Ипотекийн зээл ээ гэж. Энэ түүх нэлээд ярвигтай шүү. Орон сууцны найман хувийн хүүтэй зээл хөөцөлдөж, түүнийгээ бүтээнэ гэдэг өнөө цагт бол баатарлаг үйлс бүтээсэнтэй агаар нэг учраас тэр. Найман хувийн зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн нас зүс, орлого зарлага, удам судрыг нь харгалзаж үзээд байдгийн учрыг өөрөө энэхүү түүхийн гэрч болохдоо сайтар ухаарлаа.
Дээд, доод гурван үеэрээ бүгд “мөчөө тоолуулах” шахам байж залхмаар олон шат дамжлагынх нь ард гарсан баатарлаг үйлстэний нэг нь би биеэрээ байна. Өөрийн хэрэг бүтчихээр “Наадах чинь дэмий эд байна лээ” гэж бусдынхаа горьдлого найдвар, урам зоригийг мохоох гэсэнгүй. Орон сууц хэмээх жаргалын оронд тохь тухтай, сэтгэл тэнүүн амьдрахыг хүсдэггүй хүн ховор. Олон монгол гэр бүлийн мөрөөдөл өдгөө орон сууцтай болох төдийгөөр хязгаарлагдаж байгаа нь ч үнэн.
Биелшгүй холын зүүд мэт байсан энэ мөрөөдөлдөө нэг биш, нэлээд хэдэн алхам ойртох итгэл найдвар өгсөн зүйл нь Засгийн газраас иргэддээ жилийн найман хувийн хүүтэй зээлээр байртай болох боломж олгосон явдал. Гэхдээ өнөөдрийн бодит нөхц өл байдлаас харахад эл журмыг хэрэгжүүлэх доод, дунд шатныхан иргэдийн хүсэл мөрөөдлөөр тохуурхан “Надад гоё чихэр байна даа. Авах уу даа, чадах уу даа” хэмээн нэгнийхээ хорхойг хөдөлгөн, байж ядтал нь горьдоодог хүүхд үүдийн шоглоом шиг юм болгочихож. Бодит байдалтай танилц.
Найман хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй эрхэм та нэн тэргүүнд нас залуу, цус шингэн байхгүй бол банкныхны болгоомжлоод буй шиг нөгөө ертөнцөд очдоггүй юм аа гэхэд гэр, банк, ажил... гээд үргэлжлэх их явдлын аяыг даалгүй наана нь цус харвах тун магадлалтай. Давхар давхар эрсдэлээс сэргийлсэндээ л банкныхан тэгж амнаас чангааж, араа шүдийг минь тоолох нь холгүй болдог юм билээ, хөөрхийс. 25-ны минь агт араа ургаад дөрвөн жил болж байгаа тулдаа би ч аль алинаас нь холуур өнгөрлөө. Гурав дахь банкныхаа эдийн засагчтай уулзахад “Ийм материалууд бүрдүүлээд хүрээд ир, судалж үзье” гэсэн юм. Энэ бол ижил тэнгэртэйд нь судлагдаж, илүү тэнгэртэйд нь олддог болсон гэх найман хувийн хүүтэй зээлийн хувьд юу гэсэн үг болохыг мэдэх учраас баярлаад л гарч өглөө. Хажуугийн эдийн засагчтай уулзаж суугаа 50 орчим насны ахын хувьд харин байдал эвгүйтжээ. “Удахгүй хаашаа явахаа өөрөө сайн мэдэж байж ингэж ажил удаж яах нь вэ дээ” гэсэн харцаар эдийн засагч бүсгүй тэр хүнийг сүлбэх нь зүрхэнд шар ус хуруулна.
Эдийн засагчийн хэлснээр баахан материал бүрдүүлээд дөрөв хоногийн дараа буцаж очихдоо зээл хүсэгч санхүүгийн хэр зэрэг чадамжтай нэгэн болохоо батлахын зэрэгцээ удам сайт мөн үү, биш үү гэдгээ тайлагнах хэрэгтэйг ухаарав. Учир нь орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувиа хэрхэн бүрдүүлж, төлснөө нотлох лут ажил намайг хүлээж байжээ. За, энэ даваа л олон хүнийг бүдрүүлдэг бэрх шалгуур байгаа юм даа. 30 хувийн урьдчилгаагаа хаанаас яаж олсноо банкны ажилтанд батлахын тулд харганы ноос түүж, эсгий хийхийн үлгэр шиг юм болж, олсноосоо илүү зовчихоод эцэст нь бүтэлгүйтсэн хүмүүс захаас аваад өчнөөн болохоор би ч бас эмээж байлаа. Ямар зүсмийн, хэдэн насны, хэчнээн тооны малаа хэзээ, хэнд зарснаа, хэрэв махалсан бол хаанахын хэн гэдэг ченжид хэзээ, хэдээр яажшуухан өгснөө батлах гэж хот, хөдөөгийн хооронд жим гартал шогшсон найз минь эцэст нь олж авсан алга дарам цаасаа нотариатаар баталгаажуулах гэж чамгүй зүдэрсэн юм даг.
Гэхдээ буурлын буянаар нөхөр бид хоёрын хувьд энэ давааг нэг их ажралгүй давсан л даа. Урьдчилгаа мөнгөний дийлэнхийг гаргаж өгсөн эмээ маань өргөдлөө бариад нотариатч хүүхэн дээр очихдоо “Та нар хөөрхий хүүхдүүдэд яасан их чирэгдэл учруулдаг юм. Өөрийн гэсэн орон байртай болох гэж буй ач хүүдээ эмээ нь яагаад хураасан хэдэн төгрөгөө өгч болохгүй гэж. Шаардлагатай гэвэл дахиад ч мөнгө өгөхөд бэлэн” хэмээн даналзсан гэж байгаа. Эмээгийнхээ ачаар банкин дээр ч гэсэн бид нүүр бардам, том амьтад очив оо. Тэгсэн тэр өдөр 260 сая төгрөгийн байр авах гээд урьдчилгаа 78 саяа бэлнээр тушаахаар зогсож байсан эмэгтэйтэй таараад бид сэтгэлээр унав. 60 саяын үнэтэй байранд орохын тулд 20 хүрэхгүй сая НАЙМАН ХУВЬ залхаан цээрлүүлэх ажиллагаа буюу Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Барилгын компани ТҮЦ машин ШШГЕГ төгрөгийн урьдчилгаан дээр хошин шог тоглохоос наахнуур будилж яваа бид бол энэ зах зээлд үнэндээ л жижиг гарын “тоглогчид” юм билээ. Томчуудын өмнө хүн ч, мөнгө ч бөхийдөг бололтой, бидний хөөцөлдсөн ажил дундаа ороогүй шахам байхад тэр эгчид найман хувийн зээл өгчихсөн байсан юм. Банкны зээлийн эдийн засагч “Таны зээлийг ажлын тав хоногт судлаад хариу өгнө” гэчихсэн чинь цаг хугацаа зогссон мэт урагшилдаггүй. Болзсон өдөр нь ч өнгөрлөө. Улам их түгшиж байтал маргааш нь ашгүй нэг утасдав. “Хоёр шатны зээлийн хороогоор хэлэлцээд танайд зээл олгож болно гэж үзлээ” гэсэн хариу сонсоод ямар их баярлав аа. Тэгсэн бидний хэдэн бадарчин баярлах арай эрт байсан юм билээ.
Тэр дор нь гүйж очоод түлхүүрээ авчих юм шиг санасныг яана. Гэтэл банкнаас зээл олгож болохын баталгаа гэх нэг хуудас цаас өгснийг нь байраа зарах барилгын компанийн ажилтанд аваачиж үзүүлтэл “Дахиад ийм ийм бичиг баримт нэмж бүрдүүлээд дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар луу явуулна” гэж урамгүй царайлав. Ингээд өнөөх бичиг баримтууд маань дүүрэг рүү “цөлөгдөөд” 12 хоног таг болчихдог байгаа. “Ажлын долоо хоногт багтаж гэрчилгээ чинь гарна” гэсэн учраас арга буюу өөрсдөө яваад очтол улсын бүртгэгч нь бичилт хийгээгүй байвал яах вэ. Хэрэв таны аз таараад, дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт танилтай бол гэрчилгээ чинь өдөртөө л гардаг гэнэ. Танилгүй ч байсан золоор танд ажлаа мэддэг, үйлчлүүлэгчийн төлөө гэсэн сэтгэлтэй бүртгэлийн ажилтан таарвал хугацаа хожимдуулсан гэмээ наминчлаад тавхан минутын дотор гэрчилгээг чинь бичээд гаргаад өгнө. Харин ажлаа мэдэхгүй байж ам, ааш хоёр нь түрүүлээд байдаг бүртгэгч таарчихвал “Маргааш ир”, “Цайны цагийн дараа бол” гэх мэт ёозгүй үгсээр утуулаад, будаа.
Гэрчилгээгээ аваад банкинд очтол заавал лавлагаа авчир гэв. Өнөөхийг нь ТҮЦ машинаас авахын тулд дахиад гурав хоног хүлээх хэрэгтэй болох нь тэр. Эсвэл дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт өргөдөл бичээд нэг хоногт яаралтайгаар гаргуулбал 10.000 төгрөг төлөх учиртай аж. Надад өөр байр байхгүй гэдгээ нотлохын тулд мөн л энэ дарааллаар явсан юм. Мэдээж хэд хоногийн өмнө ч болов байрандаа оръё гэсэн хүмүүс хоёр дахь хувилбарыг сонгох нь тодорхой. Ингээд “үйлийн үртэй” цэнхэр хавтсаа бариад дахин банк руу гэлдрэв. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хоёр ч төрлийн даатгалд даатгуулсны эцэст тус банктай хамтран ажилладаг гэх нэгэн нотариатчийг зорилоо. Заавал тэнд нь гэрээгээ баталгаажуулахгүй бол хүчин төгөлдөр бус юм байх аа. Ийм төрлийн нотариатын баталгаа гаргах тоолондоо 50 мянган төгрөг халаасалдаг эгч малилзтал инээгээд угтах нь үнэндээ сэтгэл санаа сэргээх бус, харин ч тавлаж байх шиг санагдсаныг нуух юун.
Ямартай ч нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан нотариатчийн зөвлөснөөр дахиад дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар луу явах шаардлагатай боллоо. Түлхүүрийг нь ч гартаа барьж үзээгүй байраа ийнхүү банкны барьцаанд “тавьснаа” бүртгүүлэх ёстой гэнэ. Яаралтай бүртгүүлэхийн тулд 37.900 төгрөг төлж байгаа юм шүү, бас. Ийнхүү банк, барилгын компани, дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, нотариат гэсэн маршрутаар сар шахам амьсгаа дээгүүр гүйсний эцэст бүх зүйлээ бүтээгээд банкны эдийн засагчтай уулзахаар очлоо. Нөхөр бид хоёр тоймгүй олон бичиг цаасан дээр ээлжлээд гарын үсгээ зураад л байлаа. Нохойн дуу ойртсоны тэмдэг юм уу, эдийн засагчтайгаа гурвуул банкны салбарын захиралтай уулзахаар болов.
Захирал эмэгтэй бичиг баримтуудыг нягталж, гарын үсэг зурах үедээ “Энэ бол эцсийн шийдвэр биш шүү. Танайхыг найман хувийн хүүтэй зээлд хамруулах, эсэхийг эцэслэн шийдэх газар нь Монголын ипотекийн корпорац буюу МИК” гэж палхийтэл хэлдэг байгаа. Дотор харанхуйлаад л явчихсан. Даралт ихтэй хүн бол тэр дороо харвачихмаар ийм таагүй мэдээг тийм тайвнаар хэлэх нь бүр ч егөөтэй. “Гэхдээ бид энэ графикийнхаа дагуу зээлээ төлөөд явна биз дээ. Гурван сарын дараа МИК зөвшөөрөхгүй гэчихвэл яах вэ” гэж эдийн засагчаас царайчлангуй асуулаа. Мань хүн “Санаа зоволтгүй ээ. МИК-ийн шийдвэр манайхаас нэг их зөрдөггүй юм. Юутай ч танайх энэ графикийн дагуу зээлээ төлөөд явж бай” гэсэн нь сэтгэл жаахан тайвшруулав. Гэхдээ л айдас сэтгэлд хургасаар.
Сүүлчийн гарын үсгийг захирал мутарласнаар банкнаас найман хувийн зээл бадарласан түүх маань төгснө гэж итгэж байсан юм, бид. Одоо харин түгшүүр дахиад 90 хоног үргэлжлэх нь. Гэвч найдвар хамгийн сүүлд бөхдөг учраас итгэлээ алдахгүй ээ. Хэдийгээр банк өгсөн зээлийнхээ нэг хувийг шимтгэл гээд гол гонсойтол суутгах нь халагламаар ч шинэ байрныхаа түлхүүрийг авчихсан хойно учиртай. Ээ халаг, ингэхэд нээрээ удахгүй бас дахиад нэгэн шинэ “түүх” эхэлнэ шүү дээ. Орон сууцны зээлд хамрагдсан иргэд татварын хөнгөлөлт эдлэхийн тулд дээрх дарааллаар бүхнийг дахиад эхнээс нь хөөцөлдөх хэрэгтэй болдог юм гэсэн. Урьдчилгаа төлбөрийн 30 хувиа хэрхэн бүрдүүлсэн бэ гэдэг асуудал энэ удаад бүр ч ноцтойгоор “босож” ирэх нигууртай. Учир нь тэр 30 хувийг улсад татвар төлсөн мөнгөөр бүрдүүлсэн байх ёстой.