын сарын цалинг 20 хувиар хасаж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахаар шийдвэрлээд буй.
Гэсэн хэдий ч төрийн мөнгийг хэн, юунд, хэрхэн зарцуулж буйг хянах эх сурвалжтай болсон нь сайн хэрэг. Сүүлийн үед тус хуульд тавих иргэдийн хяналт сайжирч, өнөөдрийг хүртэл ямар ч тайлан, мэдээ гаргаагүй байгууллага, албан тушаалтныг хууль биелүүлэхийг шахаж, шаардах болсон нь ч эерэг хандлага.
Гэвч данс “шилэн” болчихоод байхад дарга нар ширэн нүүрлэсээр буйд хамгийн том асуудал нуугдаж байна. Ард түмэн, татвар төлөгчдийг арай дэндүү дорд үзсэн хэрэг биш гэж үү. Тэд “шилэн” дансыг ширмэн гэж андуураагүй л байлтай. Оны эхнээс төсөв хүндэрч, хаа сайгүй мөнгө ховордож өнөөдөртэй золгосон байхад өнгөрсөн хугацаанд тансаг тавилга хэрэгсэл, аяга таваг, автомашин, аялал зугаалга, элдэв урамшуулалд сая саяар нь хөрөнгө гаргахдаа санаа зовсонгүй ээ, тэд.
Ингэж тансагласнаасаа ичиж зовохоо үл мэдэх нэг хэсэг байхад өнөөдрийг хүртэл төрийн хууль зөрчин, ганц тоо ил гаргалгүй, таг дуугүй суух зарим нь бий. Тэднээс юу гарч ирэх бол гэдэг нь сонирхолтой, бас аймшигтай. Шилэн дансны хууль хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын дээд хэмжээ нь төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.
Харин өнгөрсөн хугацаанд зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймгийн Засаг дарга нарт цалингийн тодорхой хувийг хасах арга хэмжээ авснаас өөр зүйлгүй. Төрийн хуулийг үл тоож буй том толгойтнуудыг эрхлүүлээд байна уу, эсвэл хуульд заасан хариуцлагын арга хэмжээ зөөлөн байна уу гэдгийг эргэж харах л асуудал.
Б.НОМИН