Эдийн засаг хямарч буй учраас улс даяар бүсээ чангалах, хэмнэх горимд шилжээд байна. Уул уурхайн баялагтаа дөрөөлөн “цацаж” явсан өдрүүд дуусаж, хөрсөн дээрээ буух цаг ирснийг сануулав. Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөл үүнийг баталж буй юм.
Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30, захиргааны албан хаагчдынхыг 10 хувиар бууруулахаар ярьж байна. Чиг үүрэг нь ойролцоо агентлагуудыг нэгтгэж, “бэлэг” болгон задалсан яамдаа буцаан хумихад хүрэв. Төр цомхон, чадварлаг бүтэцтэй ажиллах ёстой.
Улс төрийн хүрээнд ул болгосоор удсан энэ шаардлагыг хэрэгжүүлэх боломжийг хямрал олгов. Эрхэм гишүүн Н.Батбаярын “Хямралыг боломж болгон хар” гэдэг үгийн утга энэ удаа гарч буй хэрэг. Төсвийн төсөлд ирэх оны наймдугаар сарын 1-нээс есөн яамтай ажиллахаар тусгасан юм. Гэхдээ энэ бол цоо шинэ санал биш.
Хоёр жилийн өмнө Төрийн тэргүүн том төрөөс ухаалаг төр лүү шилжихийг уриалахдаа энэ саналыг хэлж байлаа. Хамгийн гол нь энэ бүтцийг тийм амархан өөрчлөхгүй байх босго тогтоох нь чухал.
ЯМАР ЯМАР ЯАМЫГ НЭГТГЭХ ВЭ
Манай улс нам, фракцын эрх ашигт барьцаалагдсан төртэй болчихсон учраас хувь хүртээх зарчмаар яам, агентлагийн бүтцийг нэмсээр ирсэн. Эдүгээ 15 яам, 19 сайдтай ажиллаж байна. Есөн яамтай байх саналыг олонх дэмжвэл Эрүүл мэнд, спортын болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг нэгтгэнэ.
Мөн Хөдөө аж ахуйн болон Аж үйлдвэрийн яам нэг болох гэнэ. Барилга хот байгуулалтын болон Эрчим хүчний яам, Зам, тээврийн яамыг нэгтгэнэ гэсэн төсөөлөлтэй яваа аж. Ингэснээр чиг үүргийн дөрөв буюу ГХЯ, Байгаль орчин, аялал жуулчлал, Хууль зүйн яам байна. Чиглэлийн тав нь Батлан хамгаалах, Гэгээрлийн, Дэд бүтцийн, ХААЯ, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам.
Ингээд нийт есөн яамтай байх юм. Улсын төсөвт есөн яамтай байх төсөв тусгасан ч яг аль аль яамыг нэгтгэх, юу гэж нэрлэх нь мэдээж дараагийн хэрэг.
Эдгээрээс гадна чиг, үүрэг ойролцоо агентлагууд “нэг дээвэр дор” орно. Ингэснээр улсын төсвийн зардлыг хэмнэж, төрийн ажил иргэдэд хурдан шуурхай хүрэх юм.
ТОГТВОРТОЙ БАЙХ ГАРЦ
Бүтцийг цөөлөх тухай сайхан заалттай төсөл өргөн барьж болно. УИХ-ын гишүүд “эр зориг” гаргаад баталж ч болно. Сайн хэрэг. Гэвч үүнийг тогтвортой хэрэгжүүлж чадах уу гэдэг хамгийн чухал. Бүтцийг УИХ-ын сонгуулийн дараа ёс юм шиг өөрчилдөг. Засгийн газрын бүтцийн тухай хуульд 1994 оноос хойш зургаан удаа өөрчлөлт оруулсан нь үүний баталгаа.
Есөн яамтай болгоно гэвэл долоо дахь өөрчлөлтөө хийсэн болох нь. Бас зөвхөн энэ УИХ-ын хувьд Засгийн газрын бүтцийг гурав дахиа өөрчилнө гэсэн үг болж байна. Сонгуулийн дараа олонхийн суудал авсан нам бүр Засгийн газраа байгуулахдаа бүтцийг өөрчилж ирсэн. Байсхийгээд л нэг яам шинээр байгуулна, нийлүүлнэ, тэгснээ салгана.
Баахан хүн цомхтгоно, энд тэнд заримыг нь шингээнэ. Нүүдэл суудал хийж, төвхнөх гэсээр нэлээд хугацаа алдана. Тэр хооронд нь төрийн үйлчилгээ авах гэсэн ард иргэд чирэгдэж гүйцдэг. Бүтэц өөрчлөгдөхийн хэрээр тэнд ажиллагсдын амьдралд ч хөдөлгөөн орно. Бөөн юм болж арай гэж нэг учраа олж байтал л Засгийн газраа огцруулаад, шинэ Ерөнхий сайд томилно.
Засгийн газрын бүтцийн тухай хууль:
Өнөөх нь ахиад л нам, фракцуудынхаа эрх ашигт нийцүүлэн бялуу хуваана. Нэг иймэрхүү жишгээр л өнгөрсөн хугацаанд манай улс төр өрнөж иржээ. Намууд төрөөр тоглож ханахгүй юм. Ийм тогтворгүй байдал нь улс орны нэр хүндийг унагаж, иргэдийнхээ амьдралыг уруу татаж буй.
Тиймээс одоо есөн яамтай байна гэвэл бүтцийг нь амархан өөрчлөх боломжгүй болгох босго тогтоох хэрэгтэй. Мөнгө зардлыг төсвөөр баталчихна. Үүний дараа УИХ холбогдох хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газрын бүтцийг өөрчлөхөд хүрвэл нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжих өндөр босго тогтоох ёстой. Ингэж байж эхлүүлсэн зөв ажил нь бүрэн болно.
Тогтсон бүтэц, тогтвортой төртэй байх мөрөөдөл биелнэ. Ингэхгүй бол захын нэг гишүүн нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулаад л ороод ирэх юм.
ЧОНО БОРООНООР
Ирэх оны төсвийн төслийг өргөн барихын өмнө данхар бүтцийг цөөлөх яриа гармагц нэг хэсэг хүн алгаа үрчин баярласан байх. Үүгээр далимдуулаад Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах ажиллагаа эрчимжиж мэдэхээр байна. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн “Үүнийг ирэх оны наймдугаар сараас биш, оны эхнээс хэрэгжүүлэх ёстой” хэмээн мэдэгдсэн.
Энэ нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулна гэсэнтэй агаар нэг сонсогдож буй юм. “Давхар дээл”-ийг дан болгох агуулгатай хуулийн төслийг Төрийн тэргүүн өргөн барихад яг ийм явдал болсныг уншигчид санаж буй.
Ерөнхийлөгч уг өөрчлөлтийг дараагийн УИХ-аас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бол МАН болон АН-ын зарим гишүүн “Яг одоо хэрэгжүүлнэ” хэмээн зүтгэсэн. Одоогийн Засгийн газар ч төсвийн төсөлд яамдын бүтцийг цөөлөхөөр тусгахдаа ирэх оны наймдугаар сараас буюу шинэ танхим бүрдэхээс хэрэгжүүлье хэмээсэн юм.
Гэвч ээлжит улс төр идэвхжив. Өөрчлөлт, шинэчлэлтийг зөв талаас нь харахын оронд “Чоно борооноор” гэсэн зарчмаар ажиллаж, улс төр болгох учиргүй. Тогтсон бүтэц, хамгийн гол нь тогтвортой төр, засагтай болох зорилгоор энэ асуудлыг хэлэлцэж байж эсрэг үйлдэл хийж буй нь энэ. Гэхдээ дээрх санал нэг их хол явахгүй болов уу.
Илүү зардлаа хэмнэж, дарх ямба эдэлсэн албан тушаалтнуудын тоог цөөлөхийг иргэд гараа өргөн дэмжих байх. Зөв санаа тусгасан ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхдээ УИХ шинэчлэлээс ухрахгүй гэж найдъя. Үүнийг баталж, бас хялбар өөрчлөхгүй байх босго тогтоож чадвал та нарын улс орондоо оруулах том хувь нэмэр болно.
С.ТУУЛ