Хүмүүс самар түүгээд л хөлжиж буй гэнэ. Уг нь аравдугаар сарын 15-наас түүж эхэлдэг. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ажлаа авсан даруйдаа аймгуудын удирдлагатай цахимаар хуралдахад орон нутгийнхан самар бэлтгэх, түүх нь нэлээд хүндрэл учруулж байгаа талаар ярьсан.
Сайд энэ асуудлыг анхааралдаа авч, шуурхай арга хэмжээ авсан нь хугацааг наашлуулсан явдал байв. Тэрбээр “Хуш модны самрыг үйлдвэрлэл болон ахуйн зориулалтаар энэ оны аравдугаар сарын 1-нээс түүж бэлтгэхийг зөвшөөрсүгэй” гэсэн тушаал гаргасан юм.
Даанч манайхан есдүгээр сарын эхээр л ууланд гарчихсан байлаа. Самар түүгчдэд хугацаа байтугай байгаль хамгаалагчид ч хамаагүй байдаг хойно. Албан ёсоор түүж эхлэх үед зарим газрын нөөц хэдийнэ дууссан байна.
Ялангуяа, түүх зөвшөөрөл гаргахаас өмнө Сэлэнгэ, Архангай, Булган, Хэнтий аймгаас их хэмжээгээр бэлтгэх явдал газар авсан байжээ.
Өнгөрсөн онд баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмаар самар түүх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүнээс өмнө хушин ойн эрх зүйн зохицуулалт тааруу байлаа. Бэлтгэх хугацаа нь гэхэд л наймдугаар сарын 1-нээс эхэлдэг байв.

Тэр үед иргэд одоогийнхоос ч замбараагүй түүж, ойд түймэр гарахаас эхлээд олон хүндрэл учирдаг байсантай харьцуулахад эрхзүйн зохицуулалттай болсон нь дэвшилт тал. Гэсэн ч хугацаа дөнгөж эхэлж байхад зарим газрын нөөц барагдан, зарим нь ойгоо хайр найргүй гэмтээх асуудал өдий хүртэл тулгарсаар л буй гэнэ. Мөн болц нь гүйцээгүй газар олон бий сурагтай.
Түүх хугацааг боловсорч гүйцэх үетэй нь холбон тогтоодог. Боловсорч гүйцээгүй боргоцойг мөчрөөс салгахад хэцүү тул хүмүүс мод, мөчрийг гэмтээх янз бүрийн арга хэрэглэдэг. Тиймээс аравдугаар сарын 15-наас эхлэн түүж байя гэж журамласан.
Харин энэ удаа түүнээсээ 15 хоногийн өмнө түүж эхэллээ. Хур бага, хуурайшилт ихтэй байсан учраас хугацаанаасаа сар орчмын өмнө боловсорч гүйцсэн гэж салбарын яамнаас мэдээлж байгаа юм.
Жилд дунджаар 3000-70.000 тонн самар ургадаг. Түүний 40 хувийг ашиглаж, бусдыг нь байгальд үлдээх ёстой. Энэ жил ургац сайн, их гэх ангилалд багтаж болохоор байгаа аж. Ойн тухай хуульд зааснаар бага ургацтай жил түүхийг хориглосон, дунд бол ахуйн зориулалтаар, их ургацтай жил аль ч зориулалтаар ашиглаж болдог.
Тиймээс манайхан “Их ургажээ” гээд ханцуй шамлан дайрчихаад байна. Өнгөрсөн онд хоёр аймгийн дөрвөн сумын нутагт л сайн гарсан байв. Тэгвэл энэ жил үйлдвэрлэлийн зориулалтаар долоон аймгийн 13 сум, ахуйн зориулалтаар найман аймгийн 35 сум болон Улаанбаатар хотын ногоон бүсийн Хандгайт, Улиастайн эх, Их, Бага баяны амнаас самар бэлтгэхийг зөвшөөрсөн. Харин ургац муу байгаа 16 сум болон Булган аймгийн нийт нутгаас түүхийг хоригложээ.
Тухайн суманд нөөц ямар байна, түүнээс хэр хэмжээтэйг түүж болохыг сумын Ойн анги тогтоон, ИТХ-аараа хэлэлцүүлэн шийддэг аж.
Энэ талаар БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн И.Дорж “Самрын ургацын хэмжээг тогтоохын тулд эхний ээлжинд Ойн анги бүр дүгнэлт гаргаж, яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвд ирүүлдэг.
Дүгнэлтийг нягтлаад их ургацтай газруудад очин судалж, үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж болох, эсэхийг шийддэг юм. Энэ жилийн тухайд харьцангуй их ургацтай байна” гэсэн юм.
Иргэн 25 кг самар түүх эрхтэй. Харин аж ахуйн нэгж хязгааргүй. Одоогоор 40 орчим аж ахуйн нэгж самар түүж бэлтгэх тусгай зөвшөөрөл авсан байна. Өнгөрсөн онд 15-16 аж ахуйн нэгж зөвшөөрөлтэй байв. Монголын самар үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Х.Баянмөнх “Үнэ хэт өндөр байна. Буруу зүйл биш л дээ.
Үнэтэй байх нь иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь байгальд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Яамнаас маш буруу бодлого гаргасан. Хугацааг наашлуулсан нь болц гүйцээгүй самар руу иргэд уулгалан дайрахад хүргэлээ. Одоогоор боловсорч гүйцээгүй, газар бүр харилцан адилгүй байна. Мөн олон аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон нь замбараагүй байдал үүсгэжээ. Тоог нь цөөлөх шаардлагатай.
Ойн судалгаа, хөгжлийн төвөөс энэ жил их нөөцтэй гэж мэдээлж байгаа нь бүрэн судлаагүй, мэргэжлийн бус хүмүүсийн гаргасан дүгнэлт гэж үзэхэд хүргэлээ. Нэлээд сайн ургасан 2-3 газар л бий. Бусад газарт нөөц бага байна.
Нөгөө талаас бид хугацаа эхлэхийг хүлээгээд сууж байтал нутгийн иргэд аль хэдийнэ сайн ургасан газраас нь түүж бэлтгэчихээд, өдгөө өндөр үнэ хэлээд сууж байгаа юм. Үүнийг зохицуулах хэрэгтэй болов уу. Хэт өндөр үнэтэй байвал ойгоо хядчихна шүү дээ” гэсэн юм.
Их нөөцтэй бүсэд хамаарч буй Архангай аймгийн Цэнхэр сумын удирдлагатай холбогдож, хэр их самар түүлгэж, түүндээ хэрхэн хяналт тавьж буйг тодрууллаа. Тус сум энэ жил 1500 тонн самар түүхийг зөвшөөрчээ.
Сумын Засаг дарга Б.Батжаргал “Манайх тусгай зөвшөөрөлтэй есөн компанитай гэрээ байгуулсан. Энэ жил самар эрт боловсорч гүйцсэнтэй холбоотойгоор иргэд өнгөрсөн сарын дундаас түүж эхэлсэн. Хөөх ямар ч боломж байгаагүй. Хугацаа эхлэх үед иргэд эрчимтэй дайрсан. Төв, Говь-Алтайгаас эхлээд бусад аймгаас ч хүмүүс ирсэн.
Тиймээс “Нөөц бараг дуусаж, нутгийн голдуу цөөхөн хүн үлджээ” гэж шалгалтаар явж байсан ажлын хэсгийнхэн хэлсэн. Элдэв хэрэг зөрчил харьцангуй бага ч иргэд хогоо ил задгай хаяхаас эхлээд маш олон модыг хүчтэй цохин гэмтээж байна. Нэг удаа түймэр дэгдэх шахсан, тэр үед байгаль орчны байцаагчид тухайн газарт ажиллаж таарсан учраас газар авахуулалгүй унтраасан байна лээ” гэлээ.
Журмын дагуу гуравдугаар сарын 15 хүртэл самар түүх боломжтой. Эрт хуурайшиж, гал гараад эхэлбэл хугацаа дуусаагүй байсан ч хориглодог. Нөөцийнхөө хүрээнд зохистой хэмжээнд түүсэн, эсэхийг орон нутаг дахь Ойн ангийнхан, байгаль хамгаалагчид хянах үүрэгтэй.
Тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч нар чадлынхаа хэрээр шалгаж, хянаж байгаа ч хүч мөхөсдөж буй гэнэ. Хууль журмын дагуу түүж, модоо хайрлан хамгаалахыг салбарын яамнаас уриалж байгаа.
Харамсалтай нь үүнийг иргэд мөрдөхгүй, шаардлага тавьсан ч биелүүлэхгүй байгаа аж. Монгол орны хуш мод ховор ургамлын төрөл зүйлд хамаардаг. Ойн сангийн талбайн 5.5 хувь, нөөцийн 9.3 хувийг хушин ой эзэлдэг билээ. Ийм ховор зүйлийг ашиглаж байгаа хэрнээ тоохгүй, хариуцдаг байгууллага нь ч хянаж дийлэхгүй “хэрэмнүүд” хушин ойгоо сүйтгэсэн хэвээр.
Ч.МӨНХЗУЛ