Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран өрхийн нийгэм, эдийн засгийн 2014 оны судалгаанд үндэслэн ядуурал ямар байгааг тооцсоноо өнгөрсөн зун танилцуулсан. Судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин өнгөрсөн онд 21.6 хувьд хүрсэн, өөрөөр хэлбэл 100 хүн тутмын 22 нь зайлшгүй шаардлагатай хэрэгцээгээ хангах чадваргүй байна гэсэн таагүй дүн гарсан байв.
Гэвч тэр судалгаанд буй “Өмнөх жилүүдтэй харьцуулахад ядуурлын түвшний буурах хурд саарсан” гэдэг өгүүлбэр үнэндээ өнөө жилийн эдийн засгийн хүндрэл, ирэх оны бараан дүр зургийн дэргэд тоглоом тохуу шиг сонсогдохоор байгаа биз.
Эдийн засгийн хямралын уршгаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” тэргүүтэй манай төрийн өмчит томоохон компаниудын үйл ажиллагаа эхнээсээ доголдож, зарим нь түр зогсох дээрээ тулчихаад буй таагүй яриа дуулдах болов.
Харамсалтай нь энэ бол зөвхөн эхлэл. “Халдвар” хаа сайгүй тархаж, өдгөө Монголын нэр нүүрийг дэлхийд тахалдаг хувийн хэвшлийн хэдхэн үйлдвэрлэгчийн нэг “Говь” ХК хүртэл хүндхэн сорилттой тулсан сурагтай. Эдийн засгийн хүндрэлийг давахын тулд, тус үйлдвэр Хойд Солонгосоос оруулж ирсэн гэрээт ажилтнуудынхаа олонхийг буцаахаас өөр аргагүй болсон гэнэ.
Түүнчлэн монгол иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан тул “Говь”-ынхон 100 хувийн ноолууран бүтээгдэхүүнээ цөөн тоогоор үйлдвэрлээд, бусдынх нь 30-аас доошгүй хувьд торомны ноос холих замаар үнээ хямдруулах хэрэгтэй болжээ. Тэгвэл хямрал иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа бол.
Хямрал нийгмийн сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлөхийн хэрээр хүсээгүй үр дагаврууд ч авчирч байх шиг. Гэр бүл төлөвлөлт гэдэг ойлголт сая нэг тархинд нь сууж, залуу хосууд одооноос л хэдийд хүүхэдтэй болохоо ярилцаж, төлөвлөж хариуцлагатай шийдвэр гаргадаг болж эхлээд байлаа.
Гэтэл энэ жил, тэр тусмаа сүүлийн зургаан сарын дотор маш олон эмэгтэй “Хүүхдээ төрүүлэх гэхээр эдийн засгийн хувьд үнэхээр боломжгүй болчихлоо” гэсэн шалтгаанаар үр хөндүүлэхээр ирэх болсныг ЭХЭМҮТ-ийн эмч хэлсэн юм.
Эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах тухай зөвлөмж маягийн ном өдгөө Хятадад бестселлер болж байгаа сурагтай. Манайхан ч гэсэн өнөөдөр бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Монголын эгэл жирийн иргэн, айл өрх бүр хямралын хүчирхэг шуургыг өөр өөрийнхөөрөө сөрөн зогсож буй.
Харин ч монголчууд аливаа зүйлд дасан зохицохдоо амархан нь зол юм даа. Иргэд хямралтай хэдийнэ “эвлэрээд”, дасан зохицож эхэлжээ. Хэлж ирсэн хямралын сургаар дор бүртээ “бүсээ чангалахыг” бидэнд нэлээд дээрээс сануулж байсан.
Тэр үед “Урагшгүй түшээдийн балгаар эдийн засаг хямарлаа гэхэд ард түмэн яахаараа бүсээ чангалах ёстой юм бэ” гэж гаднаа дургүй байвч дотоод ухамсартаа ямар нэгэн зүйлд бэлтгээд байсан юм шиг. Хичээвэл юухнаас ч хэмнэж, хямгадаж болдог юм байна гэдгийг манайхан ухаарчээ.
Хэд хоногийн өмнө нэгэн найзаас минь урилга ирэв. Найз минь энэ сарын 16-нд хуримаа хийхээр болжээ. Гэвч тэр өнгөрсөн зун ажлаасаа халагдчихсан тул гэр бүлийнх нь санхүүгийн байдал дордож, хүссэн хуримаа хийж чадахгүйд хүрчээ. Тиймээс ямар ч байсан гэр бүл болсноо сарын сайн өдөр албан ёсоор тэмдэглэх хэрэгтэй гээд ойр дотныхонтойгоо ёслох гэж буй аж.
Залуу хосууд шинэ байр, гэрийн найрыг хуримтайгаа хамтатгаад цомхон хүрээнд ёслохыг илүүд үзэх болсон гэнэ. Намрын намарт Гэрлэх ёслолын ордны өргөх шахдаг сүр дуулиантай хуримын зарууд өнөө жил хямралаас болоод нэлээд татарсан гэдэг ортой аж.
14 хоног тутам алгасалгүй гоо сайхны газарт орж, арьсандаа анхаарал тавьдаг байсан эгч минь одоо өөрөө өөртөө гоо сайханч болчихсон, гэртээ янз бүрийн юм хольж хутгаад сууж байгаа. Ямар ч үед өөрөөсөө гар татахгүй гэсэн хатуу зарчимтай эгчийн минь амьдралд хямрал ийн “монголчлогдож” буусан юм.
Хөдөө амьдардаг малчин ах минь хүртэл олон жил үнэнчээр нөхөрлөсөн “найзаасаа” татгалзаж, тамхинд зарцуулдаг байсан мөнгөө одоо оюутан охиндоо бонус болгож илгээдэг болсон тухай эхнэр нь саймшран ярих нь соньхон. Бусад үед бол итгэмээргүй зүйл энэ билээ.
“Ойрхон газарт юу шалив гэж” хэмээн ажил, гэрийнхээ хооронд өглөө, оройгүй такси хөлөглөдөг байсан эхнэр, нөхөр хоёрыг сард унааны мөнгөнд хэдэн төгрөг зарцуулж буйгаа тооцоход хүргэсэн зүйл мөн л хямралаас үүдэлтэй.
Зөвхөн ажилдаа ирж, очихын тулд таксинд сард 240 мянган төгрөг төлдөг байсан тэд өдгөө смарт картаа тус бүр 30 мянгаар цэнэглээд л энэ зардлыг гурав дахин багасгаж болохыг мэдсэн. Тиймээс төрийн албан хаагч гэдэг нэр нүүрээ “ширлэн” нийтийн тээврийн үнэнч үйлчлүүлэгчид болсондоо ичдэггүй.
Энэ талаас нь өөдрөгөөр харвал эдийн засгийн эгзэгтэй нөхцөл байдал бидэнд амьдралын том сургамж өгч байх шиг. Харин энэ тэвчээрээр багахан шиг тоглоосой гэж эрх мэдэлтнүүдээс хүсмээр байна.
Л.ГАНЧИМЭГ
ИНФОГРАФИК

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
С.ЧОЙНОРОВ: Барилгын салбарынхан гадаадаас ажиллах хүч авах захиалгаа 40 хувиар багасгасан
Эдийн засгийн хямрал хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа бол. Энэ тухай Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирал С.Чойноровоос тодрууллаа.
-Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо хэд байгаа вэ. Энэ нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хэр байгаа бэ?
-Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системд энэ оны эхний найман сарын байдлаар 43.200 иргэн бүртгүүлж, ажил идэвхтэй хайж байгаагаас 30.400 нь бүртгэлтэй ажилгүйчүүд байна. Үлдсэн нь одоо эрхэлж буй ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох зорилгоор бүртгүүлсэн хүмүүс.
Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо огцом өсөөгүй. 30.400 бүртгэлтэй ажилгүй иргэн гэдэг бол өмнөх жилүүдтэй харьцуулахад 5-10 хувиар өссөн үзүүлэлт. Харин ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлдэг сул ажлын байрны орон тоо өмнөх хоёр жилийг бодвол харьцангуй цөөрсөн.
Түүнчлэн шинээр бий болсон ажлын байранд ажилтан авах захиалга нэлээд буурсан нь хөдөлмөрийн зах зээлд эрэлт багасаж байгааг илтгэнэ.
-Ажилгүйдэл хаана их байна вэ. Бас ямар салбарынхан голдуу ажилгүй болоод байгааг хэлж өгөөч?
-Ажилгүйдлийн түвшин хот, хөдөөд ерөнхийдөө ялгаагүй байна. Салбараар нь авч үзвэл үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, уул уурхайнхан ажилгүй болох эрсдэл хамгийн өндөр. Ялангуяа барилгын компаниудын үйл ажиллагаа нэлээд хумигдаж байгаа тул ажилгүй болсон хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор барилгын салбарынхан гадаадаас ажиллах хүч авах захиалгаа 40 гаруй хувиар багасгачихлаа. Ингэснээр тэдгээр компанийн гадаад ажилчдын ажлын байрны төлбөрөөс санхүүждэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого дагаад илт буурчихаж байгаа юм. Энэ сангийн орлого бага байна гэдэг нь эргээд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, чанар, хүртээмж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
Хөдөлмөрийн зах зээл бие биенээсээ харилцан хамааралтай байдаг учраас нэг нь хямрахад дагаад бусад нь доголддог. Жишээ нь, ажилгүй болсон иргэд хувиараа бичил бизнес эрхэлье гээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авах сонирхолтой болсон.
Гэвч бидний санхүүгийн боломж тааруу. Арай гэж зээл аваад үйлдвэрлэлээ явуулахаар бүтээгдэхүүнийг нь худалдан авах хүн ховордчихоод байна.
-Солонгост гурван сарын визээр очиж, тэндээ “харлаад” ч хамаагүй ажиллах сонирхолтой хүмүүс нэмэгдсэн гэсэн. Энэ хүмүүсийн талаарх тоо баримт судалгаа танайд бий юү?
-Манайд яг энэ талын судалгаа байдаггүй. Явсан хүмүүсийн хэдэн хувь нь эргэж ирдэг, хэд нь үлддэг гэх мэт мэдээлэл хоёр талын ЭСЯ-нд л байдаг. Монголчууд Солонгос руу явж ажиллах сонирхолтой болсон нь үнэн.
Гэхдээ хаа сайгүй эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа учраас солонгосчууд ч бас гадаадаас авах ажиллах хүчний тоог бууруулах бодлого баримталж байгаа. БНСУ өмнө нь манайхаас хөдөлмөрийн гэрээгээр 1500-2000 хүн авдаг байсан бол энэ жил дээд тал нь 900-гаар квот тогтоосон.
Гэтэл манайхан тийшээ явах сонирхолтой байдаг. Ийм л урвуу хамааралтай болчихлоо.
Л.ГАНЧИМЭГ
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Эдийн засгийн хямрал танд яаж нөлөөлж байна вэ?
Н.БАЯРАА (Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн):
-Би энэ жил 60 нас хүрч байна. 130 мянган төгрөгийн групп тогтоолгосон. Тэр мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Арга ядахдаа шил, лааз түүгээд явж байна. Сүүлийн үед лааз түүдэг хүний тоо олширсон болохоор над шиг хөл муутай хүнд лааз ч олдохоо байлаа.
Нэг килограмм лаазыг 500 төгрөгөөр худалддаг. Түүнийг олох гэж өдөржин л хаа сайгүй явж байна. Энэ шуудайгаа (хүнсний ногооны шуудай) дүүргэчихвэл 1000 төгрөгтэй болдог юм. Тэгэхдээ би дүүргэж чаддаггүй. Дүүргэсэн ч суга таягтай болохоор даахгүйн зовлон байх юм.
Ө.ТУУЛ (Баянгол дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч):
-Би насаараа багшилсан хүн. Төмөр замын 51 дүгээр сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. 280 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Охиндоо тэтгэврийн зээл аваад өгчихсөн болохоор бүтэн жил тэтгэврийн бараа харсангүй.
Гэхдээ эзэмшсэн мэргэжил, дадлага туршлагынхаа ачаар өдөр өнжүүлэх ажиллуулж байгаа. Өдрийн 15 мянган төгрөгөөр бага ангийн хүүхдийн хичээл давтуулдаг. Түүгээрээ л амь зууж байна. Гэхдээ зарим эцэг эх “Дараа өгье, энэ сард боломжгүй болчихлоо” гээд жаахан хэцүү л байгаа. Гэсэн ч амьдрал ийм байгаагаас хойш яалтай ч билээ гээд зарим айлын хүүхдийг “зээлээр” сургаж байна даа.
Б.ЦЭНД-АЮУШ (Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны оршин суугч):
-Би энд 10 гаруй жил зогсон жимс, ногоо зарж байна. Өмнө нь өдөрт 250 мянган төгрөгийн орлого олоод, түүнийхээ 200 мянгаар нь бараагаа аваад үлдсэн нь цэвэр ашиг болдог байлаа. Гэтэл одоо 100 мянган төгрөгөөр бараа татаад түүнийгээ зарж чадахгүй гурав хонож байна.
Тэгэхээр иргэдийн худалдан авах чадамж яаж доройтсон нь харагдаж байгаа биз дээ. Мөн олон жил нэг газарт худалдаа хийсэн болохоор байнгын үйлчлүүлэгч олонтой байлаа. Гэтэл сүүлийн нэг жилийн дотор тэдний маань тэн хагас нь алга болсон.
Хүмүүс урьд нэрс, аньс, хад зэрэг жимснээс 5-10 кг-аар авдаг байсан бол одоо хамгийн ихдээ л нэг кг-ыг авч байна. Үнэндээ хоногийн хоолоо аргацааж байгаа хүмүүс ямар мөнгөөрөө жимс авч идэх вэ дээ. Би уг нь үдийн цайндаа 4000 төгрөгөөр нэг таваг хоол авч иддэг байсан юм.
Одоо бол бууз, хуушуур л идэж байна. Орлого гайгүй байсан зарим өдөр үнэтэй хоол идчихвэл маргааш нь ширхгийн хоол идэж “шархаа нөхнө” шүү дээ.
Б.БАЯСГАА (Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны оршин суугч):
-Энэ хямрал гээч чинь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, орлого багатай хүмүүст л илүү нөлөөлж байна шүү дээ. Албан тушаалтай, баян хүмүүст бол нөлөөлөх ч үгүй байгаа биз. Би хаана, аль зах дээр хамгийн хямд бараа байна гээд л судлаад явж байна.
Өдөр тутамд бол бүсээ чангалаад болгодог. Цагаан сараар ууцны мах авна гэдэг давшгүй даваа болж. Амттан, тансаг хэрэглээг бол бүр мартсан. Уг нь нэг шуудай гурил, будаа авчих санаа байдаг юм. Даанч чадахгүй болохоор кг-аар нь авч байна.
Гэхдээ гр-аар авдаг хүмүүсийн дэргэд ч юм хэлэлтгүй ээ. Хамгийн сүүлд хэзээ хувцас авснаа ч санахгүй байна. Азаар хүү маань надтай ойролцоо биетэй болохоор тэрнийхээ хувцсыг дамжуулж өмсөөд л явна.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Дэлхийн хүн амын ТАЛ ХУВЬ НЬ ядуу амьдарч байна
Эдийн засгийн хямрал үүсэхэд хамгийн их хохирдог нь нийгмийн эмзэг давхарга болсон ядуучууд байдаг. Хүн төрөлхтний түүхээс харахад аль ч улсад, ямар ч цаг үед ядуучууд өлсөж, зовж, үхэж үрэгдэж иржээ. Ингэхэд ядуу хүн гэж хэнийг хэлэх вэ? Дэлхийн улс орнуудад амьжиргааны доод түвшинг тогтоосон хэмжээ байдаг бөгөөд энэ нь тухайн улс орны хөгжлөөс шалтгаалан өөр өөр байдаг.
Ядуурлын хэмжээ, түүнийг тодорхойлох аргыг баталсан бүтээлээрээ 1998 онд Нобелийн шагнал хүртсэн, Энэтхэгийн эдийн засагч Амартия Сен амьжиргааны доод түвшинг тогтооход тухайн улс оронд ядуурал гэдэг үгийг хэрхэн ойлгодгоос шалтгаалдаг гэж бичжээ.

Жишээ нь, АНУ-д хүнсний үнэ, гэр бүлийн гишүүдийн тооноос хамаарч, доод түвшинг тогтоодог бол Европын холбооны гишүүн орнуудад дунджаас 50 хувь бага орлоготой байхыг амьжиргааны доод түвшин гэж үздэг байна. Харин дэлхий нийтийн амьжиргааны доод түвшинг Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллага гаргадаг.
Дэлхийн банкнаас энэ сарын эхээр амьжиргааны доод түвшинг өдөрт 1.90 ам.доллар болгон нэмэгдүүлснээ зарласан. 1990 оноос хойш өдөрт нэг ам.долларын орлоготой бол ядуу гэж үздэг байсан юм. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ен Ким “Хүмүүсийн худалдан авах чадварын талаар хийсэн шинэ судалгааны дүнд бид ядуурлын хэмжээг өөрчилсөн” гэж мэдэгдсэн билээ.
Өдөрт 1.90 ам.доллар зарцуулах нь хүн амьд явахад хэрэгцээтэй хамгийн бага мөнгө гэсэн үг юм. Тэгвэл ийм хэмжээнд амьдарч байгаа хүн 2.5-3 тэрбум байна гэж Дэлхийн банкны судлаачид тооцжээ.
Харин өдөрт ганц доллар л зарцуулдаг буюу амьжиргааны доод түвшнээс доогуур амьдарч байгаа хэт ядуу хүн 1-1.2 тэрбум байгаа аж.
М.СУГАР-ЭРДЭНЭ
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА
Оройн хоолоо 2500 төгрөгөөр аргацаах айл олширчээ
Долоон буудал, Баянхошуу, Толгойтын алслагдсан хороодод амьдрал ямар байгааг сурвалжиллаа. Нийгмийн шилжилтийн хүнд үед ургамлын тос, элсэн чихэр, гурил, будааг граммаар худалддаг байв. Тэгвэл гэр хороололд энэ байдал хэдийнэ эргээд бий болжээ.
Долоон буудалд нийтийн байр олон. Тэнд нь гол төлөв оюутнууд амьдардаг аж. Ойролцоох дэлгүүрийн худалдагч нарын ярьж буйгаар бол “Дотно сэтгэл” гэх 500 төгрөгийн бэлэн гоймон хамгийн их борлогддог гэнэ.
Харин ариун цэврийн цаас, оймс, туузан цавуу, чихэр, жигнэмэг зэргийг дэлгүүрүүд нэмж татахаа хэдийнэ больж “Хөдөлгөөнгүй бараа” хэмээн нэрлэчихжээ. Энэ талаар Долоон буудлаас Дамбадаржаа орох замд байрлах нэгэн мухлагийн худалдагч “Ахуйн хэрэглээний барааг манайх татахаа болиод удаж байна. Уг нь наймдугаар сарын сүүлчээр овоо гүйлгээтэй байсан юм. Гэтэл одоо хумсны будаг авах хүн алга.
Чихэр, жигнэмэг ч ялгаагүй хөдөлгөөнгүй бараа болсон. Хаа нэг аав, ээжийгээ дагаж орж ирсэн хүүхдүүд уйлж, нэхэж байж л авахуулдаг болсон” гэв.
Гэр хороолол дунд байрлах жижиг дэлгүүрүүд ургамлын тосыг ч хэмжээс, зураастай хүүхдийн угжны саваар граммлан худалддаг аж. Тосныхоо үнээс шалтгаалаад 100 гр нь 350-400 төгрөг. Мөн 700-1000 төгрөгөөр 250-350 гр цагаан будаа жинлүүлж авах нь ихэсчээ.
Уг нь дэлгүүрүүд элсэн чихэр, будаа гэх мэтийг 500 гр болон нэг кг-аар л худалддаг байж. Гэтэл хүмүүс 1000 төгрөг барьж орж ирээд “Будаа авъя” гэхээр өгөхөөс өөр аргагүй болж байгаа тухай худалдагч нар хэлж байлаа.
Өнгөрсөн мягмар гариг (X/13)-ийн 21.00 цагийн орчимд Таван буудлын ойролцоох хүнсний дэлгүүрт хүмүүс юу худалдан авч буйг ажиглан 10 орчим минут зогслоо. Энэ хооронд гурван хүн орж ирсэн юм. Эхнийх нь тэнд суурьшаад удаж байгаа Туяа гэх эмэгтэй. Тэрбээр халааснаасаа 2600 төгрөг гаргаж, лангуу руу харан хэсэг зогссон юм.
Тэгээд дөрвөн ширхэг төмс, нэг ширхэг манжин, сонгино, уурагжуулсан гоймон нэг боодлыг авав. Энэ бүгд нийлээд 1650 төгрөг болов. Дараагийн хүн мөн хэдэн ширхэг төмс, жижиглэн жаахныг авлаа. Харин гурав дахь хүн лангуу руу хэсэг харж зогсоод, дэлгүүрт ажилладаг ээлжийн худалдагчийг сураглаад гарлаа.
Түүнийг гарсны дараа худалдагч “Зээлээр юм авах гээд намайг байгаа болохоор хэлэлгүй явчих шиг боллоо” гэж байсан юм. Тус дэлгүүрийн худалдагч “Бид иймэрхүү зүйлс жилийн өмнө зардаггүй байлаа. Гэвч хүмүүс сураглаад байдаг болохоор худалдан авагчдынхаа эрэлт хэрэгцээнд тохируулж л иймэрхүү бараа зардаг болж байна. Ер нь энэ хавьд оройн хоолоо 2500 төгрөгөөр аргалдаг айл олширч байгаа” гэсэн юм.
Чингэлтэй дүүргийн нутаг, завсрын буудлын ойролцоо оршдог “Наран” дэлгүүрийн худалдагч Буянаатай цөөн хором ярилцлаа.
-Хэзээнээс тос, будааг граммлаж зардаг болов?
-Энэ зунаас л ингэж зарж эхэллээ. Бид эхэндээ граммлаж байгаагүй. Гэвч хүмүүс байнга “Граммаар өгөх үү” гэж асуугаад байхаар нь бид орлогоо бодоод зарахаас өөр аргагүй болсон.
-Дэлгүүрүүдийн орлого огцом багассан гэж байна. Танай орлого ямар байна вэ?
-Ер нь огцом буурсан. Өдийд (оройн 22.00 цаг) хүмүүс арзганаж байдаг байсан. Цаг явж байгааг ч анзааралгүй нэг мэдэхэд л 00.00 цаг болгодог байлаа. Гэтэл одоо хүн орж ирэхийг хүлээгээд л суудаг боллоо. Орж ирж байгаа ганц нэг хүн нь “Зээлээр авъя” гэдэг. Хүн бүрт зээл өгвөл бид өөрсдөө үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно шүү дээ.
Олон жил үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрүүд ойр хавийнхаа оршин суугчдаас зээлийн барьцаанд иргэний болон жолооны үнэмлэх авсаар цаасан хайрцаг дүүрчээ. Зээл авсан хүмүүсийн нэрсийн жагсаалттай зузаан дэвтрүүд ч байв. Эхэндээ тэд барьцаанд гар утас авдаг байсан ч больсон гэнэ. Эзэд нь эргээд авдаггүй болохоор тэр аж. Мөн мөнгөн аяга, пиджак хүртэл барьцаанд авснаа харуулах худалдагч олон таарав.
32-ын тойргийн ойролцоох нэгэн дэлгүүрт орлоо. Цемент зөөдөг бололтой үс, нүүр нь цагаан шохой болсон хүүхэд орж ирэв. Худалдагчтай ярихыг сонсох нь ээ оюутан боловч төлбөрийн мөнгөгүйгээс болоод сургуульдаа явахгүй байгаа аж. Тэрээр “Эгч ээ, нэг том “Fuze tea” зээлээч. 15-нд цалингаа буухаар өгье” гэж гуйсаар авав.
Дүүдээ өгөхөөр нэмээд нэг жигнэмэг зээлье гэсэн боловч худалдагч татгалзав. Дараа нь нэг эмэгтэй орж ирээд “Минийх хэд болж байна. Дээр нь талх, боорцог нэмчихье” гэв. Худалдагч эмэгтэй өрийн зузаан дэвтэр гаргаж ирээд “9100 төгрөг байна. Талх, боорцог өнөөдөр ирээгүй ээ” гээд эмэгтэйг хоосон буцаалаа.
Хуягаа хэмээн өөрийгөө танилцуулсан ах гурван хүүхэд, эхнэр, ээжтэйгээ амьдардаг гэнэ. Элс, хайрга ачиж гэрээ тэжээдэг аж. Гэвч сүүлийн үед ажил нь зогсонги байдалд орж, хоногийн хоолоо аргацааж чадахгүйд хүрчээ. Тэрбээр “Хямрал бидэн шиг хүмүүст өнгөрсөн жилийн сүүлчээс мэдэгдэж эхэлсэн. Гэхдээ өнгөрсөн онд арай ингэж бүх зүйлээ ломбарданд барьцаалж, хоолгүй хонохдоо тулж байгаагүй. Цагаан сарын дараагаас л хямрал огцом мэдэгдэж эхэллээ. Сүүлийн гурван сар ёстой хүнд байдалд амьдарлаа” гэсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн V дугаар хороо буюу Баянхошуунд байрлах “Баяндэлгэр” дэлгүүрийн лангуун дээр нэг кг-аар савласан гурил, будаа болон 100 граммыг нь 300 төгрөгөөр худалдаж буй дундуур савтай ургамлын тос, ойр зуурын хүнсний ногоо, угаалгын нунтаг, саван зэрэг тоотой хэдхэн бараа өрсөн харагдана.
Түүнчлэн урд хөршийнхний үйлдвэрлэсэн 100, 200 төгрөгийн үнэтэй чихэр, гаа, бохь болон дүрдэг цай ширхгийг нь 150 төгрөгөөр худалдаж байв. Тэднийхээс нэг буудал орчим зайтай байх “Тамир” дэлгүүрийн бараа арай олон төрөл ч үйлчлүүлэгч ер байсангүй. Худалдагч С.Төртогтох “Дэлгүүр ажиллуулаад зургаан жил болж байна.
Орой 7-8 цагийн үед л хүн арай ихэснэ. Ер нь ноднин намраас хүмүүсийн худалдан авах чадвар эрс муудсан, хавраас эхлэн “нойл” заачихлаа. Ямар сайндаа хүнгүй болохоор ач, зээгээ хараад сууж байгаа минь энэ” гэлээ. Энд олон жил болсон учир ойр хавийнх нь хүмүүс түүнийг андахгүй болж, зээлээр бараа, бүтээгдэхүүн их авдаг юм байна.
Цаашаа нэлээн хэдэн буудал яваад тус дүүргийн IX хороо буюу Зүүн салаанд очлоо. “Алтанзагас-Уул” дэлгүүрт байдал яг л адил. Н.Мөнгөнчимэг дэлгүүр ажиллуулаад хоёр сар болж байгаа гэнэ. Энэ хугацаанд орлого нь улам муудсаар байгаа аж. Тэрбээр “Хүмүүс ихэвчлэн өдөр өдрөөр л хүнсээ бэлдэж байна.
Жишээлбэл, ганц ширхэг сонгино, гурав дөрвөн төмс, нэг кг гурил, будаа л авдаг юм. Цалингаа буух үеэр арай ахиухныг авах гээд зах руу явчихдаг” хэмээв. Тэдний дэлгүүрт 400-500 гр-ын савалгаатай махан болон цувдайны таташ нэлээд байлаа.
Хүмүүс их хэмжээгээр махаа авч чадахгүй учир өдөр, өдрөөр таташ авдаг байна. Мөн хонь, ямааны толгойн махан таташ, таван цулын холимог хурдан дуусдаг ажээ. Үнийн хувьд таташ 1000-1500, таван цулын холимог 600 төгрөг. Худалдан авах боломжит үнэ нь энэ.
IX хорооны иргэн Д.Цогзолмаа “Дундаж орлоготой хүмүүс доод түвшиндээ очлоо шүү дээ. Цалин нэмэхгүй, өргөн хэрэглээний бараа, түлээ түлшний үнэ өсөөд байдаг, яаж амьдрах юм бэ? Төр, засгийнхан ажлаа хийж чадахгүй байна. Өөрсдөө л идэж уухаас ард түмнээ бодохгүй юм даа. Айл хөршүүд нэг нэгнээсээ давс, сонгино гуйх нь энүүхэнд” гэж халаглав.
Автобусны буудлын ойролцоох хоёрдогч түүхий эдийн чингэлэгт очиход Д.Алтангэрэл “Монгол Улс хөгжлөө, хөгжлөө л гэнэ. Өндөр барилга бариад, олон төрлийн машин орж ирлээ гээд үнэндээ хөгжсөн юм алга. Энэ чинь бүгд л банкны өр.
Монголчууд том, багагүй өрийн гинжин хэлхээнд орчихлоо. Улсаа хөгжүүлье гэвэл үйлдвэртэй л болох хэрэгтэй. Бид ажиллахад бэлэн. Лааз, шил цуглуулж, олсон мөнгөөрөө талх, тал байцаа, цувдайхан авч л голоо зогоож байна даа. Ард түмэн тэнэг биш шүү, улс оронд юу болж байгааг мэднэ” хэмээн бухимдангуй суув.
Том шар шуудайгаа хуванцар саваар дүүргэсэн зузаан өмд, хүрэм өмссөн 60-65 орчим насны эмээ тэрэг түрсээр ирлээ. Тэрбээр шуудайтай саваа тушаачихаад, мөнгөний оронд мод авч, тэргэн дээрээ тавиад одов.
Г.БАЯРЦЭЦЭГ, Э.НАМУУН