Газар хөдлөлтөөр мэргэшсэн япон мэргэжилтнүүдийн Улаанбаатарт хийсэн судалгаа цочирдом тоо өгүүлж байна. Тэдний дүгнэлтээр бол, манай нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж болзошгүй бөгөөд гамшгийн тохиолдолд нийт барилга байгууламжийн 22-50 хувь эвдэрч сүйдэн, 30000-60000 хүн нэрвэгдэх тооцоо гарчээ. Байз, яг одоо бяцхан үрсийн маань байгаа сургууль, цэцэрлэгийн барилга хэр аюулгүй билээ.
Энэхүү болзошгүй аймшгийн тухай олж мэдэх хүртэл амьдран суугаа орон сууцныхаа талаар, хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургуулийн барилгын чанарын тухай өмнө нь нэг ч удаа эргэцүүлж байсангүй. Том цонх, уужуу талбайтай орон сууц худалдан авахаар барилгын компанийн борлуулагчтай уулзахдаа төлбөрийн график дээр тэгтэл удаан ярилцсан хэрнээ газар хөдлөлтөд хэр тэсвэртэй, ямар чанар, стандартын материалаар босгосныг нь яагаад ч юм сонирхоогүй.
Бидний олонх орон байрны сонголтод иймэрхүү байдлаар ханддаг нь өөрөө аюулын эх юм.
Шинэ барилга, орон сууц ашиглалтад ороход “улсын комисс” хэмээх хороо тэнд ажиллаж, тухайн байгууламжийн чанар чансаа Монгол Улсын хууль дүрэм, стандартуудад нийцсэн, эсэхийг шалган тогтоож, үүгээр хэрэглэгчийн амь нас, аюулгүй байдал бүрэн хамгаалагдана гэж бид найддаг.
Гэвч ашиглалтад ороод жил тойроогүй байтал хана нь хазайлаа, хаалга нь цуурсан гэхчилэн барилгын чанарт ундууцсан оршин суугчдын өргөдөл МХЕГ-ын хүлээлгийн дэвтэрт жин дарсаар л байна. Монголд амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдалд хандах хандлага хэтэрхий бүдүүлэг байгаатай хэн ч маргахгүй биз ээ. “Дүлийдээ найдаж унгараг” гэдэг шиг манай мэргэжлийнхний мөрдөж буй стандарт ч бүдэг бадаг хэвээр байна.
Гэтэл сүүлийн үед үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг тохиолдож болзошгүй талаар сануулга, сэрэмжлүүлэг олонтаа сонсогдох болов. Саяхан голомт нь Улаанбаатараас 20-хон километрийн зайд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Монгол Улсын хүн амын бараг тал нь оршин суудаг нийслэл орчимд газар хөдлөлт сүүлийн жилүүдэд ноцтой идэвхжиж, давтамж нь ойртох болсон учраас энэ сэдэв шинжээчдийн судалгаанаас ҮАБЗ, Төрийн тэргүүнээс УИХ-ын чуулган, тэндээс айл өрх бүрийн заавал анхаарах чухал асуудал болоод байна.
Шинжлэх ухаанд дөрөв буюу түүнээс дээш магнитудаар хэмжигдэх газар хөдлөлтийг аюултайд тооцдог. Газар хөдлөлтөд “дассан” Япон улсад хүртэл 4.4 магнитудаар газар хөдөлсөн бол цаг агаарын мэдээгээр олон нийтэд зарлах байсан. Харин Монголд Ц.Элбэгдорж Төрийн тэргүүний хувиар УИХ-ын чуулганд оролцож, гишүүдээр дамжуулан ард түмэнд байгалийн дохиог уламжилсан нь онцгой явдал болов.
Орон сууц худалдан авахаар зэхэж буй хүмүүс барилгын чанарын талаар, яавал аюулгүй амьдарч болох тухайд эс анхаарвал амиа хорлосонтой адил хэрэг болж байна. Юуны өмнө гол ус, намгархаг буюу нам дор газраас хол байршилтай, хөрс, суурь сайтай, төмөр бетон цутгамал хийцтэй, аль болох намхан барилгыг сонгох нь чухал.
Арматур болон бетоны бат бөх чанарыг шалгасан улсын лабораторийн дүгнэлтийг барилгын компаниас заавал нэхээрэй. Хүйтний улиралд хийцээ цутгаж буй барилгынхнаас бетоны чанарт эрсдэл гардаг эсэхийг лавлахад технологийн дэвшил ашиглаад л болчихдог мэтээр тайлбарладаг нь эндүүрэл аж. Бетоноо хөлдөөхгүйн тулд нэмж буй химийн элементүүд нь Монголын лабораторид баталгаажсан, эсэхийг заавал шалгах ёстой.
Эс бөгөөс өвөл, эсвэл хэт халууны үед үргэлжилсэн барилгын чанар мууддагийг манай туршлага баталдаг хэмээн мэргэжлийнхэн ярьж байна. Хэдийгээр өртөг өндөрт тооцогддог боловч бүрэн цутгамал хийцтэй төмөр бетон барилга газар хөдлөлтийн 8-9 баллд тэсвэртэй болох нь батлагджээ. Харин арагт бүтээц буюу бидний хэлж заншсанаар, карказыг нь цутгаад, блок, тоосгоор ханыг нь дүүргэсэн барилга наймаас дээш баллын газар хөдлөлтөд тэсвэртэй гэж хэлэхэд учир дутагдалтай аж.
Барилгын материал жижигрэх тусам эрсдэл дагуулдаг учраас тоосгон барилгад сайн дүн өгөх хэрэггүй. Газар хөдлөлтийг тэсвэрлэх барилгын чанарт арматурын чансаа маш чухал. Тиймээс хямд төсөр хятад арматур ашигласан орон сууц худалдаж авахаас аль болох татгалзаарай. Улаанбаатарт сүүлийн жилүүдэд тэнгэр баганадсан өндөр барилгууд сүндэрлэж байна.
Энэ нь орчин үеийн хотод байх ёстой үзэмж боловч газар хөдлөлтөд хамгийн өртөмхий эмзэг цэгүүд гэж хэлж болно. Байгууламж өндөр байх тусам нурж сүйдэх эрсдэл төдий чинээ их байдаг аж. Чанартай арматур бүхий бүрэн цутгамал хийцтэй, 5-6 давхраас өндөргүй орон сууц гамшгийн үед хамгийн найдвартайд тооцогддог байна.
НЗДТГ-ын мэдээллээс үзвэл, 2014 оны эцсээр Улаанбаатарт орон сууцны 3100 орчим барилга тоологджээ. Үүний 30 хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх шинжилгээ хийхэд 166 барилга “муу” дүн авсан байна. Эдгээр 166 барилга болон барьсан компанийг олон нийтэд огт зарладаггүй бичигдээгүй хуулийг МХЕГ чанд сахидаг аж.
Газар хөдөлбөл нурах тухай дүгнэлтийг зөвхөн тухайн орон сууцыг худалдан авсан оршин суугчдад нь мэдээлдэг “журамтай”. Яагаад гэвэл газар хөдлөлт даалгүй нурах нь тодорхой болсон байшин бүрийг олон нийтэд зарлавал тухайн орон сууц цаашид худалдагдах зах зээлийг нь “хумьдаг” гэнэ. Үүнийг иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах бус, харин ч хорлосонтой адил хачирхалтай “ёс зүй” гэхээс өөр юу гэж тайлбарлах билээ.
Б.ЭНХЦЭЦЭГ